НИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр (2019.02.28) 09:00 цагт эхлэх байсан ч 45 төлөөлөгч танхимдаа орж ирэхгүй байсаар хойшлогдохоор боллоо.
НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар нийслэлийн засаг даргаар С.Амарсайханыг сонгож, өчигдөр (2019.02.27) түүнийг Ерөнхий сайд батламжилж, тамга тэмдгийг нь гардуулсан. Тиймээс түүний орны хүнийг сонгох учиртай. Одоогоор НИТХ-ын даргад хоёр хүний нэр яригдаж байна. Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын дарга Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа бол заалнаас БГД-ийн төлөөлөгч Ж.Батсайхан болон Багануур дүүргийн төлөөлөгч Ц.Сандаг-Очир нар нэр дэвшиж магадгүй юм байна. Мөн төлөөлөгч Ц.Сандуй ч өрсөлдөх таамаг гарч эхлээд байгаа юм.
НИТХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, тус тусдаа хуралдан асуудлыг хэлэлцэж буй бололтой.
Улмаар хуралдааныг 15:00 цаг хүртэл хойшлуулав. Харин хурал хойшилсон талаар НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва тайлбарлахдаа нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн шав тавих ёслолд оролцож байгаа гэсэн юм. Харин нийслэлийн АН-ын дарга Ц.Баатархүү “МАН-ын зүгээс завсарлага авах тухай ярьж байна. Хурлыг нээхгүйгээр хаах боломжгүй. АН-ын зүгээс иргэдийн хурлыг хуулийн дагуу, дэгийн дагуу цагт нь эхлүүлдэг, тасралтгүй удирдлагаар хангаж чаддаг хүнийг дэмжинэ” гэлээ.