АН-ын эргэлтийн сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр (2019.03.07) танилцуулж, үнэмлэхийг нь гардууллаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа АН-ын Их хурал хуралдаж, үндсэн дүрмийнхээ хуучин заалтыг сэргээснээр ротацийн сонгууль гурав дахь жилдээ явагдаж байгаа юм.
Ардчилсан нам энэ сарын 1-ний өдрөөс эргэлтийн сонгуулиа зарласан бол бүртгэлийн ажиллагаа энэ сарын 6-ны өдөр дуусчээ. Энэ жилийн хувьд Үндэсний бодлогын хорооны 410 гишүүнээс 112 нь эргэлтийн сонгуульд оролцож байна. Хэнтийн аймгаас бусад тойрогт ротацийн сонгууль явагдаж байгаа бөгөөд үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн болон залуусын суудалд сонгууль явагдаж байна.
Уг сонгуулийн үндсэн зарчим нь АН-ын ҮБХ-ны гишүүдийн 1/3, нийслэл аймаг дүүрэг тухайн жилээсээ шалтгаалаад 1/3 эсвэл 2/4-д эргэлтийн сонгууль явуулдаг. Ротацийн буюу дотоод сонгуульд оролцогч нь зургаан сарын өмнө АН-д элссэн байх ёсой гэхчлэн хэд хэдэн шаардлага тавьдаг.
Ийнхүү ҮБХ-ны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авлаа. Нэр дэвшигчид энэ сарын 22-ны өдрийг хүртэл гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж сурталчилгаагаа хийх бөгөөд харин сонгууль гуравдугаар сарын 24-ний өдөр товлогджээ.
Энэ удаагийн сонгуульд 112 суудал дээр 190 гаруй хүн өрсөлдөж байгаа аж. Мөн аймаг нийслэлийн намын хороод энэ хугацаанд ротацийн сонгуулиа зэрэг явуулж байна.