Зориг зүрх, эрсдэлээс айдаггүй зангаараа тэд цаг үеэсээ үргэлж түрүүлж, дэлхий ертөнцийг өөрчилсөн бүсгүйчүүд гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээж чаджээ. Мартын 8-ны өдрийг тохиолдуулан эдгээр бүсгүйчүүдийн алдрыг мөнхөлье.

Мария Склодовская-Кюри

 

Польш гаралтай Францын туршигч эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн. Радио идэвхийн судалгаагаараа алдартай бөгөөд физик, химийн салбараар Нобелийн шагналууд хүртсэн. Түүхэн дэх Нобелийн шагнал хоёр удаа хүртсэн анхны хүн.

Маргарет Гамильтон

 

Саран дээр газардсан “Аполлон” хөлгийн нислэгийн хөтөлбөрийн төсөл дээр ажиллаж байсан инженер-программист. Дээрх зурагт тэрээр “Аполлон” хөлгийн компьютерийн кодныхоо хэвлэмэл хувийн дэргэд зогсож байна. Энэ кодын ихэнх хэсгийг тэр өөрөө бичиж, бүтээсэн.

Катрин Швитцер

 

Америкийн зохиолч, телевизийн нэвтрүүлэгч, Бостоны марафонд албан ёсоор гүйсэн анхны эмэгтэй гэдгээрээ алдаршсан бүсгүй. Уг зураг дээрээс харахад тэрээр ингэж гүйхэд нэлээд хэцүү байсан бололтой. Марафон зохион байгуулагчдын төлөөлөгч түүнийг замаас хүчээр гаргах гэж оролдож байжээ. Энэ зураг дэлхийн алдартай хэвлэлүүдийн эхний хуудсан дээр гарсан юм.

Валентина Терешкова

 

Ганцаараа нислэг үйлдсэн дэлхийн хамгийн анхны эмэгтэй сансрын нисэгч. “Восток-6” сансрын хөлгөөр хийсэн нислэг нь бараг гурав хоног үргэлжилсэн юм. Сонирхуулахад Терешкова гэрийнхэндээ шүхэрчдийн тэмцээнд оролцохоор явлаа гээд сансарт ниссэн гэдэг. Харин түүнийг сансарт ниссэнийг гэрийнхэн нь радиогоор л олж мэджээ.

Кейт Шеппард

 

Шинэ Зеландын эмэгтэйчүүдийн сонгуулийн саналын эрхийн төлөө хөдөлгөөний удирдагч. Ерөнхийдөө Шинэ Зеланд нь эмэгтэйчүүдийн сонгуулийн саналын эрхийн төлөө хөдөлгөөн амжилт олсон анхны улс болсон юм. Тус улсын эмэгтэйчүүд 1938 оноос сонгуульд санал өгөх эрхтэй болжээ.

Амелия Эрхарт

 

Америкийн зохиолч, Атлантын далайг хөндлөн гулд ниссэн анхны эмэгтэй нисгэгч болсон агаарын цэргийн зүтгэлтэн. Үүгээрээ Амелия Зуны гавьяаны загалмайгаар шагнуулсан түүхтэй. Тэрээр өөрийнхөө нислэгийн талаар хэд хэдэн бэстселлер ном гаргаж, эмэгтэй нисгэгчдийн “99” байгууллагыг үүсгэн байгуулж, анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан юм.

Камако Кимура

 

 

Японы алдарт эмэгтэйчүүдийн сонгуулийн саналын төлөө тэмцэгч, идэвхтэн. Энэ зураг дээр Камако Кимура эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөөх тэмцэлд зориулсан Нью-Йоркийн жагсаалд оролцож байна. Энэ бол 1917 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өдөр.

Элиза Зимфиреску

 

Румын гаралтай Элиза Зимфиреску нь Ирланд гаралтай Алиса Перритэй хамт дэлхийн хамгийн анхны эмэгтэй инженерүүдэд тооцогддог. Шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийг хэт тоодоггүй хандлагаас болж Замфирескуг Бухарест дэх Үндэсний гүүр, замын сургуульд аваагүй гэдэг. Гэвч Элиза мөрөөдлөөсөө татгалзалгүй, 1909 онд Берлиний технологийн академид элсэн оржээ. Элиза хэд хэдэн судалгааг удирдан явуулсны үр дүнд нүүрс, байгалийн хийн шинэ эх сурвалжууд олдсон байна.

Роза Ли Паркс

 

Америкийн нийгмийн зүтгэлтэн, АНУ-ын хар арьст иргэдийн эрхийн хөдөлгөөний тэмцэгч. 1955 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Монтгомери хотод Роза автобусаар зорчих үеэрээ автобусны цагаан арьстнуудын суух хэсэг дүүрч, өнгөт арьстнуудын зорчих хэсэгт цагаан арьстанд суудал тавьж өгөхийг шаардсан жолоочийн шаардлагыг биелүүлэхээс татгалзжээ. Энэ үйл явдал нийтийн тээврийн хэрэгслийн хар арьст зорчигчдын дунд эсэргүүцэд дэгдэхэд хүргэж, Роза Ли Паркс үндэстэн даяараа алдартай болжээ. АНУ-ын конгрессээс түүнд “Орчин цагийн иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний эх” цолыг олгосон байна.

София Ионеску

Румыны алдарт мэдрэлийн мэс засалч. Софияг дэлхийн хамгийн анхны эмэгтэй мэдрэлийн мэс засалч гэж үздэг.

Анна Франк

“Анна Франкийн өдрийн тэмдэглэл” хэмээх нацизмыг үнэн бодитоор илчилсэн алдарт бүтээлээрээ дэлхий нийтэд танил болсон еврей охин юм. Анна Франк болон түүний гэр бүл нацизмын хохирогчдын дундаас хамгийн олонд танигдсан хүмүүс болжээ.

Мод Вагнер

Америкийн анхны алдарт шивээсчин эмэгтэй. Өдгөө биеэрээ дүүрэн шивээстэй эмэгтэй тийм ч алдар, нэртэй харагдахгүй. Гэхдээ 1907 онд ямар байсан бол гээд төсөөлөөд үз дээ.

Надя Команечи

Дэлхий дахинаа алдартай Румыны гимнастикч. Надя Команечи багаасаа л спортын гимнастикаар хичээллэж, үүнээсээ асар их таашаалыг мэдэрдэг байжээ. Түүний хэлснээр спортоор хичээллэснээр үеийнхнээсээ ч илүү боломж бололцоог олж авсан гэнэ. Учир тэр 9-10 настай байхдаа л дэлхийн олон орноор аялаад үзжээ. Команечи Олимпийн таван удаагийн аварга, спортын гимнастикийн үзүүлбэрээрээ түүхэнд анх удаа 10 оноо авсан хүн гэдгээрээ түүхэнд бичигджээ.

Сара Такрал

Энэтхэгийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй нисгэгч. Сара 21 насандаа нисэх эрх авсан гэдэг.

Тереза эх (Агнес Гонже Бояжиу)

Ядуус болон өвчтэй хүмүүст тусалдаг гэлэнмаа нарын “Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм”-ийг үүсгэн байгуулагч, католик шашинтны гэлэнмаа юм. Гонжа 12 настайгаасаа гэлэнмаа болж, Энэтхэгт очиж, ядууст туслахыг мөрөөддөг байжээ. 1931 онд тэрбээр сахил хүртэж, Тереза хэмээх нэр авчээ. 20 орчим жил Калькутт дахь Гэгээн Мариягийн эмэгтэйчүүдийн сургуульд багшилж байгаад 1946 онд ядууст туслах зөвшөөрөл авч, үндэс угсаа, шашин шүтлэгээс үл хамааран ядуус, өвчтэй хүмүүст үйлчилэх сургууль, асрамжийн газар, эмнэлэг байгуулж эхэлсэн байна. 1979 онд Тереза эх “Зовсон олонд тусламжийн үйл ажиллагаа явуулсан” хэмээн Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

Ана Аслан

Румыны судлаач, хөгшрөлттэй тэмцэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж байсан эмэгтэй. Аслан Бухарест хотноо Европтоо цорын ганц Геронтологийн болон насжилтын хүрээлэнг үүсгэн байгуулж, үений үрэвслээр шаналж буй өндөр настнуудад зориулсан эм бэлдмэл боловсруулж байлаа. Түүний ачаар олон ч хөгшид хөл дээрээ босч, эрч хүчтэй болж, ажилдаа эргэн орсон төдийгүй спортоор хичээллэдэг болсон юм. Түүнчлэн Ана хүүхдийн мартах өвчнийг эмчлэх “Аславитал” хэмээх эм бэлдмэлийг бүтээсэн.

Аннет Келлерман

Австралийн мэргэжлийн усанд сэлэгч. Аннет 6 настайдаа хөлний өвчтэй болж, эцэг эх нь тахир дутуу болохоос нь зайлсхийлгэх зорилгоор Сиднейн сэлэлтийн сургуульд өгч, усан спортоор хичээллүүлэх болжээ. 13 настайдаа хөл бараг хэвийн болсон Аннет 15 настайгаасаа сэлэлтийн тэмцээнд оролцож эхэлсэн байна. 1905 онд 18 настай Аннет Ла-Маншийг хөндлөн гулд сэлж туулах зориг гаргасан анхны эмэгтэй болжээ. Гурван удаагийн оролдлого бүтэлгүйтсэний эцэст тэрээр “Би тэсвэр тэвчээртэй ч хүч хүрсэнгүй” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Аннет эмэгтэйчүүдэд бүтэн усанд сэлэлтийн хувцас өмсөхийг зөвшөөрүүлж чадсан хүний тоонд ордог. Үүний улмаас тэр баривчлагдаж байсан аж.

Рита Леви-Монтальчини

Италийн нейробиологич, өсөлтийн хүчин зүйлсийг нээснийхээ төлөө Нобелийн шагнал хүртсэн бүсгүй юм. Тэрээр шинжлэх ухаанд өөрийгөө бүрэн зориулсан бөгөөд үүндээ огтхон ч харамсдаггүй хэмээн ярьсан байна. Тэрээр тэтгэвэртээ гарсны дараахан ч шинжлэх ухааны судалгаагаа хийсээр байсан юм. Рита Леви-Монтальчини гуравдагч орнуудын эмэгтэйчүүдэд дээд боловсрол эзэмшихэд туслах сайн үйлсийн тусгай сан ч байгуулж байжээ. Тэрээр Папын шинжлэх ухааны академид элссэн анхны эмэгтэй болсон юм. Харин 2001 онд тэрээр Италийн насан туршийн сенатчаар сонгогджээ.

Берта фон Зутнер

Австрийн олон улсын энхийг сахиулах хөдөлгөөний зүтгэлтэн. 1889 онд түүний “Зэр зэвсэг сөнөтүгэй” хэмээх XIX зууны 60-аад онуудад гарсан Европын дайны улмаас хувь заяа нь ээдрээтэй болсон залуу эмэгтэйн амьдралыг өгүүлсэн ном хэвлэлтэд гарсан юм. Энэ номоор тэрээр энхийн төлөө тэмцэгч болж гарч ирсэн юм. Тухайн үед эмэгтэйчүүд нийгмийн амьдралд бараг оролцдоггүй байсан ч энхийн төлөө идэвхтэй тэмцэгч Зутнер олон нийт, тэр дундаа Альфред Нобелийн хүндлэлийг хүлээж байсан гэдэг. Зутнер Альфред Нобельтой захидлаар харилцаж, энхийн төлөө байгууллагын үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүргэж, энэ үйл ажиллагаанд хандив өргөхийг уриалдаг байлаа. 1905 онд Берта Нобелийн энх тайвны шагнал хүртсэн анхны эмэгтэй, Нобелийн шагнал хүртсэн хоёр дахь эмэгтэй болсон юм.

Ирена Сендлер

Варшавын эрүүл мэндийн газрын ажилтан, Польшийн газар доорх байгууллагын гшүүн Ирена Сендлер Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Варшавын геттогоор байнга явж, өвчтэй хүүхдүүдийг хянадаг байлаа.  Тэрээр нөхдийнхөө хамт нууц байгууламжаараа геттогоос 2500 хүүхэд гаргажээ. Иреа Сендлер аварсан бүх хүүхдийнхээ мэдээллийг нарийхан зурвас цаасан дээр бичиж, шилэн саванд хадгалдаг байв. Нэгэн нэрээ нууцалсан нөхөр 1943 онд түүнийг илчилж, цаазын ял оноосон ч Ирена аврагдаж чадсан байна. Ирена Сендер дайн дуустал нуугдаж байсан ч еврей хүүхдүүдэд тусалсаар байв.

Гертруда Кэролайн

Ла-Маншийн хоолойг хөндлөн гулд туулан сэлсэн анхны эмэгтэй (1926 он). АНУ-д түүнийг “давалгааны хатан хаан” хэмээн нэрлэж байв. Тэрээр энэ сувгийг сэлж туулахад 14 цаг 39 минутыг зарцуулсан гэдэг.

Хеди Ламарр

1930-1940-өөд оны Австрийн, дараа нь Америкийн алдарт кино жүжигчин, түүнчлэн зохион бүтээгч юм. Европоос гаралтай Холливудын нууцлаг од, өвөрмөц зохион бүтээгч Жорж Энтайл нар хамтарч дохионы дууг намсгахад саад бологч дохионы кодлолын шинэ аргыг бодож олжээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш кино карьераа үргэлжлүүлсэн Ламарр үүгээрээ АНУ-ын флотын олон усан онгоцыг дайснуудын шумбадаг минанаас авраад зогсохгүй Wi-Fi, Bluetooth-ын стандартуудын эхлэл болсон юм. Түүнийг технологийг дахин илрүүлж, 1960-аад онд Карибын хямралаас хойш өргөн хэрэглэх болжээ.

Ада Лавлейс

Түүхэн дэх анхны программист гэж үздэг Британийн математикч юм. Тэрээр математиктай амьдралаа холбож эхлэх үедээ л “аналитик машин” буюу программын удирдлагатай дэлхийн анхны тооцоолуурын машин зохиох санаа бодлоо амьдралтайгаа уялдуулсан математикч, эдийн засагч Чарльз Бебижтэй танилцсан байна. Хүн төрөлхтний хувьд Бебижийн агуу санаа бодол, үзлийн утгыг ойлгохын тулд нэг зуун гаруйн хугацааг өнгөрөөх шаардлагатай байсан бол Ада үнэнч нөхрийнхөө бүтээлийг тэр дор нь ойлгож, хамтдаа бүтээхийг эрмэлзжээ. Тэрээр хожим анхны цахим тооцоолуурын машинд хэрэг болох программтай үнэхээр төстэй программ бичсэн бүсгүй юм. Дашрамд сонирхуулахад Ада нь алдарт яруу найрагч Жорж Гордон Байроны охин юм.

Людмила Павличенко

Дэлхийн түүхэнд үлдсэн домогт мэргэн бууч эмэгтэй юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед Молдав, Одесс, Севастополийн хамгаалалтын тулаанд оролцож байсан. 1942 оны 06 дугаар сард Людмила хүнд шарх авч, ажиллах боломжгүй болсон ч дараа нь төлөөлөгчдийн хамт АНУ руу явсан юм. Павличенко айлчлалын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хүлээн авалтад оролцож, тэр ч бүү хэл тэргүүн хатагтайн урилгаар Цагаан ордонд хэсэг хугацаанд амьдарч байсан гэдэг. Олон хүн түүний Чикаго хэлсэн үг болох “Жентльменүүд ээ, би 25 настай. Фронтод би Фашистын 309 булаан эзлэгчийг устгаж чадсан. Тэгэхээр жентльменүүд ээ, та нар миний ард хэтэрхий удаан нуугдаад байгаа юм шиг санагдахгүй байна уу” гэсэн үгийг санадаг.

Розалинд Франклин

ХХ зууны шинжлэх ухааны хамгийн том амжилт гэгддэг ДНК-ийн бүтцийн нээлтэд Розалинд Франклины үүрэг багагүй боловч хэдэн арван жилийн турш түүний бүтээсэн гавьяаг дарж иржээ. Үүнд Франклин хорт хавдрын улмаас эрт нас барсан нь ч нөлөөлсөн байж мэднэ. Хэдийгээр Нобелийн хорооноос Розалиндыг шагналаас хасч, Жеймс Уотсон, Фрэнсис Крик, Морис Уилкинс нар олгохоор болсон ч үнэн юм үнэнээрээ л байдаг хойно Франклины гүйцэтгэсэн ДНК-ийн рентген бүтцийн шинжилгээ давхар эргүүлгийг гарган авах үнэлшгүй алхам болж чадсан юм.

Жейн Гудолл

Английн алдарт угсаатан судлаач Жейн Гудолл 30 гаруй жилийг Танзанд Гомба-Стрим хөндийд шимпанзе сармагчны ажиглалт хийж өнгөрөөсөн юм. Тэрээр судалгаагаа 1960 оноос буюу 18 настайгаасаа эхэлжээ. Эхэндээ түүний ажилд туслах хүн байгаагүй болохоор ганцааранг нь явуулахгүй гэсэндээ ээж нь Африкт хамт очжээ. Тэд нуурын эрэг дээр майхан барин амьдарч, гайхалтай судалгаагаа хийсэн байна. Дараа нь түүний мэдээллийг дэлхий даяар сонирхож, түүнтэй орон орны эрдэмтэд нэгджээ. Өдгөө Гудолл нь НҮБ-ын энхийн элч, алдарт амьтан судлаач, угсаатан судлаач, антропологич юм.

Билли Жин Кинг

Америкийн алдарт теннисчин, Уимблдоны тэмцээнд түрүүлсэн тоогоороо дээд амжилт тогтоогч юм. Түүний санаачилгаар Дэлхийн эмэгтэй теннисчдийн холбоо байгуулагдаж, хуваарь тэмцээн уралдаануудыг эрчүүдийн теннисээс дутахааргүй явуулж байна. Кинг эмэгтэйчүүдийн спорт дахь тэгш эрхийг батлахын тулд 1973 онд эмэгтэй теннисийн түвшний талаар буруу ойлголттой байсан дэлхийн №1 теннисчин, 55 настай Бобби Риггстэй үзүүлэх тулаан зохион байгуулж байв. Кинг гайхалтай ялалт авчирч, Риггсийг жинхэнэ утгаар нь бут ниргэж чадсан билээ. Тэр цагаас хойш теннис нь үзэгчдийн дунд хамгийн алдатай спортын төрлүүдийн нэг, АНУ-ын үндэсний шүтээн болсон гэж мэргэжилтнүүд үздэг.

Рейчел Карсон

Америкийн биологич Рейчел Карсон “Чимээгүй хавар” хэмээх пестицид нь амьд организмд ямар сөрөг нөлөө үзүүлдэг тухай номоороо дэлхий дахинаа алдаршсан. Рейчел Карсоны ном хэвлэгдсэний дараа түүнийг химийн үйлдвэрийн төлөөлөгчид, Засгийн газрын зарим гишүүд буруутган чичилж байлаа. Түүнийг ийм ном бичихээргүй “галзуу хүүхэн” ч гэж нэрлэж байв. Хэдий тийм боловч түүний ном экологийн шинэ хөдөлгөөний хөгжлийн гүүр болсон юм.

Грейс Хоппер

Америкийн эрдэмтэн, АНУ-ын флотын сөрөх-адмирал. Тэрбээр Харвардын компьютерийн программ бичсэн анхны хүмүүсийн нэг юм. Түүнчлэн компьютерийн программын хэлний анхны эмхтгэлийг боловсруулж, программын машинаас хамааралгүй хэлний концепцийг хөгжүүлсэн нь COBOL-ыг бүтээхэд тус дөхөм болжээ. Сонирхуулахад Грейс л компьютерийн ажиллагааны доголдлыг арилгах debugging хэмээх томъёог нийтэд дэлгэрүүлсэн юм.

Мария Тереза де Филиппис

Италийн авто уралдааны нисгэгч. Формула-1-ийн нисэгч болсон анхны эмэгтэй. Тэрээр 28 насандаа Италийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд тойрог авто уралдаанд хоёрдугаар байр эзэлж байсан удаатай. 1958 онд Формула-1-д оролцож, “Гранпри Сиракуз”-ын тавдугаарт бичигджээ.

Анна Ли Фишер

Анхны ээж сансрын нисэгч. “Дискавери” шаттлаар мэргэжилтнээр нисэх үед охин Крисни Энн нь дөнгөж ой гарантай байв.

Стефани Кволек

Кевлар /сум нэвтэрдэггүй хантаазны материал/-ыг зохион бүтээсэн польш гаралтай Америкийн химич. Эрдэмтэн судлаачаар 40 жил ажиллахдаа тэрбээр 17-28 патент авсан байдаг. 1995 онд тэрээр Зохион бүтээгчдийн алдрын Үндэсний зааланд нэрээ мөнхөлсөн дөрөв дэх эмэгтэй болж, 2003 онд Эмэгтэйчүүдийн Алдрын зааланд нэр нь бичигджээ.

Малала Юсуфзай

Пакистаны хүний эрхийг хамгаалагч. Малала нь 11 настайгаасаа буюу талибуудад бүслэгдсэн Мингора хотын амьдралын тухай ВВС-д блог хөтөлсөн цагаасаа эхлэн олон нийтийн идэвхтэн болсон. 2012 онд түүнийг хийж буй үйл хэрэг, хэлсэн үгнээс нь болж хөнөөх гэж оролдсон ч эмч нар азаар түүний амь насыг аварч чадсан билээ. 2013 онд тэрбээр өөрийн намтар номоо хэвлүүлж, НҮБ-ын төв байранд илтгэл тавьж, 2014 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж, хамгийн залуу шагналтан (17 настайдаа авсан) болсон байна.

Дарга эмэгтэйдээ ямар цэцгээр бэлэг барих вэ?

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан цэцэгчид бүсгүйчүүдэд ямар цэцэг сонгох талаарх хэд хэдэн зөвлөгөө өгч байна.

Залуу эмэгтэйчүүдэд дэлбээгээ хагас дэлгэсэн, энхрий ялдам, жижиг бутлаг цэцэг өгдөг бол ахимаг насны хатагтай нарт тод өнгийн том цэцэг өгдөг. Ажлын газрын бүсгүйчүүд болон ажил хэргийн түнш бүсгүйчүүдэд сонгодог, элдэв чимэглэлгүй цэцэг барина.

Орчуулсан: М.МОЛОР

Эх сурвалж: womo.ua

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Дэлхий ертөнцийг өөрчилсөн 33 эмэгтэй”
  1. хүчирхэг эмэгтэйчүүд ихэнхдээ эрэгтэйлэг царайтай, ясархаг том биетэй, төвөнхтэй, тод томруун харцтай байна

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн