АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, Ахлах комиссар Ч.Жаргалбаатар шүүгч агсан Л.Бямбаагийн баривчилгааны талаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ тэрээр Нийслэлийн прокурорын газраас өгсөн зөвшөөрлийнх нь хэм хэмжээний хүрээнд мэдээлэл өгөхөөр болсон гэдгээ юун түрүүнд тодотгон тайлбарлав. Ингээд болсон үйл явдлын талаар ярихдаа:
-Талийгаачтай холбоотой хэргийг мөрдөн шалгаж байх хугацаанд 2019 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 12:00 цагт прокурорын дуудах хуудсаар талийгаачийг байгууллага дээрээс нь дуудан ирүүлсэн. Тодорхой цаг хугацаанд гэрчийн мэдүүлэг авах болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зарим газар, объектуудад зайлшгүй нэгжлэг хийх шаардлага гарсан.
Ахлах комиссар Ч.Жаргалбаатар
Тиймээс Нийслэлийн прокурорын газарт танилцуулаад, талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, өөрийнх нь гэрт үзлэг хийх шаардлагатай гэсэн шийдвэр гарсны дагуу прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийсэн. Энэ нэгжлэг 14:00-22:00 цаг хүртэл хийгдсэн.
Нэгжлэгийн явцад хэрэгт ач холбогдол бүхий баримтууд хураагдсан. Энэ баримтуудыг үндэслэл болгож тухайн хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах шүүхийн шийдвэргүйгээр зайлшгүй баривчлах үндэслэлүүд тогтоогдсон юм. Ингээд тухайн орой 23:58 цагт сэжигтнийг баривчлах тогтоолоо үйлдээд прокуророор хянуулахаар хүргүүлсэн. Прокурор 00:40 цагт хэргийн материалтай танилцаж, зөвшөөрлийг олгосон. Үүний дараа талийгаачийг цагдан хорих 461-р анги буюу баривчлах байранд бид хүргэсэн юм.
Тухайн баривчилсан цаг хугацаанд мөрдөн шалгах олон ажиллагааг явуулсан. Үүний үндсэн дээр тухайн хэрэгт 4-5 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоод яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Нотлох баримтууд хангалттай цугларсан байна гэж үзээд прокурорын байгууллага тухайн нэр бүхий хүмүүсийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж бидэнд ирүүлсэн. Тогтоолыг 17:10 цагт бид шүүхэд хүргэсэн.
Ингээд тухайн өдөр үндсэндээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн хийгдээд, хуулийн дагуу, ямар нэгэн процесс, зөрчилгүйгээр хийгдэж шүүхэд хүргэгдсэн байгаа. Шүүх хэргийн материалтай танилцаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12-т заасны дагуу шийдвэрээ гаргах ёстой.
Шүүхийн шийдвэр ирээгүй учраас 48 цагийн хугацаа дуусч байгаа тул бид суллаж авъя гээд очиход талийгаачийг нас барсан байдалтайгаар олсон гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Ийм л бодит үйл явдал байгаа юм.
Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны нууцлал, тухайн тогтоогдсон нөхцөл байдал, бусад нотлох баримтуудын талаар дэлгэж тайлбарлах эрх надад байхгүй.
Зарим хүмүүс төсөөллөөрөө асуудалд хандаад байгаа учраас энэ мэдээллийг хүргэж байгаа юм” гэлээ.
Уг мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн зарим асуултад дараах хариултыг өглөө.
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.3 заалтыг андуураад байна. 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулаад сэжигтнээр баривчлах тогтоолоо прокурорт нэн даруй буюу 24 цагийн дотор танилцуулж, прокурор тухайн тогтоолыг шүүхэд хүргүүлсэн юм. Шүүх хянаж үзээд шийдвэр гаргах ёстой. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.12 дугаар зүйл дээр байгаа.
Үүнд баривчлагдсан сэжигтнийг суллах үндэслэлүүдийг заачихсан байгаа. Шүүхээс шийдвэр гаргаагүй бол баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тогтоох шийдвэр, мөн баривчлах байранд бусад баримт материал, шийдвэрийг ирүүлээгүй бол прокурор мөрдөгчид мэдэгдээд цагдан хорих байрны дарга сэжигтнийг өөрөө суллах хуулийн зохицуулалттай.
24 цаг гэж төөрөгдүүлээд байгаа энэ цаг хугацааны зөрүүг гаргахын тулд энэ бүхнийг тайлбарлаад байгаа юм шүү.
Ц.Баасандорж өмгөөлөгчийн зүгээс талийгаачийг дарамталж шахсан, хоол ундгүй өдөржин байлгасан гэх мэдээллийн тухайд Ц.Баасандорж өмгөөлөгч ямар зорилготой, ямар баримт мэдээлэл дээр тулгуурлаж ийм мэдээлэл хийж байгааг би үнэхээр мэдэхгүй байна, гайхаж байна.
Өөрөө энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцох мэдэгдлээ өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тэгээд энэ хэрэг дотор байгаа баримт мэдээллийг мэдэж байгаа юм шиг мэдээлэл хийсэнд хуульч хүний хувьд харамсаж байна. Нэгжлэг үзлэг хийх ажиллагаанд талийгаачийн хамт ажилладаг хүнийг, гэр бүлийнх нь хүнийг оролцуулсан байгаа. Оролцуулсан бүх баримт байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.
Ц.Баасандорж өмгөөлөгч хэвлэлийн хурал хийх гэж байгааг нь мэдээгүй. Уулзахаар ирсэн гэхэд нь манай байгууллагын дарга, удирдлагууд уулзахаар үүдэнд очиход уулзалгүйгээр явсан байсан.
Баривчлах байрны хувьд битүү камер бүхий хяналтын системтэй. Тэнд бид ордоггүй, зөвхөн тухайн байгууллага хяналтаа тавьдаг. Тэнд болсон үйл явдлыг цагдаагийн байгууллагаас асуух нь зүйтэй. Бид өмнөөс нь хэлж мэдэхгүй.
С.Төмөрбатын хувьд ээжтэйгээ уулзъя гэдэг шаардага тавьсан гэдэг асуудал дээр би эргэлзэж байна. Өөрийнх нь надтай 17:30 цагт уулзаад бичиж өгөөд гарсан бичиг нь байгаа. Манайхан ар гэрийнхэнд нь баривчилж байгаа, ирээд хувцсыг нь солих шаардагатай байна гээд, ар гэрийнхэн нь ирээд хувцсыг нь солиулаад явсан. Ар гэрийнхэн нь ирсэн бичлэгүүд нь манайд байгаа шдээ гэсэн хариултуудыг өгсөн юм.
Ийнхүү сэтгүүлчид олон асуулт асуусан боловч прокурорын зөвшөөрлөөс хэтэрсэн хэм хэмжээний асуудлууд руу орох гээд байгаа учраас хариулах боломжгүй гэснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.
1 comment
ene aluurvin hudal hucaj ar geriinhen bidniig doromjilj ooriinhoo huuli zorcson,nastai hyniig datamtalsnaa nuuh gej oroldoj baina.M.enhboldiig zusardaj baisnaa Odoo tov aingiinhniig helmegdyyleed ehellee.