Зохистой хооллолт, органик хүнсний тухай “Органик булан” маань уншигчдад хүрч эхэлснээс хойш лавлаж асуусан, ямар хоол хэрэглэвэл зүйтэй талаар зөвлөгөө хүссэн, бүр шар буурцагны цуу хаанаас хэдэн төгрөгөөр худалдаж авч болох вэ хэмээн лавлагаа авсан хүмүүс ч ихээр хандах боллоо. Тэдэн дундаас мессэнжерээр тавьсан залуугийн асуулт анхаарал татав. Тэрбээр ямар ч байсан дээд гурил авахгүй, хар гурил авах ёстой гэдгээ мэдлээ. Бас нэг асуулт байна аа гээд “Банштай цайг муу гэх юм. Хадам ээж ядаргаанд сайн гээд байнга банштай цай чанаж өгөх юм” гэсэн билээ.
Үнэхээр банштай цай ясны ядаргааг тайлах шидтэй юу эсвэл зохилдлогоо муу хүнс үү. Би одоогоос жилийн өмнө гэхэд банштай цайны мастер байлаа. Хийхдээ мастер байсан гэж өөрийгөө дөвийлгөх нь хаашаа юм, идэхдээ гээд ойлгочихож болно. Эмээ банштай цайнд дуртай байсан, ээж дуртай, би бас. Банштай цай идэхээр хамаг хөлс цувж, нойр хүрнэ. Бас өдөржин цатгалдаж, хэхрэхэд хүрдэг. Та бас банштай цайнд нугасгүй хийгээд, ийм шинж тэмдэг танд мэдрэгддэг үү.
Зохист хооллолтыг дэмждэг хүмүүс банштай цайг хамгийн хүнд хоол, ерөөсөө нийлүүлж болохгүй зүйлсийн цуглуулга хэмээн санал нэгддэг. Мах, сүү хоёр хэзээ ч нэгдэх аргагүй. Дээрээс нь гурил гээд нэмэхээр ходоод гэдэс боловсруулахад тун хэцүү холбоо бий болдог ажээ. Тэрхүү өөр, өөр төрлийн бүтэцтэй хоорондоо нийлэхгүй хүнснийг боловсруулахын тулд биенээс ихээхэн хэмжээний энерги шаардагдаж, лазан хүрч нойр хүрч байгаа нь тэр болохоос ядаргаа тайлсандаа давсанд явчихаж байгаа хэрэг биш хэмээн ойлгох хэрэгтэй. Сүүний боловсруулалтад голлох үүрэг гүйцэтгэдэг шүүс ходоодонд хүнс орж боловсруулалт эхэлснээс нэлээд сүүлийн явцад ялгардаг бол махны хувьд эхэн үед нь ялгардаг байх жишээтэй. Тэгэхээр ялгаатай хүнсийг нэг дор оруулахад гацалт үүснэ гэсэн үг. Бидний дуртай сүүтэй цайнд мах хөшиглөж идэх ч ялгаагүй адилхан. Бас уураг цардуул хосолсон зарим төрлийн хоолыг боловсруулахад бас л асуудал үүсдэг. Энэ нь гурил, мах. Тэдгээрийн боловсруулалтын эхний шатууд нь мөн өөр өөр байдаг гэх юм билээ. Гурил, мах тухайлбал мах, талхыг нэг дор идлээ гэхэд хүчиллэг шүүс ялгарснаас цардуул боловсрох явц зогсдог ажээ. Ер нь цардууллаг хүнс илүү шүлтлэг орчинд боловсордог учраас амны хөндийд боловсруулалтын тодорхой хувь нь явагддаг гэдэг билээ. Гурилан бүтээгдэхүүнийг амны хөндийдөө хэсэг байлгаж шүлсний нөлөөгөөр задалж байх нь чухал ч гэдэг.
Ямартай ч уураг хүчиллэг, цардуул шүлтлэг орчинд боловсордог учраас хоёр өөр туйлынхныг нэг саванд зэрэг чихээд байхгүйг хичээгээрэй. Тэгэхээр талх, төмсөө махтай хамт хэрэглэхгүй гэдгийг та ойлгож байгаа байх аа. Цардуул амны хөндий хийгээд арван хоёр нугалаа гэдсэнд, уураг ходоодонд боловсруулагддаг учраас хоёр өөр үед хэрэглэх хэрэгтэй.
