Сөүл хотын Канг Нам дүүргийн цагдаагийн газраас Химийн бодис ашиглах хуулийг зөрчсөн хэргээр 24 настай “А” болон хамт байсан 3 эмэгтэйг баривчлан саатуулж мөрдөн шалгаж байгаа тухайгаа өчигдөр (2019.03.07) мэдэгджээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 06-ны 10:30 цагийн үед Канг Нам дүүргийн Нун Хён-ы нэгэн хувийн сууцанд мансуурсан хүмүүс байна гэсэн дуудлагаар очиход дээрх залуус байсан бөгөөд нэгжлэгээр хоёрдогч түүхий эдэд ялгасан хогийн савнаас 5700 ширхэг капсултай азотын хий бүхий хөөсөнцөр илрүүлэн хураасан байна.
Үүнийг Өмнөд Солонгосын 20-иод насны охидууд “Аз жаргалын бөмбөлөг” хэмээн өхөөрдөн дууддаг ажээ.
Эдгээр залуус гурван сарын өмнө тус байранд нүүж ирсэн цагаасаа эхлэн уг бодисыг хэрэглэж ирснээ хүлээн зөвшөөрсөн байна.
Азотын хийн хөөсөнцөр гэдэг нь хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд/зүрхний үйл ажиллагааг саатуулах,цусны эргэлтийг саармагжуулах гэх мэт/ оруулахаас гадна сэтгэл зүйд хүчтэй цочрол өгдгийг тогтоосноор БНСУ-д Химийн бодис ашиглах хуулийн дагуу хэрэглэхийг хориглосон ажээ.
Эх сурвалж: Mglradio