Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Дээд радын гишүүн Юрий Тимошенкод мөнгө өгч, сонгуулийн ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хоёр хүнийг Украины хууль сахиулагчид саатуулжээ. Юрий Титошенко нь Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенкотой ижил овог нэртэй юм.
Харин Баривчлагдсан хүмүүс “Украиныг хамгаалагчдын нам”-ын дарга Тарас Костанчук бол нөгөө нь “Донбасс” батальоны дайчин асан Александр Ищенко нар байжээ.
Тэд Юрий Тимошенкод сонгуульд оролцохоос татгалз хэмээн ятгах гэж байсан хэмээн Украины Ерөнхий прокурор Юрий Луценко мэдээллээ.
“Ерөнхий прокурорын газар Улсын мөрдөн байцаах хороо, Украины аюулгүй байдлын албатай хамтран Юрий Тимошенкод Ерөнхий сонгуулиас нэрээ татахыг шаардаж, 5 сая гривен буюу 187 мянган ам.доллар санал болгосон хоёр хүнийг саатуулаад байна” гэж Юрий Луценко хэлсэн байна.
Баривчлагдсан хоёр этгээдэд хуулийн эрх зүйн ажиллагаанд саад учруулсан гэсэн зүйл ангиар саатуулаад байгаа юм.
Өдгөө 54 настай Юрий Тимошенко Украины Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа юм. Түүнийг Украины төрийн тэргүүн Петр Порошенко сонгогчдын эргэлзээнд оруулж, санал хуваах зорилготойгоор зориуд нэр дэвшүүлсэн хэмээн Украины Ерөнхий сайд асан, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко үзсэн бөгөөд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардаж байсан удаатай.