Дорноговь аймгийн төв Сайншанд хотод гурван жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл амьдрал” өглөөний дасгалд Сайншандын иргэд идэвхтэй оролцдог болжээ. Уг дасгалд өсвөр, залуу, ахмад бүх насныхан хамрагддаг бөгөөд өглөө 07:00-08:00 цагийн хооронд нийтийн биеийн тамирын цагт спорт тоглоом, сагсан бөмбөг, волейбол, бадминтон зэрэг төрлөөр үнэ төлбөргүй хичээллэх боломжтой.
Өглөө бүр дасгал хөдөлгөөн хийснээр бие эрүүлжиж өдрийн турш эрч хүчтэй явах боломж бүрддэг хэмээн нэгэн ахмад настан ярив. Мөн Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх зорилгоор сар бүрийн гурав дахь долоо хоногийн баасан гарагийг “Нийгмийн эрүүл мэндийн өдөр“ болгосон байдаг аж.
Нийгмийн эрүүл мэндийн өдрөөр зохион байгуулах байгуулагуудын үйл ажиллагааны хуваарийг баталж сумдын ЗДТГ, байгууллага аж ахуй нэгжүүд иргэдийн оролцоог хангасан спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрүүл мэндийн бйгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг байна.