Энэ удаагийн “Уншигч-сурвалжлагч” буландаа Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, “Харанга” хамтлагийн аргил гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатыг урилаа. Чука чамбай сурвалжлагч аж.
-Энэ сайхан өдөр Сувдаа эгчтэйгээ “Өнөөдөр” сонины ярилцлагад хамт оролцож буйдаа баяртай байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр ойртсон учраас таныг онцолж урьсан юм. Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Бага, балчир, хөөрхөн охин байх үеийн дурсамжаас тань яриагаа эхэлье. Гэрээр тань жүжигчид холхиж байсан, эрдэмтэн профессорууд орж гарч байсан бага насныхаа тухай дурсаач?
-Миний бага нас одоо үеийн хүүхдүүдийнхээс нэг их ялгарахгүй дээ. Хотын унаган хүүхэд. Одоогийн Соёлын төв өргөөний буурин дээр ДБЭТ-ын ард цэцэрлэг маань байсан. Тэр үеийг санахаар кино, жүжиг их үзүүлж, цасан охин болгож, урлаг руу хазайх эхлэлийг минь тавьсан болов уу гэж боддог. Х.Чойбалсан гуайн хөшөөний урдхан талын хоёрдугаар сургуульд суралцсан. Гэр МУИС-ийн ард, сургууль урд байлаа. Бусад хүүхдийн адил дугуйланд хамрагдан сургууль, гэрийн хооронд гүйж бага насаа өнгөрүүлсэн дээ.
-Би бас хотын унаган хүүхэд. Бага тойргийнх. Та бид хоёр нэг газрын хүүхдүүд байж. Манайх Барилгачдын соёлын ордны 106 айлын байранд байлаа. Та сургуульдаа бүлгийн зөвлөлийн дарга ч юм уу ямар нэг гуншинтай байсан уу?
-Нэг их дарга хийж явсангүй. Ерөнхийдөө сургуулийн бүжигчин хийж, урлаг тал руугаа явдаг байсан. Арван жилийн сургуульд Цээсрэг гэж хөгжмийн багш байв. Тэрбээр хөгжмөө ч заана, концертоо ч найруулна. Пионерын ордон анхны элсэлтээ авахад аав, ээж намайг бүжгийн дугуйланд оруулсан түүхтэй. Цээсрэг багш намайг бүжиглүүлэхийн тулд гэрт ирж буурайгаас зөвшөөрөл авна. Учир нь буурай маань тэр бүр явуулдаггүй байлаа. Багш гэрт ирэхээр буурай “Би бүжигчин, жүжигчин болгох гэж хүүхдээ танай дугуйланд өгөөгүй” гэдэг сэн. Тэгээд гуйж, гуйж л авч явна. Тэр үед пионерын байгууллагын 40 жилийн ой тохиож 1000 хүүхдийн концерт зохион байгууллаа. Л.Ванган гуай найруулж, хот хөдөөгийн авьяастай хүүхдүүдийг оруулсан.
-Та жүжигчин биш, бүжигчин байж. Бүжигчин охинд Мартын 8-нд бэлэг их ирдэг байсан уу?
-Москвад мэргэжлийн сургууль төгссөн хойноо л жүжигчин болох гараагаа эхэлсэн. Тэр болтол бүжигчин байсан. Жавзан, Жавзмаа, Нэргүй, Гүрбазар нарын мундаг багштай байлаа. Пионерын ордны бүжгийн дугуйланд анх элсэхэд Тонтор, Нэргүй нар маань хүлээж авсан. “Аз жаргалын эрэлд” гээд дуулалт жүжгийг Пионерын ордонд тавьж байсан. Отгон гавьяат жаахан охин байхдаа дуулж, би бүжиглэдэг байсан юм. Москвад Кино урлагийн дээд сургуулийг төгсөж ирээд л эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн. Орост Мартын 8-ныг нэг их сүртэй тэмдэглэж байсангүй. Охидод шоколад, цэцэг өгч даруухан тэмдэглэдэг байсан.
-Сургуульд байхад Мартын 8-нд нэг ширээний охиндоо заавал бэлэг дурсгал бэлдэж ирээрэй гэх үүргийг багш нар хөвгүүдэд өгдөг байлаа.
-Ил захидал дээр юм бичээд өгдөг байсан уу?
-Яг тийм. Өөрсдийнхөө санаагаар янз бүрийн үг бичээд л дурсгадаг байсан. Цэргийн баяраар охид маань хөвгүүдэд бэлэг өгдөг. Сувдаа эгчийн алдар цууг мэдэхгүй хэн байх вэ. Би гоё хүүхэд нас, оюутан ахуй үе, хотын тухай л голчилж яримаар байна. Тэр үеийнхэн эмэгтэй хүнийг хэрхэн хүндэтгэж үздэг байсан тухай яриач.
