ОХУ-ын Ангарск хотноо Буриадын бөө нар тэмээгээр тэнгэрт өргөл барьж байгаа бичлэг тус улсын бөө мөргөлийн ертөнцийг талцуулаад байна. Өнгөрсөн сарын 27-нд болсон “Жэн тэнгэри яба” хэмээх тус тахил өргөх ёслолд зориулж 5 тэмээ нядласан бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ. “Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков хэлсэн ч Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төв эрс эсэргүүцэж байна.
Тус төвөөс “Энэ зэрлэг явдал. Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж мэдэгдээд Артур Цыбиковыг дэд тэргүүний ажлаас чөлөөлж байгаагаа зарласан. Эрхүү хотын Прокурорын газар ч амьтантай зүй бусаар харьцсан хэргээр шалгаж эхэлжээ.
Цыбиков “Сая би байцаалт өгөөд гарч ирлээ. Буриадын нэгэн малчин манайд маш догшин таван буур байна. Зармаар байна гэсэн тул бид 150 мянган рублиэр худалдаж авсан. Буриадад 300 жилийн өмнө тэмээ тахилд өргөж байсан түүх байгааг хүмүүс мэдэхгүй байна. Өрсөлдөгч бөө нар ашиглаад бөөн сенсаац болгочихлоо. Тэдний аймаг, овог нь өөр байж болно. Харин манай хонгоодор буриадууд ийм ёс, заншилтай. Бид амьдаар нь шатаагаагүй, эхлээд буриад аргаар хутга хэрэглэлгүй төхөөрсөн. Амьтан ямар ч өвчин мэдрэхгүй. Чеченьд жил болгон тэмээ шатаадаг, хэн ч юм хэлдэггүй. Би шийтгэл хүлээхэд бэлэн байна.
Цахим сүлжээнд хүмүүс шүүмжилж байгааг бид хүлээн авч байна, энэ нь нэг талаасаа бид тэднийг аз жаргалтай болгож байгаа хэрэг юм. Тиймээс манай ёслол амжилттай боллоо” гэж тайлбар тавьсан байна. ОХУ-ын Тэргүүн бөө Кара-оол Допчун-оол “Би ийм зөвшөөрөл өгөөгүй. Буриадад хэзээ ч тэмээгээр тахил өргөж байгаагүй. Ёслолын яг өмнө амьтны амь таслахыг ч бөө мөргөлд зөвшөөрдөггүй. Энэ бол ан амьтантай харгис, хэрцгий хандсан хэрэг тул шүүхэд өгсөн ч болно” гэжээ.
Эх сурвалж: Zindaa.mn