АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзээд энэ сарын 13-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ингээд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ШЕЗ-д уламжлуулахаар Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргаад байв. Уг хүсэлтийн хариуг албан ёсоор өгчээ. Тодруулбал, Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай энэ сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа 1/1117 тоот албан бичгээр мэдэгджээ.
Уг бичигт дурдсанаар зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна.