Зимбабве улсыг 40 орчим жил удирдсан Ерөнхийлөгч Роберт Мугабе суудлаасаа огцорч магадгүй байдал үүсээд буй. Харин Африкт түүн шиг олон жил төр барьж буй удирдагчид нэлээд хэд үлдэж байна. Тэд улс төрийн туршлага, түүхийн хувьд харилцан адилгүй ч тэднийг хооронд нь нэгтгэж буй цорын ганц зүйл бол засгийн эрхэнд огт солигдолгүйгээр оршин тогтнодог явдал юм. “Газета”-гийнхан ч суудал дээрээ удаан тогтож буй Африкийн улс төрийн удирдагчдыг нэрлэж байна.
Теодор Обианг Нгема Мбасон, Экваторын Гвиней
(1979 оны наймдугаар сарын 3-наас засгийн эрхэнд буй)
Теодор Обианг Нгема Мбасон төр бариад 38 жил болж байна. Одоогийн байдлаар тэр Африкийн улс төрийн урт настнуудын дунд дээд амжилт тогтоогоод буй юм. Нэгэн удаа тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болоход тэр цорын ганц нэр дэвшигч нь болж байлаа. Хувь заяаны эргэлтээр дарангуйлагч авга ахаа засгийн эрхээс түлхэн унагаж өөрөө гарч ирсэн бөгөөд 1991 онд улс орондоо нэг намын систем тогтоосон юм. Хэдий тийм боловч ганц хүнийг тахин шүтэх үзэгдлийг тогтооход энэ бүхэн нь саад болсонгүй. Тус улсын хэвлэлүүд Мбасоныг бурхантай зүйрлэдэг.
Поль Бийя, Камерун
(1982 оны арваннэгдүгээр сарын 6-наас Камеруны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй)
Поль Бийя засгийн эрхэнд гараад 35 жил болжээ. Гоц ухаантан тэрбээр Францын Сорбоннд сайн боловсрол эзэмшсэн нэгэн юм. 1982 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ахмад Ахижог төрийн эргэлт хийх оролдлогод буруутгаж, засгийн эрхэнд гарч ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа дахин сонгогдож, өрсөлдөгчдөө илүү давуу ялж байсан аж. Олон хүн Бийяг дарангуйлаг гэж үздэг. Гэхдээ тэр Францтай сайн харилцаатай болохоор улс төрд тогтож үлдэхэд тус болдог байна.
Дени Сассу-Нгессо, Конго
(1979 оны хоёрдугаар сарын 8-наас 1992 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл төр барьсан)
Засгийн эрхэнд 38 жил буй юм. 1979 оны хувьсгалын дараа Жоаким Йомби-Опангог засгаас авч хаяж, Ерөнхийлөгчийн суудлыг эзэлсэн. Конгогийн зүүний хөдөлмөрийн намын нөхөд нь түүнийг мөн намын даргын албанд дэвшүүлсэн байна. ЗСБНХУ-тай ойр дотно байсан бөгөөд социализмын байгуулахаа зарласан. Гэхдээ тэр барууныхантай ч хэлхээ холбоогоо хадгалж иржээ. Михаил Горбачев засгийн эрхэнд гарч ирсэнтэй холбоотойгоор ЗСБНХУ-д өөрчлөлт шинэчлэл хийгдсэний дараа улсдаа ардчилсан өөрчлөлтийг зарлаж, чөлөөт сонгуульд шилжжээ. Санал хураалтаар тэр өрсөлдөгчдөдөө ялагдсан байна. Ингээд тус улсын Ерөнхийлөгчөөр Паскаль Лиссабоне гарч ирсэн бөгөөд түүнийг эсэргүүцэж, Конго улсад иргэний дайн дэгдсэн түүхтэй. Энэ үеэд Дени Сассу-Нгессо Ангол улсын тусламжтайгаар ялалт байгуулж, засгийн эрхэнд эргэж иржээ. Тус улс хэдийгээр олон намын системтэй боловч бараг бүх засаглалыг өөрийнхөө гарч төвлөрүүлж чаджээ.
Омар Хасан Ахмед аль-Башир
(1993 оны аравдугаар сарын 16-наас Суданы Ерөнхийлөгчөөр ажиллаж буй)
Засгийн эрхэнд 28 жил ажиллаж буй юм. Мэргэжлийн цэргийн хүн тэрбээр 1989 онд төрийн эргэлт хийсний үр дүнд засгийн эрхэнд гарч ирсэн. Түүнийг байх хугацаанд тус улсад цус урсгасан мөргөлдөөн нэлээд олон гарсан байдаг. Эдгээрээс хамгийн олон хүний аминд хүрсэн нь Дарфурт болсон мөргөлдөөн бөгөөд үүний улмаас 200 гаруй хүн амиа алдсан байдаг.
Үүнтэй холбоотойгоор аль Баширыг олон улсын нийгэмлэгүүдийн зүгээс геноцидод буруутгаж, түүнийг баривчлах ёстой гэж үздэг. “Parade” сэтгүүлээс түүнийг орчин цагийн хамгийн муу дарангуйлагчаар тодруулжээ.
Йовери Кагута Мусевени, Уганда
(1986 оны нэгдүгээр сарын 29-нд Угандагийн Ерөнхийлөгч болсон)
Йовери Кагута Мусевни нь 31 жил төрд байгаа юм. Чинээлэг айлаас гаралтай тэрбээр марксист үзэлтэй бөгөөд Иди Амины дарангуйллын дэглэмийн эсрэг олон жил тэмцэл өрнүүлсэн юм. Гэвч дарангуйлагчийг унасны дараа улс төрийн янз бүрийн хүчнийхэн хоорондоо тэмцэл явуулж, иргэний эсэргүүцэл, тэмцэл өрнөж эхэлжээ. Харин Йовери Кагута Мусевени засгийн эрхэнд гараад эдийн засгийн шинэчлэл хийж, улс орныхоо амьдралыг сайжруулж чаджээ. Хэдийгээр түүнийг сөрөг хүчний зүгээс шүүмжилдэг боловч Мусевени урьдын адил сонгогчдынхоо дунд нэр хүнд өндөр хэвээр байна. Тэрбээр 2016 онд дахиад сонгуульд ялалт байгуулсан юм.