2018 оны жилийн эцсийн байдлаар, улсын хэмжээнд 27 төрлийн 42.074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10.000 хүн амд ногдох өвчлөл 12.5-аар буурсан боловч Улаанбаатар хотод /164.4/ улсын дундаж үзүүлэлтээс өндөр үзүүлэлттэй байна. Үүнд амьсгалын замын цочмог халдварт өвчний 13.122 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварт өвчний 31.2 хувийг эзэлж байгаа юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нартай хамтран менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийлээ.
Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 189 сургуулийн 108.756 хүүхдэд хамар залгиурын үрэвслийг илрүүлэх үзлэг шинжилгээг хийснээс 13031 үрэвсэлтэй хүүхэд, 304 цэцэрлэгийн 123.954 хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулснаас хамар залгиурын үрэвсэлтэй 108.756 хүүхдийг оношилж, эмчилгээнд хамруулж байна.
Цаашид амьсгалын замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамар залгиурын үрэвслийн үзлэг шинжилгээг тогтмол хийж, эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж өгч, мэдээлэл сурталчилгааны материал түгээж ажиллалаа.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР