Яргуй идсэн бор гөрөөсний цус сайн гэсэн монголчуудын дам яриа бий. Тиймээс яргүй нүдлэх цагаар бор гөрөөсний хууль бус ан агнуур ихэсдэг. Мөн бор гөрөөсний мах хилээр гаргах зэрэг зөрчлүүд ч нэлээд гардаг.
Тэгвэл гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд эсрэгээрээ аюул дагуулж цусны халдварт өвчин тусах эрсдэлтэй болохыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Тодруулбал, бор гөрөөсний цусанд Бабиозиа (Babesia venatorum) хэмээх шинжлэх ухааны нэртэй аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм оршдог аж. Энэ нэг эст цусны паразит нь хачиг болон өөр бусад цус сорогч гадаад шимэгчээр дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогджээ. Манайхан үүнийг Японы судлаачидтай хамтран хийсэн судалгаагаар ч илрүүлэн нотолсон байдаг. Мөн хачигт хазуулах, гөрөөс малын цус түүхийгээр хэрэглэвэл хачигт энцофалитаар өвдөх аюултай гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас ч сануулсаар байгаа. Хачиг нь тархины саажилт үүсгэдэг вирусийг хадгалж байдаг бөгөөд гөрөөсний түүхий цусанд энэ вирус амьдардаг аж. Уг вирусээр өвчилсөн хүн амьд үлдлээ гэхэд өрөөл татуу болох эрсдэлтэй юм байна.
Өнгөрсөн жил гэхэд л энэ амьтны цусыг уусан залуугийн бие нь муудаж, реакци өгөн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид тухайн үед мэдээлж байсан билээ.
Тиймээс хүний биед тустай гээд бор гөрөөсний цус ууж, цусны аюулт халдварт өвчин тусахаас сэргийлэхийг анхааруулж энэ мэдээллийг хүргэлээ.
1 comment
Goroosnii tsus uugaad booljij guilgej baigaad nas barsan huniig medne..