Нийгэм

Агаарын бохирдол ихтэй дэлхийн 100 хотын 72 дугаарт Улаанбаатар жагсжээ

2018 онд дэлхийн хотуудын агаарын бохирдол ямар түвшинд байсныг судлан тогтоожээ. Ингэхдээ нийт 3,000 хотын агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээг жилийн турш хэмжиж үнэлсэн байна. Жилийн турш агаарын бохирдолд өртөж байгаа хүн амын хэмжээгээр нь жагсаахад Монгол улс Бангладеш, Пакистан, Энэтхэг, Афганистан, Бахрейны дараа зургаадугаарт эрэмбэлэгджээ. Үүнд хүн амын дийлэнх хэсэг нийслэл Улаанбаатарт төвлөрдөг нь нөлөөлсөн бололтой.

Харин хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад Улаанбаатар хот 72 дугаарт жагссан байна. Ингэхдээ Улаанбаатар хотод нэгдүгээр сард агаарын чанар хамгийн муу буюу “эрүүл мэндэд маш их муу нөлөөтэй” (very unhealthy) байжээ. Харин арваннэг, арванхоёр, хоёр дугаар саруудад “эрүүл мэндэд муу нөлөөтэй” (unhealthy) байж, гурав, аравдугаар саруудад “эмзэг бүлгийнхний эрүүл мэндэд муу нөлөөтэй” (unhealthy for sensitive groups) байсан байна.

Ганцхан долдугаар сард агаарын чанар “сайн” (good) үзүүлэлттэй байсан бол дөрөв, тав, зургаа, есдүгээр саруудад “дунд зэргийн” (moderate) түвшинд байсныг уг судалгаа харуулжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол улирлын чанартай байдаг нь эндээс харагдаж байна. Харьцуулбал хамгийн их бохирдолтой хотуудыг тэргүүлсэн Энэтхэгийн Гуруграм хотод жилийн дөрвөн сард нь эрүүл мэндэд “маш муу нөлөөтэй”, үлдсэн бүх сард нь “муу нөлөөтэй” байгаа юм.

Эх сурвалж: AirVisual, BBC

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close