Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо эх орондоо эргэн иржээ. Венесуэлийн Дээд шүүх хэдэн долоо хоногийн өмнө Гуайдогийн хил нэвтрэх эрхийг хассан ч тэр хөрш орнуудын дэмжлэгийг авахаар хилийн чанадад айлчилсан байв.
Харин Венесуэлийн засаг захиргаа түүнийг хилээр орж ирсэн даруйд нь баривчилна гэж байсан юм. Ийм хоригт орсон байсан Гуайдо өчигдөр “Твиттер” хуудсаараа дамжуулан “хайртай нутагтаа ирээд байна” гэж зарлаад Каракас дахь Симон Боливарын нисэх онгоцны буудлын паспортын хяналтын албаны ажилтан түүнийг “Тавтай морил, Ерөнхийлөгч өө” хэмээн угтсан хэмээн мэдэгджээ.
Боготагаас Каракасын чиглэлийн нислэгээр ирэхэдээ Гуайдо дотоод сүлжээгээр дамжуулан онгоцны зорчигчдод хандахад тэд талархан хүлээн авч, хамтдаа зураг татуулсан гэж өгүүлжээ.
Тэрбээр онгоцноос буусан даруйдаа Каракасын төв талбайг зорьж, тэнд цугларсан олон зуун дэмжигчтэйгээ уулзжээ. Энэ үеэрээ тэр улам хүчирхэгжиж байгаа Мадурогийн дэглэмийн эсрэг эсэргүүцлийн шинэ арга хэмжээ зохион байгуулахыг уриалжээ.
Гуайдог эх орондоо эргэн ирэхэд Франц, Герман, Румын, Нидерланд, Аргентин, Бразилийн Элчин сайдууд дагалдаж явсан учраас баривчлах ажиллагаа саатсан гэж “Инфобай” порталд мэдээлсэн байна. Харин “Би-Би-Си” агентлаг Гуайдог хууль сахиулах байгууллагынхан бус, дэмжигчид угтсан учраас баривчилгаа хийгдээгүй гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Хэрвээ Гуайдод эх орондоо тайван очих боломж олгохгүй бол Венесуэлийн засаг захиргааны эсрэг шинэ арга хэмжээ авна” гэж мэдэгдэж байв. АНУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын сүрдүүлэг Гуайдог баривчилахгүй тайван орхих шалтгаан болсон бололтой.