Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр монголчуудын хувьд бүх нийтийн амралтын өдөр билээ. Тиймээс өнөөдрийн Баасан гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Түүнчлэн залгуулаад Бямба, Ням гарагийн амралтын өдрүүд үргэлжилж байгаа билээ.
Хэдийгээр эмэгтэйчүүдийн баярын өдөр гэж байгаа ч эрчүүд даган баярлаж, согтууруулах ундааны зүйлс хэтрүүлэн хэрэглэх нь бараг л жирийн үзэгдэл. Тодруулбал, өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байжээ. Харин эдгээрээс 45 орчим хувь нь эмэгтэй жолооч нар байсан байна.
Иймд иргэд та бүхнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, баярыг согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.