Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2018 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэлийн байдлыг улсын яллагчийн ялын дүгнэлттэй харьцуулан судаллаа. Тус аймгийн Хонгор, Шарын гол сумдад хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах болон байгалийн ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлтэй 14 хэрэгт 20 хүн шүүхээр ял шийтгүүлжээ.
Ял шийтгэлийн байдлыг авч үзвэл 10 хүнд 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, 3 хүнд 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, 7 хүнд хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулах буюу ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулахыг хориглосон хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд нийт 95.135.596 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд үүнээс мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд 37.692.719 төгрөгийн хохирол, төлбөр төлөгдсөн байна.
Судалгааны дүнг үндэслэн прокуророос хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар тус аймгийн Хонгор сумын Засаг даргад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлэн, цаашид байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах ажиллагаанд прокурортой хамтран ажиллах талаар санаачилга гарган ажиллах чиглэлийг өгч, энэ талаар орон нутгийн “DBS” телевизэд мэдээлэл өгч ажиллалаа хэмээн Дархан-Уул аймгийн Прокурорын газраас мэдээллээ.