Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлэх юм. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар 2018 нд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан нийтлэг үйлчилгээ, ажлын байрны өдөрлөг, ажлын ярилцлага, хүүхэд түр саатуулах, дундын оффис, анхан шатны дохионы хэлмэрч зэрэг хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж эхэлсэн.
Тус төвөөс зохион байгуулдаг ажлын байрны өдөрлөгүүд нь ажил хайгч иргэд, ажил олгогчдын цаг хугацааг хэмнэх, ажилд орох үйл явцыг хөнгөвчлөх, шат дамжлагыг нэгтгэн чирэгдлийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой юм. 3 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд “Жигүүр гранд групп” ХХК 150 гаруй ажлын байранд 3 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Гоёо” ХХК 160 гаруй ажлын байранд бүртгэх юм. Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 10.00-17.00 цагийн хооронд болно.
Хаяг: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв Утас: 7511-1896 Өнгөрсөн 2018 онд хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг ажил олгогчидтой хамтран зохион байгуулж, бүртгэлтэй 5,516 иргэнийг ажлын ярилцлагад хамруулснаас ажлын байрны өдөрлөг, яармагийн үеэр 1,700 иргэн ярилцлагад орж, 20 гаруй хувь нь тухайн өдөртөө ажилд орох урилга хүлээн авсан байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс