Эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь зөв хүн болгон төлөвшүүлж, авьяасыг нь нээх зорилгоор янз бүрийн сонгон, дугуйлан, секцтэй сургуулийг сонгохыг илүүд үздэг болсон. Сүүлийн жилүүдэд ийм хандлага улам нэмэгдэх болсноор гадаад хэл болон оюуны спортоор түлхүү хичээллүүлдэг төлбөртэй хувийн бага сургууль нэмэгджээ. Тэр ч бүү хэл өдөр өнжүүлэх төв болон бусад газарт зохион байгуулагддаг секц, дугуйланд хичээлийн бус цагаар хамруулах нь ч элбэг. Тэр ч үүднээс 2019-2020 оны хичээлийн шинэ жилд бяцхан хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэн суралцуулах гэж буй эцэг, эхчүүдэд зориулан дараах сурвалжилгыг бэлтгэв.
ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 79 МЯНГА ГАРУЙ ХҮҮХЭД НЭГДҮГЭЭР АНГИД ЭЛСЭНЭ
Ерөнхий боловсрол олгож эхлэх нас зургаа болоод хэдийнээ 10 орчим жил болжээ. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдээ зургаан настайд сургуульд элсүүлж, сурагч болгох үйл явцад дассан гэсэн үг. Харин өнөөдөр зургаан настнуудаа хаанахын ямар сургуульд оруулах талаар толгой гашилгаж, эрэл сурал болдог болсон байна. Өнгөрсөн хичээлийн жилд 67 мянга гаруй сурагч шинээр сургуульд элсэн орсон. Тэгвэл ирэх хичээлийн жилд 79 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид орно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Үүний 42 мянга нь эрэгтэй, 37 мянга нь эмэгтэй. Гэхдээ энэ нь урьдчилсан тоо. Буурахыг ч үгүйсгэхгүй, нэмэгдэж ч магадгүй. Учир нь, гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдийн тоо үүнд багтаагүй юм. Сургуулийн хүрэлцээ муу байгаагийн хэрээр нэг ангид элсэх сурагчийн тоо нэмэгдсэн. Эцэг, эхчүүд зургаан настай хүүхдийнхээ сэтгэл зүйг сургуульд элсэхэд нь бэлтгэх. Бэлтгэсэн тохиолдолд зургаа битгий хэл дөрөв, таван настайдаа ч сургуульд суралцаж болох юм. Үүний нотолгоо нь ЮНЕСКО-гийн Статистикийн Институтээс /UIS/ сургуульд орох нас, нийт сурах хугацааг газар нутгийн байршлаар нь 204 орны хэмжээнд гаргахад гуравны хоёр нь буюу 136 орон хүүхдээ зургаан настай сургуульд оруулдаг аж. Үлдсэн 68 орон 4, 5, 7 настайд нь сургуульд оруулдаг байна.
СУРГУУЛЬД ОРОХООС НЬ ӨМНӨ ХЭТ ИХ БИТГИЙ ШАХААРАЙ
Хүүхдийг сургуульд элсэхэд н ь хэрхэн бэлтгэх арга, туршлагаас сонирхуулъя. Хүүхдийг ивээх сангаас “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Японы Гадаад хэргийн яамны санхүүгийн тусламжтайгаар нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд өнгөрсөн жилүүдэд амжилттай хэрэгжүүлжээ. Орчин цагт эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд орохын өмнө IQ-гийн сургалтад хамруулах нь түгээмэл болсон. Энэ нь давуу талтай ч хүүхдийг халшрамтгай болгодог болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна. Тиймээс албан ёсоор хичээлд орохоос нь өмнө хэт их зүйлээр шахахгүй байхыг зөвлөж байгаа юм. Таны хүүхэд цэцэрлэгт хамрагддаг л бол сургуулийн өмнөх боловсролын шатанд сурах ёстойгоо сурна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт сургуулийн 90 орчим хувь сургалтын цөм хөтөлбөртөө ямар нэгэн секц, сонгон, гүнзгийрүүлсэн сургалттай анги хичээллүүлж байгаа юм.
“ШИНЭ МОНГОЛ” 72, “ОЛОНЛОГ” СУРГУУЛЬ 96 ХҮҮХЭД ШИНЭЭР ЭЛСҮҮЛНЭ
Боломжийн сургуульд зохих хэмжээний төлбөр төлөөд явуулж, хүүхдээ тохилог, тав тухтай орчинд сургахыг бүх аав, ээж боддог. Тиймээс зарим нь боломждоо тааруулан хувийн сургуулийг сонгодог. Нийслэлийн хэмжээнд нэр хүндээрээ дээгүүрт эрэмбэлэгддэг “Шинэ Монгол”, “Олонлог”, “Орчлон”, “Эрэл” гээд олон хувийн сургууль бий. Тэднээс эхлээд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ монгол” сургуулиар орлоо. Тус сургууль 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтээр 72 хүүхэд авах гэнэ. Анги дүүргэлтийг 27-29 хүүхэдтэй байхаар тооцоолж байгаа аж. Элсэлт нь ирэх сарын 8-наас гурван хоног үргэлжлэх юм байна.
