Өнгөрөгч баяр, амралтын /2019.03.08-10/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 5 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна. Түүнчлэн төмөр замын гарам дээр ноцтой хоёр осол гарч, хоёр хүний амь нас хохирчээ. Уг ослууд нь явган зорчигч дайрагдах хэлбэрээр гарсан осол эзэлж байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 17.4 дэх хэсэгт “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэсэн заалт нэмж тусгасан байдаг. Төмөр замын гарам дээр гарсан осол: 2019.03.08-ны өдөр 21:00 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг Төмөр замын 467-р км-н 4-р зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суух, 54 настай, эмэгтэй Д дайрагдаж амь насаа алдсан, мөн Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашин гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р галт тэргэнд мөргүүлсэн ба галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тул ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна.
Иймд явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөгөөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 19 нь мөргөлдөх хэлбэрээр, онхолдох хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Тухайлбал: 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн. ХУД-ийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан 2,3,6 настай 3 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна. Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.08/ бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ТЦА