АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Вьетнам дахь дээд хэмжээний уулзалт өнөөдөр өндөрлөлөө. Талууд тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Цагаан ордноос гаргасан хөтөлбөрийн дагуу хоёр улсын удирдагчид “Хамтарсан хэлэлцээрт” гарын үсэг зурж, өдрийн зоог барих төлөвлөгөөтэй байсан. Гэсэн ч уулзалт үр дүнгүй болж, цагаасаа эрт өндөрлөв.
Дональд Трамп уулзалтын дараа хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ “Тэд хориг арга хэмжээг бүхэлд нь цуцлах санал тавьсан. Гэхдээ бид үүнийг хийж чадахгүй шүү дээ. Үүнд АНУ бэлэн биш байсан” гэв.
Ким Жон Ун Ёнбон цөмийн байгууламжаа идэвхгүй болгох санал тавьж оронд нь олон улсын бүх хориг арга хэмжээг цуцлахыг Трампаас хүсжээ.
Вашингтоны талаас Хойд Солонгосыг цөмийн зэвсгээсээ бүрмөсөн ангижрах хүртэл эдийн засгийн хоригоо цуцлахгүй гэсэн байр суурьтай байгаа юм.
Тэрбээр Трамп “Би ирээдүйг өөдрөгөөр харж байна. Хойд Солонгостой цаашид яриа хэлэлцээг үргэлжлүүлэх болно. Одоогоор гурав дахь дээд хэмжээний уулзалт хийх талаар төлөвлөгөө байхгүй байна” гэжээ.
Мөн энэхүү уулзалтын үеэр Ким Жон Ун ирээдүйд цөмийн болон пуужингийн туршилт хийхгүй гэх амлалтыг Трампад өгчээ.
Эх сурвалж: BBC, gogo.mn