-Танай гэрийн хажууд Барилгачдын соёлын ордон байсан даа. Одоо СУИС-ийн суурь. Тэнд нийтийн бүжиг болдог байсныг санаж байна уу. Бас Ардын дуу бүжгийн чуулгын Цэнхэр танхимд бүжиг болно. Ээж тэр чуулгын уран сайхны удирдагч байсан. Би Цэнхэр танхимын хоёрдугаар давхрын хэсгээс бүжигчдийг харж зогсдог байлаа. Гутлаа тослоогүй, хувцсаа угаагаагүй, өмдөө индүүдээгүй хүн бүжгийн танхим руу зүглэдэггүй байсан үе. Миний авга ах С.Цэрэнжав бүжгэнд их хорхойтой. Телевизэд насаараа ажиллаж, дууны найруулагч хийж байгаад бурхан болсон доо. Ээж нь буюу миний буурай бүжгэнд явуулахгүй. “Чи дүү нараа хар, гэрийн ажлаа хий” гэдэг сэн. Ах бүжгэнд явахын тулд өглөөнөөс авхуулаад гэр цэвэрлэнэ. Хажуугаар нь өөрийгөө бэлддэг. Дээрээс нь мөнгө олох хэрэг гарна. Тэгээд дүү, бид хэдийг мөнгө олоорой гэнэ.
-Тасалбар гурван төгрөг байсан, тийм үү?
-С.Цэрэнжав ах өөрөө бүжгэнд орохоос гадна найз охиноо дааж орох хэрэгтэй. Бас бүжгийн дундуур улаан усаа ууна. Би дүү нартайгаа тэр мөнгийг нь олох гээд ээж, аавын халаасыг ухдаг байлаа шүү дээ. Дэл сул үлдсэн задгай мөнгө, хариулт нэг төгрөгийг юу ч үгүй хамж цуглуулна. Өөрийгөө үнэлүүлэх гээд л гэрийн ажил хийж буй ах маань дүү бид хоёрыг тасалбар аваад ир гэж гуйна. Жаахан хүүхдэд тасалбар зарахгүй. Тэгэхээр нь би ахын малгайг духдуулж, захаа босгож өмсөөд, бүдүүн хоолойгоор ярьж, тасалбар авдаг байлаа. Ах өдөржин бэлдэж, бүжгийн цаг болохтой зэрэгцээд гялс гээд л алга болно. Өнөө буурай “Хөөе Цэрэнжав аа” гээд л хашхираад үлдэнэ. Бүжгэнд явах гэж тэгж их хорхойсдог байж.
-Манай хадам ээж оюутан болж, хотод ирээд бүжгийн донтой болсон тухайгаа ярьдаг юм. Амралтын өдөр болонгуут хувцсаа бааданд хийгээд, гадаа нуучихдаг байсан гэсэн. Гэрийнхэн нь явуулахгүй болохоор “Түлээ оруулъя” гэж хэлж гараад бүжиг рүү гүйдэг байсан гэдэг. Би 1973 оноос Барилгачдын соёлын ордонд хөгжимчин хийсэн. Л.Балхжавын аав Соёлын ордны хөгжмийн дарга байлаа. Хүүхэд байхдаа Пионерын ордны хашаан дээр болжмор аятай суучихаад хөгжим сонсож, бүжиглэж байгаа хүмүүсийг харж, хэдэн ч цаг хамаагүй сууна. Хүмүүс завсарлагаанаар гарч ундаа ууна, бууз иднэ. Сувдаа эгчийн хэлдгээр тэнд хир үнэртүүлнэ, муухай хувцас өмсөнө гэж байхгүй. Тэр үед Шура гээд бүжигчин эгч байлаа. Тэрбээр хөгжмийн хэмнэл маш сайн мэддэг. Фоксрот 110-ын хэмнэлтэй явахгүй 120-иор явчихвал ирээд “Та нар 110 аа барь л даа” гээд зогсчихно. Маш олон хүнд бүжиг заасан даа, тэр эгч. Бидний бага нас ингэж л өнгөрсөн.
-Тийм сонихон, хөөрхөн байж шүү. Чи их эртнээс хөгжим тоглосон шиг байгаа юм.
-1972 онд Сэлэнгэ аймгийн Соёлын төв ордонд очсон юм. Наймдугаар ангиа төгсөөд гэх үү, есдүгээр ангиа хаяад гэх юм уу Сэлэнгэ аймгийг зорьж, театрт ажилд орсон. Тэндээ оройн сургуульд сурч, аравдугаар анги төгссөн. Дараа нь 1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчнөөр ажилласан. Орой болохоор орос үнэртэй усаа цацаад ажилдаа гардаг байлаа даа.
-Тэр үед Оросын “Красная Москва”, “Шифр” гэж үнэртэй ус байсан.
-“Шифр” үнэртэй усыг их цацдаг байлаа. Ээжийнхээ усыг эгч нартайгаа нийлж түрхээд дуусгачихдаг байсан. Мартын 8-наар энэ усаа бялууртал түрхэж аваад л сургууль дээр ийм, тийм ажилтай гээд яаран гарна. Тухайн үеийн нийгэм Мартын 8-наар дамжуулан ээжийгээ асрах, эмэгтэй хүнийг хайрлах, нэг ширээний тохой залган суусан охиноо хүндлэх ёстойг ойлгуулж, мэдрүүлдэг байжээ. Би эл өдөр ээж, эгч нартаа өөрийн гараар урласан жаахан ч болтугай дурсгал, зураг энэ тэрийг заавал өгдөг байсан. Нэг талаар энэ баяр хүмүүжлийн их ач холбогдолтой байж.
“ДАЙСНЫ ЦЭРГҮҮДЭЭ СОНСОЦГОО” КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ДУУСАХАД МИНИЙ ГЭДЭС ТОГОО ШИГ ТОМ БОЛСОН БАЙСАН
-Сувдаа эгч оюутан болоод хэр адал явдал туулав. “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” кинонд оюутан үедээ тоглосон уу?
-Төгсөж ирээд тоглосон. Киноны зураг авалт дууссаны дараа Москвад очиж “Мосфильм”-д дууг нь бичүүлсэн юм. Б.Дамчаа гуай дууг нь их гоё дуулсан. Энэ дууг 1971 онд хийсэн. Тэгэхэд би Т.Бат-Оргил хүүгээ төрүүлэх дөхчихсөн байсан. Киноны зураг авч дууссаны дараа томоо гэдэстэй байлаа. Ц.Цэнд-Аюуш (Ягаан гажид) эгч, У.Осор, Б.Дамчаа гуай “За чи замдаа төрчихөв өө” гээд л сандарч байсан.
-“Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” кино гарахад би Сэлэнгэд байсан юм. Хөгжимд маш их хорхойтой, амь амьдралаа өгөхөд бэлэн, дүрэлзэж явсан даа. Ээжийгээ дагуулж тэр киног үзээд “Энэ дууг сонс доо, ядарсан цэргүүдийн цуваа нүдэнд үзэгдээд, жирийн мөртлөө маш гоё, яг л цэрэг хүний хоолой сонсогдож байгаа биз” гэж хэлж байснаа санаж байна. Эл кинонд Оросын алдартай жүжигчид тоглосон шүү дээ. Тэдэнтэй тоглоход ямар байв?
-Орос багштай цэцэрлэгт явж, Орост сурсан болохоор нэг их хүндрэл гараагүй. Тийм болоод ч тэр үү миний ерөнхий хүмүүжилд Орос, Европын нөлөө их байсан. Богино хугацаанд, шахуу хөтөлбөрөөр киноны зураг авсан даа.
-Таныг оюутан байхад хамгийн их алдартай, алмайруулж байсан Оросын ямар эмэгтэй жүжигчин байв?
-Би шалгалт өгч Кино үйлдвэрийн нэрийн өмнөөс Москвагийн Кино урлагийн дээд сургуульд сурахаар явсан. Төгсөөд Кино үйлдвэрт жүжигчнээр орсон. Шүтдэг Орос, Италийн жүжигчин олон. Тэр үед Италийн шинэ реализмын олон гоё кино гардаг байж. Италийн Ж.Мазина, Жина Лолло Брижитта, Оросоос Т.Самойлова, Е.Быстрыцкая нарыг их шүтнэ. “Их завсарлага” киноны Гаанжагийн багшид тоглосон Н.Богуноватай нэг өрөөнд гурван жил амьдарсан шүү.
-Ямар гоё юм бэ. Тэрбээр од болно гэж бодоогүй, та бас од болно гэж мэдээгүй явсан байгаа шүү дээ.
-“Хаврын 17 учрал”-ын Ольга Сошникова мөн манай ангийнх. Одоо Малый театрт ажиллаж буй Владимир Носиктой ч хамт сурч байлаа. Оросын эмэгтэй бурхны царай зүстэй гэгддэг Е.Соловей алдарт найруулагч Н.Михалковын олон кинонд тоглосон. Тэрбээр Америкт олон жил амьдарсан. Энэ мэт олон сайхан хүнтэй нэг ангид сурч байжээ. Мөн их сайхан жүжигчид бидэнд хичээл заадаг байж. Миний багш алдарт Борис Андреевич Бабочкин болон А.Герасимов хичээл заадаг байлаа. А.Герасимовын туслах багш (гэргий нь) Макарова гээд их гоё хүүхэн хичээл ордог байв. Намайг дөнгөж очиход дуугүй киноны жүжигчин Л.Кулешов, А.Е.Хохлова нар ажиллаж байсан гээд бод доо. Тэгэхээр би их эртний хүн байгаа биз. Оросын кино урлагийн шинэ үеийн эхэнд байсан найруулагч, жүжигчид тэр үед багшилж байсан.
-“Хүний амь” киног хүүхэд байхдаа үзэж, анх Сувдаа эгчийг хараад “Ямар гоё эгч вэ” гэж бодсон. Тэгээд “нөхрийг” нь гараад ирэнгүүт “Ямар муухай хөгшин нөхөртэй юм бэ” гэж бодсон. Б.Дамчаа гуайг гудамжинд явж байхад нь хүүхдүүд “Аа муу Исмэл” гээд чулуу шидсэн гэдэг шиг манай үеийнхэн нөхрийнх нь дүрийг бүтээсэн хүний тухай “Шал дургүй хүрчихлээ, дүрэндээ таарсан аймхай амьтан байна” гээд ярьж байсан минь санаанд орлоо.
-Тэрбээр мэргэжлийн хүн биш. Багшийн дээд сургуулийн багш байсан юм. Кинонд хүний төрөлх зан чанарыг их хардаг. Зөөлхөн, аядуу байдал нь киноны дүрд тохирно гээд л авсан хэрэг.
-Бидний үеийнхэн ном уншаад уйлдаг. Үзсэн кинондоо бүр “орчихдог”. Охид нь эрэгтэйтэй гол дүрд, хөвгүүд нь эмэгтэй гол дүрд дурладаг, тийм үе байжээ. Орос кино үзэж байхад цаана нь Н.Дагийранз гуай, Сувдаа эгч яриагүй, тэр орос нөхөр л монгол хэлээр яриад байгаа юм шиг гайхамшигтай дуу оруулдаг байсан шүү.
-Орост сургууль төгсөж ирээд жүжигчнээс гадна монгол, гадаад киноны дуу оруулдаг байлаа. Давхар ямар ажил байна, бүгдийг хийсэн. Тийм жүжигчнийг дууд, тэндээс ийм жүжгийн хувцас олоод ир гэх зэргээр зарна. 1973 оны аравдугаар сар хүртэл Кино үйлдвэрт ажилласан. Тэнд байхад “Мосфильм”-ийнхэнтэй хамтарч ажиллах сайхан боломж гарсан. Москвад очиж дуу оруулдаг байлаа. Кино үйлдвэр жилд хоёрхон кино хийнэ. Би голдуу орчуулгын кинонд дуу оруулдаг байсан даа. Кино үйлдвэр муу кино худалдаж авч байгаагүй. Одоо болтол үзээд уйдахгүй сайн, сайхан кино олон. Товшилт, амны хайрцаг зэрэг бүх зүйлийг нь тааруулж үгээ хэлэх ёстой. Жүжигчний араншин, мэдрэмж, арга барил, сэтгэл хөдлөлийг яг гаргах ёстой. Энэ бүгд надад их дэм, том хичээл болсон. Бас нэг дээд сургууль төгсөх хэмжээний дадлага, туршлага суусан.
-Яагаад театр луу “урвасан” юм бэ?
-Тогтмол уран бүтээл хийж, байнга тайз дээр гарах хүсэл минь намайг Хүүхэд, залуучуудын театр луу авчирсан. Дараа нь Э.Оюун, Хо.Нацагдорж гээд томчууд “Инжгүй хүүхэн” жүжигт намайг тоглуулахаар сонгож театрт авчирсан. Одоо бодоход театрт тэнцэх, эсэхийг шалгаж л байсан болов уу. Тэр үед ямар гоё вэ, намайг тайзан дээр гаргалаа гэж баярлаж явснаас өөрийг бодож байсангүй. Кино үйлдвэрийн уран сайхны удирдагч байсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуай “За чи тэр театр луугаа яв. Чамайг ямар ч байсан монгол болгож хүмүүжүүлнэ” гэж байсан юм. Түүнээс хойш театртаа өдийг хүртэл ажиллаж байна даа.
-Би ээжийн тухай дуу зохиох санаатай П.Бадарч гуайтай уулзахад “Чука, би ээжийн тухай дуу хийж чадахгүй. Эх хүнийг юутай ч зүйрлэшгүй ариун нандин. Бурхан биш, нар ч биш. Алт, эрдэнэс бол бүр ч биш. Тиймээс ах нь чадахгүй” гэсэн юм. Эхийнхээ ачийг хүн хариулж чаддаггүй гэдэг. Чадахгүй байсаар байгаад би эхийгээ алдсан. Та Л.Цогзолмаа гуайг хэр баярлуулж байсан бэ?
-Ээжийг баярлуулна, санаанд нь хүрнэ гэдэг хэцүү. Манай ээж маш хэнэггүй хүн. Хүүхэд нь хаана юу хийж явна, ямаршуу байгааг алхам тутамд хянаад байдаггүй. “Чи тэгэх ёстой, ингэх байсан” гэдэггүй. Харин уран бүтээлийн сайн шүүмжлэгч. Ер нь “Чи овоо шүү” гэж хэлсэн нь ховор. Жүжиг үзээд “Тэр хэсэгт чи ингэсэн, нөгөө үзэгдэл дээр нь бас тэгсэн. Ингэж болохгүй шүү дээ” гэнэ. “Мандухай сэцэн хатан” кино дэлгэцнээ гарахад “Овоо доо” гэж ганц удаа дуугарсан даа. Тэр нь их том үнэлгээ юм шиг байна лээ. Ер нь манай гэр бүлд европ хүмүүжил дэндүү давамгайлсан юм уу даа. Манай ээж багадаа Москвад амьдарч, бага сургуульд сурсан. Аав бас багаасаа Орост сурч, олон жил амьдарсан нь нөлөөлсөн үү, бидний амьдралд нэг их оролцдоггүй. Гэр бүлийн ч бай, амьдралын аливаа асуудал, албан ажилд ч ялгаагүй. Мэдээж, аав, ээжийгээ зовооё гэж хэзээ ч боддоггүй, баярлуулах сан гэх хүсэл тээж явдаг. Юм авч өгөөд баярлуулж чадахгүй. Хоол унд хийгээд асрамжлаад сэтгэлд нь хүрэхгүй. Би ч бас их хэнэггүй. Хүүг Америкт сургуульд явсны дараа нэг хүн надаас “Аль хотод байгаа вэ” гэхэд нь мэдэхгүй ээ гэсэн. “Ямар сургуульд сурч байгаа вэ” гэхэд нь бас л мэдэхгүй гэсэн. Тэр хүн “Ийм ээж байдаг юм уу” гээд инээж байсан. Эдийн засгийн чиглэлээр сургахаар явуулсан чинь Т.Мөнх-Оргил “Хөгжмийн сургууль төгсөөд ирлээ ээж ээ” гээд ирсэн дээ.
