ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг гарснаас хойш долоон сарын нүүр үзэж байна. Яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг шүүх хурал энэ сарын 27-нд эхэлсэн боловч шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул уг шүүх хуралдааныг 2019 оны гуравдугаар сарын 18-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан.
Мөн хохирогчийн өмгөөлөгчийн талаас уг хэргийн гэрчээр 11 хүнийг дуудаж байцаалт авах хүсэлт гаргасны дотор тухайн үед тус яамыг удирдаж байсан удирдлагууд багтсан гэх мэдээлэл байна. Дашрамд сануулахад хэрэг гарснаас болж халагдсан хүмүүсээс цор ганц нь яамандаа “эргэж ирсэн” байдаг. Энэ бол Дэд сайд асан Б.Цогтгэрэл бөгөөд эдүгээ Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Түүнийг АТГ-аас өнгөрсөн онд дуудаж байсан ч өнөөдрийн байдлаар “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа дээр гол ял ирэхээр дүр зураг харагдаж байна. Үүнийг ч АТГ баталж дөрөв хоногийн өмнө /2019.02.25/ зарласан ээлжит хэвлэлийн хурлын үеэр “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн юм.
Уг нь “1000 вагоны хэрэг”-т нэр холбогдсон шигээ АТГ дээр ч хамтдаа яригддаг байсан нь ийнхүү Б.Цогтгэрэл сугарах магадлалтай болчихлоо гэж тус салбарынхан ярьж байна.
Мөн “Б.Цогтгэрэл, Д.Жигжиднямаа нарын хэргийг шалгах асуудалд АТГ хойрго хандаж байна” хэмээн Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар 2019 оны хоёрдугаар сарын 20-нд мэдээлэл хийсэн.
Тэд 2009 оноос УБТЗ-ын хашаанд зогссон зам засварын хоёр машинтай яг ижил үйлдэлтэй ВПРС загварын зам засварын машиныг ОХУ-аас авахдаа Тендерийн хууль зөрчиж, барааг авахаасаа өмнө төлбөрийн 85 хувийг худалдагч компанийн дансанд шилжүүлсэн, Доминикан арлын оффшор бүсэд бүртгэлтэй уг компанийнх нь үүсгэн байгуулагч 2,300 компанийг байгуулсан нь дампуурсан, данс нь дампуурлаа зарлах гэж байсан банканд харьяалагдаж байсан, зах зээлийн ханшаас 700 гаруй мянган ам.долларын үнэтэй авсан гэх баримтуудыг тоочлоо.
Энэ бол яах аргагүй болоод өнгөрсөн явдал. Д.Жигжиднямаа энэ талаар нэг жилийн өмнө /2018.03.15/ ярилцлага өгөхдөө “ОХУ-аас “Вагоны тоог нэмэх боломж байна уу” гэсэн хүсэлт тавьсан. Тэр үед шинэ вагоны үнэ 50-60 мянган ам.доллар байв.
1000 вагонтой болоход 50-60 сая ам.доллар хэрэгтэй. Мэдээж энэ асуудлыг хамгийн хямд өртгөөр шийдэхийн тулд хуучин вагон худалдаж авах л гарц байв. Нэг бүрийн үнэ нь 9000-11000 ам.долларын үнэтэй 1000 вагон байсан тул худалдаж аваад засч, тээвэрт тохирох магадалгаа гаргуулаад ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тэр 1000 вагоноос 540-өөд нь тээвэрлэлтийн ажил гүйцэтгэж байна.
Үлдсэнийг нь авч чадахгүй байна. Мөнгөтэй болсон цагтаа тухай бүрд нь бага багаар мөнгийг нь шилжүүлж худалдаж аваад засч хянуулаад ажиллуулж байгаа. Өөрөөр хэлбэл 400 гаруй вагоныг авч чадаагүй, гэхдээ шаардлагатай байгаа юм. Тэдгээр вагоныг худалдаж аваагүй нөхцөлд захиалгын 30-хан хувийг хангаад 70 хувь нь ачаа ачигдахгүй үлдэж манайд болон улсад тээвэрлэлтийн орлого орохгүй байсан учраас ийм хамтын шийдвэрт хүрсэн юм шүү дээ. Хэдийгээр хуучин гэгдэж байгаа боловч өмнө нь манайд ашиглаж байсан болон ашиглаж байгаа вагонуудаас “залуу” вагонууд” гэсэн юм.
Тэрбээр актлагдсан вагонууд хуучирсан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй билээ. “Манай вагонууд 1980, 1982 оных ч байгаа шүү дээ. Залуу байлгүй яахав. Гэхдээ эдгээр вагоныг дуустал ашиглахгүй. Байнгын хяналт тавьж байгаа учраас техникийн нөхцөлийг хангахаа болиод ирэхээр нь акталж төмрийг нь тушаана гэсэн үг.
Худалдаж авсан мөнгөө 3-3.5 сарын хугацаанд буцаагаад олж болох тооцоотой учраас эдгээр вагоныг авч ашиглаж байгаа юм” гэж тайлбарладаг. Харин АТГ-аас “УБТЗын дарга Д.Жигжиднямааг улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Түүнд 2017 оны есдүгээр сарын 29-нд Эрүүгийн хуулийн 22.1-т зааснаар 170200106 дугаартай, мөн оны арваннэгдүгээр сарын 7-нд дээрх зүйл заалтын дагуу 170200173 дугаартай хоёр ч хавтаст хэрэг нээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэсэн тайлбар өгдөг.
Гэтэл ОХУ-ын тал актлагдсан вагоноо шахахдаа заавал Английн компаниар зуучлуулж тэр тусмаа “мөнгө угаадгаараа алдартай” Латвийн ABLV банкаар мөнгийг нь шилжүүлэхийг гэрээгээр тулгасан. “Мордохын хазгай” гэгчээр тэр компани нь 2018 оны хоёрдугаар сарын 27-нд дампуурлаа зарласан.
Шалтгаан нь мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой гэж дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Д.Жигжиднямаа хуулиар шалгагдаад хоёр жил гаруйн нүүр үзэж байна. Харин Б.Цогтгэрэл яамандаа, бүр сайдын зөвлөхөөр ирэх ямар шалтгаантай байв? Ж.Бат-Эрдэнэ сайд бол түүнийг “Дэд сайдад хамаарахгүй хэрэг” хэмээн өмөөрч байсан удаатай. Гэвч Б.Цогтгэрэл нь харамсалтай явдал гарч, хамт өргөдлөө өгсний дараахан “Сайдын өрөөнөөс эхлэлтэй архидалт хүний аминд хүрлээ” гэсэн гарчигтай ярилцлага өгч “ачийг нь хариулсан” юм даа.
Ингэхэд Д.Жигжиднямааг буруутгаж буй “1000 вагоны хэрэг”-т Б.Цогтгэрэл ямар холбоотой юм бол? Энэ талаар Монголын төмөр замчдын нэгдсэн холбооны хуулийн зөвлөх, цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Батбаяр хэвлэлд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Хэвлэлд ярих болсон шалтгаан нь удаа дараагийн ослуудтай холбоотой байсан.
Тэрбээр “2017 оны 9 сард Д.Жигжиднямаа дарга 977 ширхэг ачааны вагон худалдаж авах гэрээ байгуулсан, өнөөдөр 600 гаруй нь орж ирээд тээвэрлэлтэд оролцоод явж байгаа. Мэдээж үйлчлүүлэгчийн захиалгыг бүрэн хангахад ачааны вагоны хэрэгцээ шаардлага байсныг ойлгож байна.
Хамгийн гол нь эдгээр вагонууд ашиглалтын техникийн шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа юу гэдэг асуудал байна. Зам тээврийн яамнаас 2014 онд баталсан журамд зааснаар импортоор оруулж ирэх ачааны вагон нь үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацааны 3/1-ээс хэтрээгүй байх ёстой, үүнийг төмөр замын тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж байгууллагууд мөрдөх үүрэгтэй.
Ачааны вагоны үйлдвэрлэгчээс тогтоосон ашиглалтын хугацаа 22 жил байдаг, тэгэхээр 7-8 жилийн настай вагон оруулж ирэхийг зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 22-27 жил ашиглагдсан, өөрөөр хэлбэл ашиглалтынх нь хугацаа дуусч актлагдах болсон вагонууд оруулж ирсэн. Яамнаас бодлогын түвшинд баталсан журмыг зөрчөөд актлагдах болсон вагон оруулж ирээд байхад яам таслан зогсоохын оронд өөрөө бүх вагонуудад номер дугаар олгоод гэрчилгээжүүлээд тээвэрлэлтэд оролцуулах зөвшөөрөл олгосон.
Энэ бол тодорхой зохион байгуулалттай, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг этгээдүүдийн ил цагаан хулгай дээрэм бөгөөд цаана нь их хэмжээний авлига, албан тушаалын гэмт хэрэг нуугдаж байгаа нь ойлгомжтой. Тухайлбал Улаанбаатар төмөр замын Ерөнхий хорооны орлогч дарга, Зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэлийн шууд оролцоо бий гэж үзэж байгаа.