Тус сургуулийг сонгох хамгийн гол шалтгаан нь “Зөв хандлага, зөв төлөвшил” гэдгийг багш нар нь онцоллоо. Сургуулийн хувьд “алтан гурвалжин” гэсэн бодлогыг шинэ Монголын үзэл санаанд тусгаж, хэрэгжүүлж ажилладаг байна. “Алтан гурвалжин” гэдэг нь оюун санаа, санаа сэтгэл, бие бялдар гэсэн гурван зүйлийг суралцаж чадваас зөв хүн бүтнэ гэж үздэг аж. “Шинэ Монгол” сургууль нь 1-12 дугаар анги төгсөх хүртэл сурагчдад эрдэм мэдлэгтэй иргэнээс гадна хөдөлмөрч иргэн бүтээхийн төлөө тусгай хөтөлбөрийн дагуу ажилладаг гэнэ. Хөтөлбөр бүхэн н ь өөрийн гэсэн онцлогтой. Суралцагсдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор бүх сурагчийг дугуйлан, секцэд хамрагдахыг шаарддаг. Нийт 36 төрлийн дугуйлан, секц, клуб хичээллэдэг. Бүх сурагч хамгийн багадаа нэг дугуйлан, секцэд хамрагдсан байдаг. Үүнээс гадна сурагч бүр хоёр төрлийн хичээл нэмж сонгон суралцах боломжтой.
Мөн математик, физик, хими, япон хэл, англи хэл, мэдээлэл зүй, нийгэм-түүх, монгол хэл гэсэн найман төрлийн сонгонтой. Энэ мэтчилэн нэлээд хэдэн давуу тал байгаа аж. Тэгвэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай “Олонлог” сургуулийг сонгох шалтгаан нь олон гэнэ. Наанадаж багш нарын хувьд тогтвортой, нэг ээлжтэй зэргээс шалтгаалан эцэг эхчүүд сонгодог байна. Тус сургууль нь ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр дөрвөн бүлэгт 96 хүүхэд элсүүлэхээр тогтсон бөгөөд элсэлт өнгөрсөн баасан гарагаас эхэлжээ. Математик, англи хэлний нэмэлт хичээл сургалтын хөтөлбөрт ордог нь давуу тал. Бага ангид монгол, гадаад багш хосолж заадаг. Уг сургуулийг нийслэлчүүд “Математикийн сургууль” гэдгээр нь андахгүй мэднэ. Байгуулагдсан цагаасаа математик суурьтай байсан учраас тооны чиглэлээр хүүхдээ мэргэшүүлэхийг хүссэн эцэг, эхчүүд “Олонлог”-т ханддаг байна. Гэтэл “Орчлон” сургууль нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлээ бараг дуусаж байгаа гэнэ. Тодруулбал, нөгөөдөр элсэлтийн сүүлийн өдөр аж. Харин энэ сарын 13-нд сургуулиа танилцуулах өдөрлөг зохион байгуулах аж. “Орчлон”-гийн бага сургуулийн төлбөр 7,200 ам.доллар. Хүүхэд суралцах хамгийн таатай орчныг бүрдүүлсэн гэдэг нь тус сургуулийн хамгийн гол давуу талын нэг.
УЛСЫН СУРГУУЛИУДЫН ОЛОНХ НЬ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ
Манай улсдаа л хамгийн томд тооцогддог 1, 3, 11,18, 23 дугаар гэх мэт гүнзгийрүүлсэн сургалттай сургууль цөөнгүй бий. Тухайлбал, Нэгдүгээр сургууль л гэхэд математик, гадаад хэлний сургалтаараа дотооддоо нэртэй. Харин XI сургууль физикийн төрөлжсөн сургалттай. Тэгвэл 18 дугаар сургууль гадаад хэл, 21 дүгээр сургууль математикаас гадна багийн спортод анхаарал хандуулдаг бол 33 дугаар сургууль усанд сэлэлт, шатрын спортоор сурагчдаа дотоод болон тив, дэлхийд мандуулах зорилго өвөртөлжээ. Ер нь ихэнх сургууль гадаад хэл, математикийн сургалтыг гүнзгийрүүлэхийг эрхэмлэхийн сацуу спортод анхаарал хандуулдаг.
Зөвхөн төвийн сургууль гэлтгүй гэр хороололд байршилтай 72, 92, 37 дугаар сургууль, “Амгалан”, “Баянзүрх” цогцолбор зэрэг нь хөлбөмбөг, ширээний теннисээс гадна хими, нийгмийн ухаан зэрэг хичээлийг голчлон анхаардаг. Зарим эцэг, эх санхүүгийн боломжгүйгээс шалтгаалан хамрагдах тойргийнхоо сургууль хүүхдээ элсүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тэгвэл үүнд та санаа бүү зовоорой. Өнөөгийн нийгэмд ихэнх сургууль орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхаж, бусдаас дутахгүйн тулд ямар нэгэн байдлаар гүнзгийрүүлсэн анги, тусгай сургалт, секц дугуйлантай байгаа. Бүгд өөрийн хэмжээнд тодорхой түвшний давуу талтай гэдгийг Нийслэлийн боловсролын газрынхан хэлж байна.
Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд өнөөгийн нийгэмд төлбөртэй, төлбөргүй сургуулийн ялгаа маш бага байгааг онцлууштай. Энэ бол албаны хүмүүсийн үг. Гагцхүү суралцах орчин, тохь тух, багш нарын заах арга барил, эцэг, эхчүүд хүүхэдтэйгээр хэрхэн ажиллаж байгаагаас бүх зүйл шалтгаалж буй аж. Эцэст нь дахин хэлэхэд, улсын хэмжээнд 79 мянга гаруй хүүхэд ирэх хичээлийн жилд шинээр нэгдүгээр ангид элсэх урьдчилсан тоон дүн бий. Харин хаанахын, ямар сургуульд өгөх нь эцэг, эхчүүдийн асуудал. Гагцхүү заавал төлбөртэй сургуульд хүүхдээ хамруулах шаардлагагүй гэдгийг дурдахыг хүссэн юм.
Эх сурвалж: