МҮХАҮТ-ын бүх гишүүний ХХ ээлжит их хурал СТӨ-нд эхэллээ. Бизнесийг дэмжих чиглэлээр бодлогын өмгөөлөл үзүүлж, холбож, чиглүүлж, нөлөөлж ажилладаг, бизнес эрхлэгчдийн төлөөллийн энэхүү байгууллагын 4 жилд нэг удаа болдог энэхүү их хурлаар өнөөдөр (2019.02.28) танхимыг ирэх дөрвөн жилд удирдах Ерөнхийлөгчийг сонгох юм. Мөн хурлаар тайлант хугацаанд хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгч ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлон, танхимын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэн, танхимын дараагийн удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажил хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 26-ны 17:00 цагт дуусгавар болсон юм. Энэ удаад одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, CEO клубийн ерөнхийлөгч, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөө мэдэгдсэн байгаа.
Танхимын Удирдах зөвлөлд Танхимын гишүүнээр элсээд гурваас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй Танхимын гишүүнд нэр дэвших боломжтой бөгөөд Их хуралд оролцож буй нийт гишүүдийн олонхийн саналаар сонгодог. Удирдах Зөвлөлөөс Тэргүүлэгчдийг сонгох бөгөөд Танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгч, Танхимын дарга, Орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар тэргүүлэгч гишүүн байдаг.