МАХН өчигдөр (2019.03.01) “Эх орончдын өдөр-Залуусын баяр” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж тус намын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр үг хэлсэн юм. Тэрээр энэхүү баярыг яагаад улс орон даяар тэмдэглэх болсон талаар хэлсэн үгэндээ “Энэ бол эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээх гэсэн залуусыг хүндэтгэсэн шийдвэр юм. МАХН бол “хувьсгал” гэдэг үгээр өөрийгөө чимж явдаг нам. Хувьсгал гэдэг үгийн цаана өөрчлөлт, өөрчлөлт гэдэг үгийн цаана шинэчлэл, шинэчлэл гэдэг үгтэй хамт залуус байдаг учраас МАХН бол залуусын нам юм” гэлээ.

Ингээд МАХН-ын баярын хурлыг нээж намын дарга Н.Энхбаяр үг хэлсний дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга тус намын хэтийн төлөвлөгөө, зорилтыг танилцуулах илтгэлийг тавьсан юм.

Мөн Улсын дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бол Нийслэлийн МАХН-ын Түмтийн дарга Э.Эрдэнэжамъяан “Шинэ гарц, шинэ нийслэл” илтгэлээ тавив. Түүний нийслэлд хийх шинэчлэлийн гарцыг бид дэлгэрэнгүйгээр хүргэх болно.

Ингээд түүний араас нийслэлийн МАХН-ын Түмтийн дарга Э.Эрдэнэжамъяанд тамга гардуулах ёслолын арга хэмжээ болж, шинэ залуу таван боловсон хүчинд намын гишүүний үнэмлэхийг нь гардууллаа.

Баярын хурлаар хэд хэдэн сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм. Тухайлбал, “2030 он” илтгэлд 2030 онд Монгол Улсад шударга ёс хэдийнэ оршин тогтнож, нийгэм, улс төр бүхэлдээ сайн сайхан болсныг зөгнөж, өнөө цагийн тухай дурсаж буй талаар өгүүлсэн нь сонирхолтой байв. Гагцхүү тэр нийгэм МАХН Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж, Дээд хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлж батлуулсны үр дүнд бий болсон байх аж.

Түүнчлэн залуусын баярт Rec on хамтлаг хүч нэмэн алдарт “Queen”-ий дуунуудаас дээжлэн хүргэж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийн сонор, сэтгэлийг мялаасан юм.

Ийнхүү дуу хуур цалгисан залуусын баяр буюу Эх орончдын өдрийг МАХН-ын удирдлагууд гишүүд, дэмжигчдийн хамт ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Хурлын дараа тус намын дэд дарга С.Ганбаатараас Хэнтийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар асуухад тэрээр “Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх хүнээ тодруулсан байгаа. Гэхдээ хэн гэдгийг нь одоо хэлэхгүй. Энэ бол маш нууц” гэлээ. Тэрээр энэ сонгуульд төдийгүй ирэх 2020 оны сонгуульд ч МАХН ялна гэдэгт итгэл дүүрэн байгаа гэдгээ хэллээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн