Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт өвөлжилт, хаваржилт хүндэрч малын зүй бус хорогдол ихэсч байгаатай холбоотой үхсэн малын мах худалдан авах, худалдаалагдах, бэлтгэн нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байгаа талаар өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл шалгалтын явцад зүй бусаар үхсэн малын мах хадгалж байсан нэг зөрчлийг илрүүлж, нийт 500 кг махыг хураан авч эзнийг байлцуулан Өлгий хогийн цэгт шатааж устган, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэвэр ногдуулж барагдуулсан байна.
Мөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хан-Орд, Бугаан гол, Их буян, Ургамал зэрэг худалдааны тѳвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа гуанз, цайны газар, зоогийн газар, махны захуудад байгаль орчин, хүнсний чанар, мал эмнэлэг, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр Мал эмнэлгийн газартай хамтарсан хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэж байгаа 23, махны худалдааны 18 нийт 41 цэгээс 27 махны дээж авч МЭАЦЛ-т шинжлүүлэхэд периоксидазын урвалаар ѳвчтэй болон зүй бусаар үхсэн малын мах илрээгүй бѳгѳѳд 2 дээж амталсан мах байсан учраас формалины сорилд тэнцээгүй дүнтэй байна.
Шалгалтаар дараах нийтлэг зѳрчлүүд илэрч байна.
Үүнд:
1. Гуанз, цайны газрууд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилтгүй мах хэрэглэдэг,
2. МЭАЦЛ-нь шинжилгээний хариуг тухайн ѳдѳртѳѳ олгодоггүй,
3. Нийтийн хоолны газруудад гар угаалгын хэсэг дутуу, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийдэггүй зэрэг зѳрчил дутагдлыг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зѳвлѳгѳѳ ѳгч ажиллалаа.
Иймд иргэд, хэрэглэгчид та бүхэн мах худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээ, шинжилгээний бичгийг шалган авах, сэжигтэй, зөрчилтэй асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллагад шуурхай мэдэгдэж, болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэхийг уриаллаа.