НИТХ-ын ээлжит бус өнөөдрийн (2019.02.26) хуралдаанаар Нийслэлийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаан 100 хувийн ирцтэй байлаа.
Хотын даргад НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун болон НИТХ-ын дарга С.Амарсайхан нар өрсөлдсөн юм. Тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нар ажиллаж, санал хураалтын дүнг танилцуулав.
Нууц санал хураалтад бүх төлөөлөгчид буюу 45 төлөөлөгч саналаа өгснөөс 25 төлөөлөгч нэр дэвшигч С.Амарсайханыг дэмжжээ. Харин нэр дэвшигч С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч саналаа өгсөн бөгөөд нэг хүчингүй саналын хуудас гарчээ.
Ийнхүү санал хураалтаар олонхийн санал авсан нэр дэвшигч С.Амарсайханыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжлахаар болов. Ерөнхий сайд эрх, үүргийнхээ хүрээнд түүнийг батламжлах эсэх шийдвэрээ гаргана.
Тэгэхээр одоо дараагийн НИТХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал яригдана. МАН НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Р.Дагвыг томилох улс төрийн шийдвэр гаргаад байгаа юм.