Төмс, мах хоёр бол зохицож нийлдэггүй хүнс. Зарим судлаачдын онцолсноор мах, төмсний хосолмол нь үржлийн эрхтний мэдрэлүүдийг цочроож гэмтээдэг гэх нь ч бий. Мах төмстэй чанаж, дээрээс нь гурил тавьж жигнээд идэж сурсан монголчуудад түүн шиг сайхан хоол байхгүй еэ. Гэвч бид ямар чонын ходоодтой биш дээ. Биеэ бид л бодохгүй бол хэн бодох вэ. Өмнө нь зохицол нийцлийг мэддэггүйгээс туучихдаг байсан гэхэд одоо бол үргэлж тэгээд идээд байхад хэцүү юм. Хүний бие нөөц хэсэг хугацаанд үүнийг тэссээр ирэх ч байнга зохицохгүйн гурвалжин эрүүл мэндийг муутгасаар байдаг. Мах, төмс, гурил гурав юу вэ. Чандмань эрдэнэ лав биш шүү. Харин исэдэлт, үл зохицохуй.
Тиймээс мах, гурилыг монгол хүний хоолны цэсэнд тусад нь салгах боломжгүй юм чинь ОК гэхэд гурав дахь таарахгүйг нь хасчихдаг болмоор байгаа юм. Чанасан махаа лууван, байцаатай идэж, төмсөө больж болно. Бас банштай цайг багасгачихад тун зүгээр. Угаасаа ходоод гэдэс чинь таарахгүй нийцлийг сүүлдээ тун андахгүйгээр хэлээд өгдөг болно.
Би бүтэн ес, арван сарын турш дуртай банштай цайгаа идэхгүй байж байгаад нэг өдөр идэж таарсан юм. Биед ихээхэн ачаалал өгч, хоол идсэн биш хэцүүхэн л явдал болов.
Угаасаа ходоод гэдэс хүндрээд цээжин дээр хүндэдээд хүний хоол шиг болсон байна лээ. Төмс, мах, өндөг гээд бүхий л таарахгүйг нийлүүлсэн нийслэл салатыг идэхэд ходоод хүндэрч, илэрхий хий гаргах нь ихэссэнийг та анзаарч л байсан байх. Тэр чинь таарахгүйнуудын нэгдэл исэлдсэнийх шүү дээ. Банштай цай ч бас яг тийм үйлчлэл үзүүлдэг юм.
Бас хоёр өөр төрлийн уураг нэг дор хэрэглэхэд тийм ч таатай биш гэдэг. Тиймээс мах өндөг, мах самар, мах бяслаг, өндөг сүү, өндөг самар, бяслаг самар гэсэн хослол ч аятай биш болж таарна. Харин ижил төрлийн зөөхий ээдэм, ургамлын тос дүфү зэрэг нь бол зохицдог.
Мөн хүчиллэг хүнс уурагт хүнстэй зохицох зохимж муу гэдэг учраас хүчиллэг жимснүүд махтай огт таарахгүй. Ер нь мах их иддэг монголчууд бид төмснөөс бусад ногоог түлхүү хэрэглэж байвал зүгээр.
Сүүтэй холбоотой сүүлийн үеийн судалгаа монголчуудад бол тун хол хөндий сонсогдож таарах байх. Гэхдээ зохист хоолны мэргэжилтнүүд сүүг бол зөвхөн нялх нярай амьтны хүнс. Нярай хүүхдэд л сүүг задлах фермент байдгаас томчуудад байдаггүй гэх юм билээ. Бас насан туршдаа хэрэглэж ирдэг үнээний сүүг задлах нөхцөл ч байхгүй гэдэг. Үхэр дөрвөн тасалгаа бүхий ходоодоодоо тасаг тус бүрээр нь дамжуулан шингээдэг сүүг атгын чинээ ганц ходоодтой хүн гэдэг амьтан хэрхэн шингээх билээ ч гэдэг. Ямартай ч сүүг цийдэм, ээзгий гэхчлэн боловсруулан идэх нь зүйтэй. Харин сүүний хэрэглээн дээрээ илүү ихийг судлан өөрийнхөөрөө сонголт хийгээрэй. Үнэхээр хүний биед сүүг задлах фермент байдаггүй бол тасалгаанд тавьсан сүү хэрхдэг билээ гээд бодоод үзэхэд илүүдэхгүй. Тасалгааны температурт сүүг орхиход удалгүй гашилж, ээдэн сүүлдээ тараг шиг болж бүрэлдээд исэж гардаг даа. Хүний биеийн дулаан хэд билээ, бодоод л үзээрэй. Гэхдээ сүү, мах, төмс, гурил гээд явж ирсэн, замнаж ирсэн хоолны бүхий л гарц, орцыг чинь хаачихаж байгаа мэт санаж бухимдуузай. Сүүлийн үед яригдаж буй мэдээллийг хүргэлээ. Авах гээхийн ухаанаар хандаарай.
Хоолоо хэрхэн боловсруулж идэх вэ?
Хүн төрөлхтөн гал хэрэглэж ирсэн тэр цагаас хойш өөрийнхөөрөө хоолоо болгож идсэн атал илүү үг нэмэрлэж байна гэж бүү унтуузаарай. Гэхдээ хоол боловсруулж идэхэд их ухаан бий. Угаасаа шарж боловсруулсан хоолноос жигнэж, битүү ууранд болгож идэх нь эрүүл мэндэд тустай гэдэг нэгэнт тодорхой болсон зүйл.
Шарж боловсруулсан хоол, хэт халаасан тосонд шарж хуурвал хавдар үүсгэх чанартай болдог байна. Хоолоо аль болох жигнэж идвэл тухайн хүнсний ашигтай витамин,үлддэг гэдэг бөгөөд, чанаж, шарах тусам тэр нь багассаар байдаг. Ерөнхийдөө сүүлийн үед ногоог болж өгвөл түүхийгээр нь идэхийн чухлыг онцлох болсон. Түүхий байх тусмаа амьд хийгээд ашигтай чанар нь их. Чанаж болгох тусам энэ нь багасана.
Түүнчлэн хоолыг чанаж болгохдоо савныхаа тагийг тавихаа бүү мартаарай. Аль болох битүү тагтай саванд бага галаар хоолоо болгож байвал зүгээр юм шүү.
Хоносон хоолоо халааж иддэг зуршлаа бүр хаяж, чанаж болгосноос гурван цагийн дотор, салатыг цагийн дотор идвэл зүгээр гэж байгаа.
Удаан хадгалах зориулалттай хоол хүнс тэр хэмжээгээрээ өөрийн төрөлх чанараа алдсан байдаг. Тиймээс аль болох нөөшилсөн лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байвал зүгээр. Дөнгөж арилгасан лууван, алимыг шахаж шүүс гаргачихаад ууж амжилгүй 20 минут болоход ээдээд уухад тааламжгүй болдог. Тэгэхээр жинхэнэ мөн чанараараа алим луувангийн шүүсний амьдрах чадвар тийм л байдаг ажээ. Харин бидний уудаг 100 хувийн шүүснүүд хонон өнжин хэвээрээ байдаг нь тун их нэмэлт бодисууд агуулж байгааг илтгэж байгаа юм. Тиймээс аль болох шинэ соргог бүтээгдэхүүнийг шинэ сэргэг дээр нь хэрэглэж баймаар байна. Утсан хиам загас, лаазалсан мах, даршилсан ногоо сэлтээс аль болох татгалзаж шинийг нь хэрэглэвэл тустай. Монголчууд бид нэг үеэс бодвол төмсний хэрэглээгээ өөрсдөө хангах болсон нь сайн ч бусад төрлийн ногоо улирлын чанартай олддог. Ямар ч бордоогоор бордсон юм бүү мэд. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд үл ялиг хүнсний содтой усанд ногоогоо хэсэг байлгаж үзээрэй. Гэхдээ төр захиргааны салбар хариуцсан байгууллагууд, хувийн хэвшлийнхэн мах иддэг монголчууд ногоо иддэг шинэ үеэр бэхжиж байгааг анзаарч жилийн дөрвөн улиралд баталгаатай ногоогоор хангадаг сайхан үеийг ойртуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
1 comment
Монгол хүн сүү уухгүй тэгээд яах хэрэг вэ. Монгол хүний онцлогт тохирсон судалгаахийвэл яасан юм бэ. Гадаадын сэтгүүл хэр нийцэх болоо.