-Манай ээж бас их хэнэггүй хүн байсан шүү. Дээхнэ үед Увсад байхдаа сумынхаа театрт ажиллаж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаагийн дүр бүтээж явсан юм билээ. Ээжийн талынхан урлагийн авьяастай. Та “Мандухай сэцэн хатан” кинонд тоглохдоо Улсболд, Төрболд гэж хоёр сайхан хүү “өлгийдөж” авсан. Манай рок, поп урлагт хоёр сайхан авьяастан бэлдэж өгсөн. Т.Бат-Оргил, Т.Мөнх-Оргил хэмээх хоёр сайхан хүү Монголын урлагт өөрийн гэсэн зам мөртэй яваа. Таны дүү Н.Ганхуяг тань бас “Инээмсэглэл” хамтлагийн дуучин. Би энэ гурваас Т.Мөнх-Оргилыгоо маш их үнэлдэг. Маш хариуцлагатай. Юмыг яг таг хийдэг. Ажил хэрэгч залуу. Ингэхэд хоёр хүү нь таныг Мартын 8-нд яаж баярлуулдаг вэ?
-Гэнэтийн бэлэг барих гэж их хичээнэ ээ. Хэзээ билээ дээ, ач нар нийлээд нэг аяган дээр гарын үсгүүдээ зураад хэвлүүлж өгсөн. Ном, өөрсдийнхөө зурсан зураг гээд олон юм бэлэглэнэ.
-Та дөнгөж сургууль төгсөж ирээд хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?
-450 төгрөг.
-Ланжгар авдаг байжээ. Би Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд ажиллах байхдаа 137 төгрөгийн цалин авдаг байлаа. Та цалингаараа юу хийдэг байв?
-Тусдаа гараагүй, гэрт бүх юм бэлэн байсан үе тул мөнгөнд нэг их ач холбогдол өгөхгүй. Ээжид л өгчихдөг байсан. Мэргэжилдээ дурлаад дурангийн өмнө л байх нь гоё байлаа.
ИТГЭЛ АЛДААГҮЙ 30 ЖИЛ
-Монголын рок хөгжмийн түүх сөхвөл, орчин үеийн хөгжмийн урлаг 1950-иад оноос эхлэлтэй. Соёлын ордны дэргэдэх жааз хөгжмийнхөн ч юм уу, Залуучуудын ордны дэргэдэх “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан энэ түүхийн эхлэл болов уу. Хүнд рок хөгжмийн анхдагч “Харанга” хамтлагийг оршин тогтноход Та болон Э.Оюун гуай, тухайн үеийн театрын дарга А.Таяа нарын гүйцэтгэсэн үүрэг асар их. Сувдаа эгч биднээс болж Уран сайхны зөвлөлд хүртэл дуудагдаж байсныг одоо ч ярьдаг юм. Тэр үед концерт, жүжиг бүгдийг Соёлын яамны Уран сайхны зөвлөл урьдчилан үзэж, баталдаг байсан хатуу цаг. Хамгийн сүүлчийн шүүлтүүрээр нь “Харанга” хамтлагийн “Амьдрал” нэртэй тоглолт орсон. Толгойгоо хяргуулах шахам сууж байснаа санаж байна. Тэр эрсдэлийг тоохгүйгээр “Харанга”-ыг дэргэдээ авч үлдсэн Сувдаа эгч, А.Таяа даргадаа маш баярлаж явдаг. Хоёулаа энэ талаар хуучилъя.
-Тухайн үед би Драмын театрын уран сайхны удирдагч байлаа. “Харанга” хамтлагийг би олж, нээсэн юм биш. Манай рок “мангас” Р.Мөнхсайхан, Х.Жамбалжамц нар “Сувдаа гуай, хэдэн авьяастай залуус нэгдчихээд байна. Тэд ажиллах газаргүй, ажлаас нь халчихсан. Тэд хамтлаг болчихвол ёстой гоё. Та дэмжээч” гээд орж ирсэн. Би хүнд рок хөгжмийн талаар ямар ч мэдлэггүй болохоор судалсан. Гол нь тэд “Бид нийлээд ажиллаж чадна, багш аа. Таныг дэмжвэл бидэнд бас их сайхан байна” гэж хэлсэн. Тэгээд та нарыг Драмын театрын дэргэд авч, жүжгийн анхны дууны хөгжим хийлгэсэн шүү дээ. Шинэхэн хамтлаг хөгжмийн зэмсэг муутай байсан. Соёлын яамны техникийн хэлтэст хөгжим захиалсан. Хөгжим авчрахад Улсын филормони зэрэг мэргэжлийн газрууд “Яахаараа Драмын театр хөгжим авдаг юм” хэмээн булаалдаж бөөн юм болсон. Бид бодлогоор захиалсан гэж тас зүтгэсээр байгаад хөгжимтэйгөө үлдэж билээ.
-Хамтлагийнхан маань бригадын аялан тоглолт хийж Драмын театрт мөнгөө эргээд төлсөн, тийм ээ.
-Тэгэлгүй яах вэ. Хамтлагийнхан мөнгөө театрт өгч, бид улсад буцаан тушааж байсан учир төлсөн гэсэн үг. Одоо харин сайхан болж байна. Театрууд энэ жилээс орлогоо зарцуулах эрхтэй болох нь. Тэр үед Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгынхан бэлтгэл хийх тайзаа булаалдана. Гэтэл театраас гадна бас нэг рок хамтлаг тоглолт хийнэ гээд бэлтгэл хийх тайзны цаг авч тухайн үедээ бөөн юм болж байлаа. “Танайх ямар хөгжмийн байгууллага уу” гээд л бужигналдсан даа. Гэхдээ та нар маань үнэхээр нэгдэж чадсан. Баг болж “Зүүдээр аялсан гурван” шөнө жүжгийн хөгжмийн чимэглэлийг анх хийсэн. Х.Лхагвасүрэн дуугаа дуулна. Х.Лхагвасүрэнд үг хамгийн гол нь байдаг юм шүү гэж их захисан. Үгийн урлагийн хүн болохоор би “Үгээ тод хэл, анхаар” гэж шаардаж сургуулилалт хийлгэдэг байж. “Харанга” анхны тоглолтоо “Амьдрал” нэртэйгээр бэлтгэсэн. Уран сайхны зөвлөлөөр орсны дараа намайг дуудаад “Энэ чинь юу болоод байна аа, Сувд аа. Ямар гээчийн юм болоод байна” гэж билээ.
-Тэр үед ардчилсан хувьсгал эхэлж байсан юм. Бид хуурамч, ажил хийж буй мэт дүр эсгэдэг, дарга нарт бялдуучилдаг давхарга манай нийгэмд байгааг шүүмжилж “Томоотой хүн” дуугаа гарган, эрх чөлөө хүсэж байна гээд л дуулж эхэлсэн. Тэр үед картын бараанд бараг орчихсон. Хүүхдийн гутал, барааны саван ч олдохгүй, сүүнд үхтэлээ дугаарлаж, мах авах гэж бөөн юм болдог байсан үе.
-Манай Драмын театр асуудал дэвшүүлсэн жүжиг, аливаа уран бүтээлээсээ болж Соёлын яаманд дуудагдах тохиолдол байсан. Театр анх үүссэн цагаасаа эхлээд Л.Ванган, Э.Оюун гуайн үед ч гэсэн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг жүжигчид хамгийн түрүүнд олж хардаг, хэлдэг байж. Одоо ч ийм онцлогтой. Тухайн үед “Харанга” тоглолтоороо нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилсэн. Уран сайхны зөвлөлд мэргэжлийн ажлаа мэддэг хүмүүс байсан учраас ихэнхдээ оновчтой зөвлөгөө өгдөг. Намын үзэл суртал хариуцсан зарим нэг хүн “Юу болоод байна” гээд л ахин дахин өндөлзөж асуудал хааяа тавьдаг байсан юм. Улсынхаа эсрэг зүйл хийгээгүй, амьдралын төлөө, сайн сайхан руу тэмүүлж байсан залуусыг, гол нь уран бүтээлээ хамгаалах үүрэг надад байсан. “Харанга”-ынхны ур чадвар сайн байсан учраас хамгаалсан. “Амьдрал” тоглолт ийм түүхтэйгээр үзэгчдэд хүрч, сайн үнэлгээ авсан. Театрын дэргэд эднийгээ анх авч, хамтлаг байгуулаад ямар нэр өгөх талаар нэлээд ярилцсан. Драмынхан, Ардын дуу бүжгийн чуулгынхан бүгд идэвхтэй оролцож, саналаа хэлсэн. “Чингис”, “Тэмүүжин” зэрэг нэрсээс шигшигдсээр “Харанга”-ыг сонгосон. Нэрийг оносон гэж боддог. Манай хэд өнөөдөр ч нийгэмд дохио болж, харанга чимээ өгсөөр явна.
-Яагаад “Харанга”-ын үүслийн тухай ярьж байна вэ гэхээр энэ жил хамтлагийн маань 30 жилийн ой тохиож байна. Драмын театр биднийг гоёор харж, ажиллах орчин нөхцөл, хөгжмийн зэмсгээр хангаж өгсөн. Энэ бол хамгийн гол зүйл, хамгийн сайхан сэтгэл. “Харанга” итгэлийг нь алдалгүй, урмыг нь хугалалгүй 30 жил өнгөрчээ. Сувдаа эгчтэйгээ байнга таараад байдаггүй шүү дээ, энэ завшааныг ашиглаад талархаж байгаагаа хэлье.
-Итгэл алдаагүй, нэр төрөө унагаагаагүй авч яваа та бүхнээрээ их бахархаж, баярладаг.
-Бид Драмын театраа үргэлж дурсдаг юм. Театрынхан бидэнд байнга тусална. Эхний концертоо бэлтгэх үед рок хөгжим тоглох юм уу, жүжиглэх гээд байна уу гэж хүмүүс гайхаж байсан. З.Жарантав ах жүжигт хэрэглэдэг хааны том сандал тавиад суучихсан биднийг зарладаг байсан нь санаанд тодхон үлдэж. Бүх хүн сэтгэл гаргадаг байжээ. Театрын залуус ажлаа тарчихаад явахгүй бидэнтэй үлддэг сэн. Театр дотроо цөөнгүй шүтэн бишрэгчтэй, хонож хөгжмийн бичлэг, дуугаа хийлгэдэг байлаа. Тийм учраас сэтгэлд дотно. 80 жилийнх нь ойг тохиолдуулан “Амьдрал” тоглолтоо театртаа зориулж дахин тоглон, DVD гаргасан.
-Тэр үед бичлэг хийх газар олддоггүй байж билээ. Одоогийнх шиг элбэг байсангүй. Шөнөдөө тайзан дээрээ дугаарлаж байж бичүүлнэ. Театрын хоёрдугаар давхрын өрөөнөөс бичнэ. Өөр өрөө, танхим байхгүй. Радиод хааяа бичүүлнэ. Тэр нь бас бөөн хүлээлт, дараалалтай.
-Теарт ямар ч харьяалах боломжгүй, рок хамтлаг дэргэд нь байхаар хүн болгон гайхдаг байлаа. Уран сайхны зөвлөл дээр бидний концертыг батлахгүй гээд бөөн юм болсон.
-Театрын уран сайхны зөвлөл баталснаас хойш “Драмын театрт ямар ч хамаагүй юм байна. Тэр хүний үсийг хар. Энэ нэгнийх нь хувцсыг хар, үсэрч харайж байгааг нь ээ” гэх зэргээр янз бүрийн яриа гарсан. Манай театрт одоо ч уран сайхны зөвлөл бий. Яагаад гэвэл мэргэжлийн хяналт заавал байх шаардлагатай. Дотоод, гадаад уран сайхны зөвлөлтэй. Гаднаас хөгжмийг Н.Жанцанноров, С.Соронзонболд, зургийг С.Ариунболд, жүжгийг Х.Наранжаргал, Ш.Гүрбазар нарын зохиолчоор хянуулдаг. Талийгч Б.Лхагвасүрэн бүх насаараа манай зөвлөлд ажилласан даа.
ХОТЫН УНАГАН ХҮҮХДҮҮД
-Монгол Улсын нийслэлд төрснөөрөө би бахархдаг. Та бид хоёр хотын унаган хүүхдүүд, жалга довны үзэл гаргаад төрсөн газраа магтъя. Манай бүжгийн Сүхээ “Ханбогдын өвөрт төрж, хатан Туулын усыг хүртэж өссөн хүүхдүүд дээ” гэж ярьдаг. Манай Улаанбаатар үнэхээр сайхан. Цаашдаа илүү гоё болно гэж итгэдэг.
-Ямар ч хүн төрсөн нутгаа дурсаж, бахархдаг. Монгол зан заншлын хувьд ч төрсөн бууцан дээрээ ирж хөрвөөнө гэж ярьдаг шүү дээ. Би нэгдүгээр төрөх газарт төрсөн. Би хотдоо хайртай. Сайхан хот, сайхан барилга, зохион байгуулалт сайтай нийслэл харах гоё. Гэхдээ Монголын байгаль, хөдөө дахин давтагдашгүй болохоор илүү хайртай. Монгол шиг байгалийн сайхантай, үзэсгэлэнтэй газар олон бий л дээ. Гэхдээ манай агаар цаанаа л нэг цэнгэг. Гадаадад очихоор хотууд ерөнхийдөө ижил.
-Тийм шүү. Европт ялангуяа, нэг тосгоноос нөгөө рүү очиход нэг л загвартай байдаг.
-Улаанбаатар хотдоо бөөгнөрч, шаваад байх биш тэлээсэй, дагуул хоттой болоосой гэж боддог. Монгол хүний алсыг харах, тэнүүн амьсгалах хэрэгцээг хангасан тийм хот хүсэж байна.
-Аливаа газрын нийслэл гоё байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Таны хэлдгээр, шавсан бөөгнөрсөн биш бол бүр гоё. Шинжлэх ухаан, техник, урлаг соёл, спорт, бизнесийн цөм болсон нийслэлээ сайхан байлгамаар байна. Харин хөдөөг хотжуулахыг хүсдэггүй. Гадаадаас ирсэн найзыгаа дагуулж хотоос гарч, сумын төвд ирэхэд төрт ёсны уламжлалаа хадгалсан зүйлүүд нь их байгаасай гэж хүсдэг юм. Цаашлаад хөдөө очиход нүүдэлчин ард түмний соёл уламжлалаараа байгаасай гэж их хүсдэг шүү. Нүүдэлчид гээд лаа асаана гэсэн үг биш. Хэрэглээ учраас тэд гэрэл цахилгаантай, телевизээ үздэг, боловсон бие засах газартай байх ёстой. Гол нь малаа мориороо хариулдаг. Тэмээн хөсөг, үхэр тэргээр нүүдэл суудлаа хийдэг байгаасай гээд байгаа юм.
-Зөв төлөвлөж чадвал хөдөөг хөгжүүлэх боломж бий. Хөдөөд боломжийг харуулахгүй, ойлгуулахгүй байна. Нүүдэлчний соёлыг хадгалж үлдээд дэвшилт техник хэрэгслийг нэвтрүүлж болно. Ноднин жил Увс аймагт тэмээн жингээр айл нүүж байхтай таарсан. Хүүхдээ арагт хийчихсэн, залуухан хос говиосоо дээш өгсөн явсан. Баярлаж, догдолмоор, үнэхээр бахархмаар. Хачин сайхан санагдсан шүү. Харин Өмнөговь, Дорнодоор явж байхдаа харамсмаар зүйлтэй таарсан. Морио унахаа байчихсан, мотоцикл, машинаар малаа эргүүлж байгааг хараад тэсгэлгүй гол харлаж “Мориороо малаа хариулахгүй яагаа вэ” гэж асуусан. “Хонь мал нь морио тоохоо больчихсон. Мориор эргүүлэхээр босохгүй, мотоциклтой дуут дохиог нь хангинуулаад хөөхөөр дороо босдог” гэж хэлнэ лээ. Ийм утгагүй байдалд орсон газар олон. Тэгэхээр үүнийг зөв , чиглүүлэх шаардлагатай.
-Тийм шүү, нийслэл нь нийслэл шиг, хөдөө нь хөдөө шиг байвал сайхан.
-Хот суурин газар өөрийн гэсэн өнгө төрхтэй байгаасай гэж их бодно оо. Хотын ерөнхий өнгө төрх дүүрэг, дүүргээрээ өөр, хорооллууд нь ялгаатай байвал их гоё.
-Таныг маш олон эмэгтэй биширч дуурайдаг шүү дээ. Эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?
-Айлыг, хотыг, улсыг ч эмэгтэй хүний зан ааш, өнгө зүсээр нь хүлээж авдаг. Тийм учраас монголчууд эмэгтэйчүүдээ их хүндэлдэг, сонсдог юм болов уу. Ээжийгээ ихэд дээдэлж хүндэлдэг. Түүх уншихад Алунгоо, Өүлэн, Бөртэ-Үжин, Мандухай, Ану гээд олон хатны ухааныг дандаа биширсэн байдаг. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга хатдын тухай бүжгэн жүжиг хийсэн. Үүнээс монгол эмэгтэй гэдэг ямар уужим ухаантай, үнэхээр төр түшилцсэн хоёр баганын нэг нь байж гэж харсан. Эр, эм хоёулаа цогц байж хүн төрөлхтөн оршин тогтоно. Гэтэл сүүлийн үед яагаад ч юм нэг зүйлд санаа зовдог болсон. Ганц Монголд ч биш юм. Манай эрчүүд их хүүхэмсэг болж байгаа мэт.
-Хоёр эхнэртэй болох хуультай болно гээд үү?
-Хүмүүс солонгос кино үзээд ийм боллоо гэж ярьдаг юм. Үүнд ч гол нь биш. Ерөөсөө амьдралыг, олон улсын байдлыг ч харахад залуусыг эмэгтэйлэг болгох сурталчилгаа их явж байна. Ялангуяа залуусын сонирхлыг татсан үзвэр, үйлчилгээ их болж. Эмэгтэйчүүд нь болохоор их эршүүд сонин болоод байна. Эмэгтэй хүн эмэгтэйлэг сайхан чанараа гээж байна уу гэж эмзэглэдэг боллоо. Ерөнхийдөө аль аль талдаа хүмүүс эр биш, эм бус болчих вий гэж их айдаг болсон.
-Эмэгтэй хүн амьдралын нэг багана. Бага байхад ааваас ямар нэг зүйл асуухаар, “Ээжээсээ асуу” гэдэг сэн. Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг үг байдаг даа.
-Ахмад үеийнхний яриаг сонсохоор аав, ээжүүд нэг үе охиддоо анхаарч ирсэн байдаг. “Энэ эр юм яах вэ, охиноо л сургууль соёлд явуулъя” гэсэн хандлага давамгайлсан. Үүний гор одоо гарч байна. Тэр үеийнхний охидын боловсрол, чадвар өндөр түвшинд хүрсэн. “Энэ яах вэ эр юм, тоосго үүрээд ч амьдарчихна” гэж үзсэн үеийн хөвгүүд өнөөдөр нийгэмд гологдоод байна. Аль нэгийг нь онцлох бус адилхан анхаараасай. Одоо эрчүүд нь эмэгтэйчүүддээ гологдоод доголон амьдралтай болоод байна уу даа. Тиймээс хөвгүүдээ анхаараач ээ. Тэднийгээ боловсролын хувьд ч, ухааныг нь тэлэх, ур чадвар, амьдрах чадварын хувьд ч сургах, бодолцох цаг болжээ. Тэгж байж ар гэрийн амьдрал, албан ажил, улс гэрийн бодлого тэгширнэ гэж боддог.
Урилгыг хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлсэн Сувдаа эгчдээ баярлалаа. Танд аз жаргал хүсье. “Харанга” хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ойн баяр хүргэе.
Эх сурвалж: