Засгийн газрын өнөөдрийн (2019.02.27) хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет компанийн талаар авсан зарим арга хэмжээний тухай тэмдэглэлийг нууцаас гаргалаа. Нууцаас гаргаж буй учир шалтгааны талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.
Тэрбээр “2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газрын хаалттай 32 дугаар тэмдэглэлээр тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд Эрдэнэбат тайлбар хийж, Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж Монголын зэс корпорацид худалдах тухай танилцуулгыг хийсэн. Уг тэмдэглэлийг тодорхойгүй шалтгаанаар нууцлалд байлгаж байсан.
УИХ-ын 23 дугаар тогтоолоор Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцоод Монголбанк, Хөгжлийн банк, Сангийн яамнаас гаргасан эх үүсвэрийг нягтлан төрийн өмчид авах хэлцэл хийхийг үүрэг болгсон. Засгийн газрын 7 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийг 49 хувийн энгийн хувьцааг суутган тооцож төрийн өмчид шилжүүлэх 23 дугаар тогтоолыг гаргах 7 дугаар тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолууд Үндсэн хуулийн зөрчилгүй гэдгийг цэц тогтоосон. Гэтэл Монголын зэс корпорацийн нэхэмжлэлтэй шүүхийн маргаан гараад Захиргааны хэргийн шүүх дээр Засгийн газар ялагдчихсан. Яагаад ялагдсан бэ гэхээр ХХБ, Монголын зэс корпораци нь хоорондоо хамаарал бүхий этгээд биш гэсэн үндэслэл гарсан. Энэ бол долоон үндэслэлийн нэг байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэхүү нууцаас ил гарсан материалд дээрх хоёр хуулийн этгээд хоорондоо санхүүгийн болон удирдлагын хувьд хамааралтай гэдгийг тухайн үеийн хурал дээр тухайн үеийн Орхон захирал өөрөө биечлэн хэлж байсан тэмдэглэлүүд байгаа юм. Өмнөх протоколыг мөн ил болгож байгаа.
Өөр нэг сонирхол татаж байгаа зүйл бол санхүүжилтийн схем. 2016 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 5 сая ам.доллар Монгол зэс корпорациас Ростех рүү шилжиж байгаа юм. 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр, мөн оны зургадугаар сарын 30-ны өдөр нийт 4сая 727 мянган доллароор Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан санхүүгийн баримт ил болсон. Яаж энэ мөнгө боссон бэ гэхээр ХХБанк Сангийн яамнаас вексель бичиж авсан байгаа юм. Мөн Монголбанкинд өрийн бичиг хийж авсан. Хөгжлийн банкнаас зээл авсан. ХХБ өөрөө гурван компанид зээл гаргасан. Энэ гурван компанид зээлүүд гарсны дараа ХХБ Монголбанкнаас 160 тэрбум төгрөгийг 20-иод хоногийн дараа шилжүүлэх замаар хийгдсэн байгаа юм.
Тэгэхээр яг хэдэн төгрөг төрөөс гарсан, хэдэн төгрөг нь ХХБ-ны өөрийн мөнгө байсан бэ гэдгийг тодорхойлох гэхээр мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хуулийн 22.1-д зааснаар хэрэг үүсгэх гэхээр Нийслэлийн прокурор дээр түдгэлзүүлчихсэн байгаа юм. Засгийн газрын 50 дугаар тэмдэглэл дээр уг асуудлыг бичсэн байгаа. Ийм асуудал үүссэн” гэсэн тайлбар өглөө.
Тиймээс өнөөдөр ҮАБЗ-д тэрхүү санхүүгийн эх үүсвэртэй холбоотой Засгийн газарт байгаа зарим материалуудыг танилцуулахаар болжээ. ҮАБЗ өнөөдөр хуралдана. Хэрэв тэр систем нь үнэн бол эрүүгийн хариуцлага гэдгийг тодотгож байлаа. Шалгах үүрэг нь хууль хяналтын байгууллагад байгаа бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн шүүгч болон ХХБ-д ажиллаж байсан шүүгч нарт хологдуулж уг хэргийг авлигалын хэрэг гэж үзэх үндэслэлтэй гэдгийг мөн тэрээр энэ үеэр дурдаж байв. Тиймээс энэ асуудлыг мөн АТГ-т шилжүүлж ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна.
УИХ-ын 23 дугаар тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа гэдэг цэцийн дүгнэлтийг ч мөн дахин сануулсан юм. Түүнчлэн тухайн үеийн Засгийн газар санхүүгийн эх үүсвэр байхгүй гэж үзээд давуу эрхээсээ татгалзсан нь авлигын шинж чанартай юу, үгүй юу гэдэг асуудал байгааг дахин тодотголоо.
Эрдэнэт үйлдвэрийн тухайд, 1973 оны аравдугаар сарын 22-ны өдөр Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг байгуулах хэлэлцээр байгуулагдаж, 1978 онд Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан. Эрдэнэт үйлдвэрийн хамгийн сүүлчийн ТЭЗҮ-ээр 62 жилийн нөөцтэй гараад байгаа юм байна.