Онгоцонд орилж чарласан хүүхэд сууж явна гэдэг зорчигчдын хамгийн их айдаг зүйлсийн нэг билээ. Үүнээс болж нислэгийн үеэр муудалцаж, маргалдах зүйл бишгүй гардаг. Гэвч зорчигч өөрсдөө эелдэг, тэвчээртэй, найрсаг байж чадвал энэ бол тийм ч хэцүү асуудал биш.
Өмнөд Солонгосын нэгэн ухаалаг ээж онгоцонд хамт зорчиж яваа хүмүүсийг тайвшруулах арга бодож олсон нь дэлхий нийтийн хайр талархлыг хүлээгээд байна.
Сөүлээс Сан-Франциско хүртэл 10 цаг нисдэг. Энэ бол нялх хүүхдэд битгий хэл насанд хүрсэн хүмүүст ч хэцүү, урт нислэг. Энэ нислэгээр дөрвөн сартай хүүхэдтэйгээ зорчиж явсан ээж хүүхдээ уйлж, зорчигчдын тав тухтай байдлыг алдагдуулах вий хэмээн маш их санаа зовжээ. Ингээд үүнээс сэргийлэхийн тулд зорчигч бүрт зориулан жижиг бэлэг бэлдэж, 200 гаруй уут бэлэгтэй оржээ.
Уг бэлгэнд чихний бөглөөс, хэдэн чихэр, мөн тав тухыг нь алдагдуулж болзошгүй талаар эелдгээр хошигнон бичсэн захидал зэрэг багтсан аж.
Зорчигчид ч бэлгийг аваад маш их баярлаж, ээж, хүүхэд хоёрыг өршөөж уучилна гэдгээ илэрхийлж байв. Харин нислэгийн үеэр хүүхэд нэг их уйлж сүйд болоогүй байна.
Захидалд бичсэнийг хүргэе. “Сайн уу. Намайг Жумву гэдэг. Би 4 сартай. Өнөөдөр би АНУ руу нисч байна. Би ээж, эмээтэйгээ хамт нагац эгчээ эргэх гэж байгаа юм. Үнэнийг хэлэхэд бид сандарч, жаахан айж байна. Учир нь энэ бол миний амьдралдаа хийж буй анхны нислэг.
Тиймээс би уйлж, чарлаж магадгүй шүү.
Би аль болох чимээгүй явахыг хичээнэ ээ. Гэхдээ танд ингэнэ гэж амлаж чадахгүй. Намайг уучлаарай. Миний ээж танд жижигхэн бэлэг бэлдсэн байгаа. Энд жаахан амттан, бас чихний бөглөөс байгаа. Намайг чарлаж эхэлбэл хэрэглээрэй. Тавтай аялаарай. Баярлалаа” гэжээ.
Нэгэн зорчигч солонгос ээжийн бэлдсэн энэхүү бэлгийн талаар олон нийтэд цацсанаар дэлхий дахинаа түгжээ.
Эх сурвалж: fishki.net