Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг 2019 оны 3 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Увс аймгийн Ховд, Өмнөговь, Улаангом, Малчин зэрэг суманд ажиллаж, алслагдмал аж төрж буй малчин өрх, отроор өвөлжиж буй малчны аж байдал, отрын штабын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдуулав.
Увс аймагт 19 сумын 92 багийн 10711 өрхийн 3.1 сая толгой мал өвөлжиж байна. Өөр аймгийн нутагт 66 өрхийн 34.4 мянга, өөрийн аймгийн бусад сумдад 183 өрхийн 111.2 мянга, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 21 өрхийн 7.2 мянга, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 346 өрхийн 130.2 мянга, хилийн зурваст 1338 өрхийн 331.5 мянган мал тус тус хаваржиж байгаа юм. Аймгийн Баруунтуруун, Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Хяргас сумдад 270 өрх оторлож байна.
Өнөөдрийн байдлаар тус аймгийн Завхан, Зүүнговь, Малчин, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Улаангом, Ховд, Хяргас зэрэг 12 суманд хаваржилт хүндрээд байна. 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 1 дүгээр сард Баруунтуруун, Зүүнговь, Тэс, Малчин, Улаангом, Сагил зэрэг 6 суманд агаарын хэм -40.5 хэмээс -50 хэм хүрч, 66-82 хоног хүйтэрчээ.
Увс аймгийн нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй байгаагаас Тэс, Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Хяргас сумын нутгаар цасны дундаж зузаан 10-23 см, хунгарласан газар, гуу жалгандаа 50-70 см хүрчээ. Ийнхүү цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас малын идэш тэжээл, тарга хүч муу байна.
Хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн аюулгүйн нөөцөөс Өлгий, Өмнөговь, Тариалан, Малчин, Зүүнговь, Хяргас, Түргэн, Сагил, Наранбулаг сумын малчдад аймгийн аюулгүй нөөцөөс 91 тонн тэжээлийг 50 хувиар хямдруулан, 116 тонн өвсийг малын тооноос хамааран хуваарилсан аж. Мөн алслагдсан газарт отроор хаваржиж байгаа айл өрх, иргэдэд, төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэхэд зориулан тус бүр 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Ийнхүү гуравдугаар сарын дунд хүртэл хүйтэн байж, хаваржилт улам хүндрэх төлөвтэй байгаа тул буцалтгүй тусламжаар, хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгох санал тавьсны дагуу Засгийн газрын тогтоолоор улсын нөөцөөс 400 тонн өвс, 400 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэснийг Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг танилцууллаа. Түүнчлэн Завхан сумын Эрүүл мэндийн төвийн автомашины засварын хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг Шуурхай бүлгээс хүсэхэд холбогдох яаманд саналыг уламжлах болно гэв.
Улсын нөөцөөс малчдад хөнгөлөлттэй үнээр олгох өвс, тэжээл хуваарилахыг ажлыг тухайн орон нутаг зохион байгуулах бөгөөд энэ үеэр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хаваржилт хүндэрч буй сумдад өвс, тэжээл хүргэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комисст даалгалаа.
Увс аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр
Увс аймгийн Малчин суманд ажиллах үеэр
Отрын штабын үйл ажиллагаатай танилцах үеэр
Увс аймгийн Өмнөговь сумын малчных
МАЛ АЖ АХУЙН СУУРЬ ХУУЛИУДАА СУДАЛЖ, МАЛЧДАД ТАНИУЛАН ОЙЛГУУЛАХЫГ ХҮСЛЭЭ
Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр хүний нөөц дутагдалтай, бэлчээрийн усан хангамжийн хүрэлцээ муу, эвдэрсэн худагнуудыг засварлах шаардлагатай, Мал эмнэлгийн газарт түргэн тусламжийн автомашин хэрэгтэй байгаа зэрэг тулгамдсан асуудлыг орон нутгийн мэргэжлийн байгууллага хөндлөө. Хүний нөөц дутмаг байгаа асуудалд батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллах ёстой, худаг засварлах ажилд анхаарч ажиллана, түргэн тусламжийн автомашиныг олгоно гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах ёстойг хэллээ.
Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудаа сайтар судалж, хуульд заасан малчдын үүрэг, оролцооны талаар тэдэнд тайлбарлан таниулах, хоёр хуулийг дагалдан гарч буй дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах, мал эмнэлгийн үйлчилгээ, тэр дундаа дархлаажуулалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байгааг ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд зөвлөсөн юм.
Увс аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрынхантай
Эх сурвалж: ХХААХҮЯам