Украины хилээр их хэмжээний хар тамхи хууль бусаар гаргах гэж байгаад саатуулагдсан Монголын дипломатчийн асуудлаар ГХЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Консулын газрын дарга Я.Ариунболд “энэ хүн манай дипломат ажилтан биш” хэмээн онцлов. Мөн хууль бусаар их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан автомашин ч Монголын Украйн дахь дипломатын газрын автомашин биш гэсэн юм. Тэгвэл энэ машин нь Цагаатгах ажил удирдах улсын комиссын дарга Лхагвацэрэн нэр дээр бүртгэлтэй байдаг юм байна. Энэ хүн Турк Улс руу яваад монголд эргэж ирээгүй аж. Тэрээр 2014 онд дипломат паспорт авчээ. Цаашид дипломат пасспорттой иргэдийг нарийвчлан судалж, дипломат паспорт эзэмших эрхийг шинэчлэхээр ажиллаж байгаа гэж тус яамнаас онцоллоо.