Эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 20 тэрбум төгрөгөөр босгож, хэдийнэ ашиглалтад оруулсан Авто худалдааны цогцолборын өнөөгийн байдал тун гунигтай, цаашдын үйл ажиллагаа нь бүрхэг байна. Нэвтрэх хаалгыг нь манах хоёр хамгаалагч, эзгүй талбайгаа хааяахан эргэх хоёр ажилтнаас өөр хүн тэнд байсангүй. Тус бүр нь дөрвөн сая төгрөгийн үнэтэй зогсоол, бас нэлээд хэдэн саяын өртөгтэй үйлчилгээний барилга, байгууламжаас худалдаж авсан иргэн, аж ахуйн нэгжийн аль нь ч тэнд алга. Цогцолбор нийт 130 га газрыг хамардаг. Гэхдээ “Одоо хийчихээд байгаа бүтээн байгуулалтын ажил дөнгөж л эхлэл шүү дээ. Бүх газраа ашиглана гэвэл тээр тэнд байгаа уулын захад хүрнэ” гэж хоёр ажилтны нэг нь заалаа.
“Сонгуулийн дараа үйл ажиллагаа ер нь зогссон” гэж тэрбээр онцолсон юм. Эрх баригч нам хүчин унахад эхлүүлсэн ажил нь ч дагаад замхардаг жишиг Авто худалдааны цогцолборыг тойрсонгүй бололтой. “Сонгууль дөхөж байна. Улстөржүүлээд харлуулчихгүй бол цогцолбор барих ажил хот тэлэхэд, цэгцтэй хөгжихөд чухал нөлөө үзүүлэх юм сан” гэж жил гаруйхны өмнө бүтээн байгуулалтад нь оролцож байсан ажилтнууд хэлж байв. Харамсалтай нь, тэдний ярьж байсан нь биелж, шинэ цогцолбор сонгуулийн дараа л сөнөсөн хот шиг болжээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах цогцолборыг 2015 оны аравдугаар сард нээсэн, дөнгөж л ашиглалтад оруулчихаад байсан юм.
Тэгшлэн засаж, бетоноор хучсан, тэмдэг, тэмдэглэгээ хийсэн томоохон талбай цогцолборт бий. Уг нь энэ талбай 6700 гаруй автомашин зогсоох багтаамжтай гэх ч уржигдар биднийг очиход суудлын зургаахан тэрэг л байв. “Зарах гэж байгаа машин 25 бий. Одоохондоо зарим нь алга” гэж тэндхийн ажилтан хэлсэн. Гэхдээ машин зарах гэж буй ченж, худалдан авагчийн хэн нь ч байхгүй. Бүтээн босгочихсон хэрнээ ямар ч оршин суугчгүй хотыг сүнсэн хэмээн тодотгодогтой адилтгаж болохоор байгаа биз? Зөвхөн авто худалдаа биш, томоохон хэмжээний бүтээн байгуулалтын төв болгож, нийслэлийн баруун бүсэд хотын дэд төв байгуулах ажлын эхлэл болно гэж цогцолбор байгуулах үед ярьж байсан ч үнэндээ бол хөсөр хаягдсан дүр зураг л байна.
Тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэх зорилго бүхий эл бүтээн байгуулалтын хүрээнд автомашин худалдах нийт 14.000 зогсоол барихаар төлөвлөсөн байдаг. Энэ нь авто худалдааны одоогийн зах зээлийг хоёр дахин тэлэх учиртай юм гэнэ лээ. Одоогоор 130 га газрынхаа дөнгөж 30 га-г нь л ашигласан бөгөөд дээр дурдсанчлан 6700 гаруй машин худалдах, хатуу хучилттай талбай л барьчихаад буй. Энэ нь нийт 36 км зам тавьсантай тэнцэхүйц, 20.4 га-г хамарсан бүтээн байгуулалт аж. Бас хуучин 22-ын товчооноос цогцолбор руу холбогдсон 30 метр өргөн, 1.5 км урт зам тавьсан байдаг. Мөн хүнсний дэлгүүр, цайны газар, банк, улсын дугаарын үйлдвэр зэрэг аж ахуйн нэгж байрлах сэндвичэн байшингууд бий. Одоогоор тэнд цайны 26 газар, хүнсний таван дэлгүүр, гурван банк, даатгалын 10 компани, нэг эмийн сан, автомашины улсын дугаарын 10 үйлдвэр, Авто тээврийн үндэсний төвийн байр бэлэн байна.
Худалдаа, үйлчилгээний зориулалттай сэндвичэн байшингуудын ихэнх нь 48 ам метр талбайтай бөгөөд нэг бүрийг нь 40 орчим сая төгрөгөөр худалдаж буй гэсэн. Ажилтнуудын ярьснаар бол тэр байшингууд эзэнтэй, аж ахуйн нэгж, иргэд худалдан авсан, нээлт хийсний дараа бүгд үйл ажиллагаа явуулж байсан гэх. Одоо бол бүгд эзэнгүй болжээ. Уг нь бүх аж ахуйн нэгж, байгууллага тоног төхөөрөмжөө авчраад суурилуулчихсан, үйл ажиллагаа явуулахад бэлэн аж.
Цогцолбор нээлтээ хийсний дараа нэлээд цэгцэрч, тийш зүглэх аж ахуйн нэгж, иргэдийн тоо ч олширч байжээ. Гэтэл тэнд байрлаж байсан Авто тээврийн үндэсний төвийн байр сонгуулийн дараа эзгүйрсэн нь бусад байшин ч хоосрох эхлэлийг тавьжээ. Тус төвийнхнийг дагаад бусад аж ахуйн нэгж ч алга болсон гэсэн үг. Тиймээс цогцолборын удирдлагууд ажлаа урагшлуулахын тулд хамгийн түрүүнд тус төвийнхнийг буцааж аваачих арга сүвэгчилж эхэлжээ. Энэ талаар холбогдох байгуулагынхантай уулзаж, санал хүсэлт тавьж, яриа хэлэлцээр ч хийж буй юм байна. Удахгүй нааштай хариу сонсох байх хэмээн найдаж буйгаа ч илэрхийлсэн. Авто тээврийн үндэсний төвийнхөн буцаад цогцолбортоо ирчихвэл бусад нь дагаад ирнэ гэдгээ мэдэгджээ.
Авто худалдааны цогцолбор байгуулах шийдвэрийг 2014 оны хоёрдугаар сард нийслэлийн ИТХ-аас гаргасан. Улаанбаатар хотыг тэлж хөгжүүлэх, агаар, хөрсний бохирдлыг сааруулах үүднээс техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэх зорилго нь эл ажлыг эхлэх үндэслэл болсон байдаг. Бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээний төв байгуулснаар хотын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр багасаж, замын түгжрэл ч тодорхой хувиар буурна гэж тухайн үед төлөвлөж байлаа. Мөн худалдаачид стандартын шаардлага хангасан газарт, ая тухтай үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэхийг тухайн үеийн хотын удирдлагууд онцолж байв.
Нийслэлийн газар нутгийн 27 га талбайг техникийн томоохон есөн зах, 34 цэг эзэлж, автомашин, сэлбэг хэрэгсэл худалддаг. Томоохон есөн захад 7000 түрээслэгч үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоо бий. Авто худалдааны зах зээл хяналтгүй, ихэнх нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг учраас тооцоо судалгаа нь бүдэг бадаг, баталгаагүй тул албан бус хэмээн онцлов. Тэдгээр зах, цэгүүд нь олон жил тэнд суурьшсанаас хөрс нь авах юмгүй болж, хотын иргэдийн эрүүл мэндэд заналхийлж эхэлснийг улиглан дурдах нь илүүц биз.
Шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа буюу 2014 оны наймдугаар сард цогцолборын шавыг тавьсан. Ингэхдээ эхний ээлжийн бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгээд, тухайн оныхоо аравдугаар сарын 1-нд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байдаг. Түүнээс хойш хот дотор авто худалдааны үйл ажиллагаа явуулахгүй гэсэн шийдвэр ч хотын удирдлагуудын зүгээс гаргасан. Техникийн захын худалдаачид үүнийг эсэргүүцэж, “Нүүхгүй” хэмээн тунирхан, “Хотын төвөөс дэндүү хол, их хүйтэн газар”, “Цэвэрлэх байгууламжийн өмхий байнга үнэртдэг”, “Гэрээс маань холдуулчихлаа” гэх мэт “хөөрхөн” шалтаг хэлж, уг ажлыг дэмжиж, урагшлуулах нь байтугай хойш татсан. Харамсалтай нь, цогцолборынхон товлосон хугацаандаа ажлаа дуусгаж амжсангүй, захуудыг нүүлгэх шийдвэр ч замхарсан түүхтэй.
Багагүй эсэргүүцэл, тэмцэл, “Барьж чадахгүй юм байна. Худал амлаж иргэдийг төөрөгдүүллээ” гэх зэрэг хов живийн дунд байсан ч цогцолборын ажил урагшилж, товлосон хугацаанаас жил гаруйн дараа буюу 2015 оны аравдугаар сарын 4-нд нээлтээ хийсэн билээ. “Энэ ажлыг хүчтэй эсэргүүцэж байсан, техникийн захын түрээслэгчид нааштай хандаж эхэлсэн, зогсоолууд ч зарагдаж байна” гэж тухайн үед ярьж байв. Бас худалдаа, үйлчилгээний байгууллагуудын борлуулалт ч сайжирчээ. Амжилтаа ийн ахиулж байтал сонгууль болж бүгдийг замхруулчихсан юм байх.
Цогцолбороос зогсоол, худалдаа, үйлчилгээний байр худалдан авсан иргэдийн төлсөн мөнгөөр дээр дурдсан зам, талбай, барилга байшингуудыг барьсан байдаг. Мөн газрынхаа заримыг дуудлагаар худалдаж, орлогыг нь ажилдаа зарцуулжээ. Энэ мэтээр мөнгө босгосны дүнд цогцолбор одоогийн өнгө төрхөө олсон бөгөөд нийт 20 тэрбум төгрөг зарцуулсан дүн мэдээ бий. Төрийн шийдвэрийг тоглоом болгож, төсвийн багагүй хөрөнгийг зарцуулчихаад тоохгүй хаячихаж болдгийн бодит жишээ гэлтэй. Зогсоол авсан хүмүүс, мөн цогцолбор дахь газрыг дуудлагаар худалдан аваад (нийт 12 байршлын газрыг дуудлагаар худалдсан) тэрбумаар тоологдох төгрөгөө өгсөн аж ахуйн нэгжүүд хаачив?
Богино настай ч урт түүхтэй уг ажлын өнөөгийн төрх ийм байна. Цаашид хэрхэх, урагшлуулах уу, хаях уу гэдэг дээр хотын удирдлагууд нэгийг бодож байгаа гэж найдъя. “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрынхан ч ажин түжин. Цогцолбор барих шийдвэр гарч, захуудыг нүүлгэх талаар ярьж байх үед МАН-ынхан техникийн захад очиж, түрээслэгчидтэй уулзан, “Захуудыг нүүлгэх нь маш буруу шийдвэр. Иргэдийн эрхийг дээдлэх ёстой. Авто худалдаа эрхлэгчдийн амьдралаар бүү тогло” хэмээн сүржин мэдэгдэж байсан билээ. Тиймээс одоо “Ард түмнийхээ эрх ашгийн төлөө” техникийн захуудыг үлдээж, хотоо хогийн тантан хэвээр хадгалах юм биш биз гэх хардлага төрнө. Гэхдээ хэдийнэ зарцуулчихсан 20 орчим тэрбум төгрөг, 30 орчим га газарт хийсэн бүтээн байгуулалтыг арай ч үнэгүйдүүлчихгүй байлгүй. Нийслэлийн Засаг дарга С.Батболд уг нь цогцолборыг цаашид ажиллуулж, хуучин автомашин зардаг газруудыг нэг цэгт төвлөрүүлэх саналтайгаа нэг биш удаа илэрхийлснийг мөн онцолъё.
Эх сурвалж: Ч.МӨНХЗУЛ
1 comment
bid nuuhgui.