Учир нь энэ хүн дээрх гэрээг байгуулахаас сарын өмнө яамнаас баталсан журмын 3/1-ээс хэтрээгүй гэсэн хамгийн гол заалтыг “стандарт шаардлага хангасан” болгож өөрчлүүлэхээр журмын шинэ төсөл боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байсныг Ц.Нямдорж сайдад гомдол гарган зогсоолгосон. Хүргүүлсэн журмын төсөл нь бидэнд баримтаараа бий. Эдгээр вагонуудыг худалдан авсан түүх нь хулгай луйвар байсан гэдгийг угаасаа хэлээд өгнө” гэж ярьсан.
Мөн “Б.Цогтгэрэл өмнөх Замын даргыг 200 саяар Лексус-570 аваад уначихлаа ичиг ичиг, АТГ-т шалгуулахаар өгчихлөө” гэх мэтээр жиргээд байсан биз дээ.Гэтэл өөрөө ичих ч үгүй нөгөө машинынх нь улсын дугаарыг солиод уначихсан, бензин тос, жолооч гэх мэт бүх зардлаа төмөр замаар даалгаад явж байгаа шүү дээ.
“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3.1.2 дах хэсэгт “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гээд тодорхой заачихсан байгаа.
Хариуцсан салбарынхаа тэр тусмаа гадаадтай хамтарсан байгууллагаас ийм хангамж эдэлж байгаа нь дээрхи хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд урьд өмнөх Ерөнхий хорооны гишүүд хэзээ ч ийм хангамж эдэлж байгаагүй, дүрмээрээ зөвхөн урамшуулал авах эрхтэй байдаг.
“Улс төрч” хэвлэл мэдээллийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Ганзориг, тус байгууллагын өмгөөлөгч Р.Батцогт нар 2018 оны зургадугаар сарын 5-нд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, тус нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нарыг дараах үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгсөн талаараа мэдээлэл хийсэн. Үүнд:
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нар ОХУ-д 1992-1995 онд үйлдвэрлэгдээд 20 гаруй жил үйлчилгээнд яваад дахин ашиглах боломжгүй хэмээн актлагдсан 977 вагоныг 2017 оны наймдугаар сарын 23-нд Доминиканы оффшор бүсэд бүртгэлтэй, Английн “MaxBridge Logistics L.P” компаниар дамжуулан худалдан авсан.
Эдгээр 977 вагоноос өнөөдөр 600 гаруй нь, УБТЗ-д техникийн шинэчлэл хэлбэрээр орж ирсэн боловч зарим нь эвдэрч, ашиглагдах боломжгүй болсон. Үүнд Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл хяналт тавиагүй, замын даргын хариуцлагагүй үйлдлийг таслан зогсоохын оронд хөхиүлэн дэмжсэн.
-Ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нь 1000 хуучин вагоныг Монгол улсад оруулж ирэхийн тулд 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 234-р тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээн авах” журмын 4.1.3 дахь заалт бүхий “Хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын хугацаа нь үйлдвэрлэгчээс тогтоосон хугацааны 1/3 гуравны нэгээс хэтрэхгүй байна” чухал заалтыг өөрчлөн, шинэ журам боловсруулж, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглахыг завдсан байна.
-Дээрх эрх бүхий этгээдүүд 2017 оны 02 дугаар сарын 21-нд Доминиканы оффшор бүсэд бүртгэлтэй “LordWest Trade L.P.” гэх компаниар дамжуулан Төмөр замын чигжээсний машиныг тавин хувийн үнийг нь урьдчилан төлж 60677171 рубльтэй тэнцэх хэмжээний монгол мөнгийг шилжүүлж худалдан авсан байдаг.
Энэ машинтай адил чиг үүрэг бүхий чигжээсний машиныг 2008 онд БНХАУ-аас хямд үнээр худалдан авсан ч Төмөр замд огт ашиглалгүй, Толгойтын салаа замын хашаанд хадгалагдаж байна. Хамгийн ноцтой нь оффшор бүсэд бүртгэлтэй хоёр компани нь хоёулаа нэг захирлын адил гарын үсэгтэй байгаа нь анхаарал татаж байна гэж танилцуулсан.
Үүнээс хойш АТГ, Прокурор шалгаж буй ч “Ачааны хүндийг Д.Жигжиднямаа л үүрнэ. Улстөрчид улс төрийн аргаар зугтана. Тус салбарын мэргэжлийн хүн л хэрэгтэн болж үлдэнэ” гэх таамаглал лавширсаар байна.
Эх сурвалж: https://news.mn/r/2095269/