Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, оролцоог нэмэгдүүлэхээр “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ нь дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ юм. Гол утга санаа нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо авран хамгаалахад хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олны, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад оршдог.
Анх 2007 онд Австралийн Сидней хотоос гараагаа эхэлсэн “Эх Дэлхийн Цаг”-т нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага хамрагдан нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга нь дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2018 онд дэлхийн 188 орны 5251 хотын 3 тэрбум, 600 сая хүнийг хамруулж чаджээ. Дэлхийн алдартай газрууд болох Сан-Франциско дахь Голден гэйт гүүр, Ромын Колоссейн театр, Тайм талбай, Торонто дахь CNN цамхаг энэхүү уриалгыг дэмжиж нэг цагийн турш гэрлээ унтрааж байв.
2010 онд Улаанбаатар хот анх удаагаа нэгдсэн бөгөөд энэ жил 10 дахь удаагаа албан ёсоор оролцоно. Энэ удаа зохион байгуулагчид хуванцарын хор холбогдлыг олон нийтэд сурталчилах, хуванцараас татгалзахад чиглэсэн үйл ажиллагаанд анхаарал хандуулах юм. Тэд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцохыг олон нийтэд, ялангуяа залуучуудад уриалж байгаа ажээ.
Уламжлал ёсоор “Эх дэлхийн цаг-2019” гуравдугаар сарын 30-ний бямба гаригт орон нутгийн цагаар үдшийн 20:30-т дэлхий даяар нэгэн зэрэг эхэлнэ. Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, “Байгаль орчны манлайлагчид” ТББ, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Ариг банк хамтран зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр 20:30 цагаас 21:30 цаг хүртэл Сүхбаатарын талбайн эргэн тойрны гэрэл унтарч, лаа гэрэлтэнэ. Мөн бүрээ бөмбөр, язгуур урлагийн тоглолт болж, монголчууд эх дэлхийгээ хамгаалах үйлсэд нэгдэнэ. Хэрвээ та арга хэмжээнд ирж чадахгүй байсан ч гэрийнхээ гэрлийг нэг цаг унтрааж “Эх Дэлхийн Цаг”-т нэгдэж болох юм.
“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдлийн тухай
Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудах бэлгэдэлтэй.
60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.
1 comment
ЭНЭ БОЛ ТЭНЭГ ҮЙЛДЭЛ. ЮУ ХИЙЖ БАЙГААГАА САЙН ТУНГААН БОДОХ ХЭРЭГТЭЙ. ДЭНГИЙН ЭРВЭЭХЭЙ ЗУЛЫН ГАЛД ОРЖ ҮХДЭГТЭЙ АДИЛ. УЧИР НЬ-ЭНЭ БОЛ ОЙ МОДОО ОГТЛООД БАЙ ГЭСЭН ҮГ. ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ГАЛЗУУРЧЭЭ …???!!!