ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид амиа алдсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр (2019.03.01) мэдээлэл хийлээ.
Тэрбээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5.3-т “хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэж, зөвшөөрөл авна” гэж заасан байдаг. Гэтэл талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хэрнээ шүүхэд 24 цагийн дотор шүүхэд мэдэгдээгүй. Улмаар үргэлжлүүлэн 40 гаруй цаг хорьсон.
Гэтэл хууль бусаар үргэлжлүүлэн цагдан хорьсон 20 орчим цагийн дараа талийгаач амь насаа алдсан байдаг. Тиймээс АТГ хуулинд заасан хугацаанаас илүү хугацаагаар, шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьсон. АТГ-ын удирдлагууд уучлалт гуйж, холбогдох хүмүүс нь ажлаасаа чөлөөлөгдөхөөс гадна эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулах ёстой. Өнөөдөр АТГ-ыг шалгадаг байгууллага алга. Тийм учраас цагдаагийн байгууллага, АТГ хэргийг шалгана гэхэд эргэлзэж байгаа гэх тайлбар өгчээ.