Энэ сарын 21-22-ны шилжих шөнө баривчлагдсан Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа 23-ны орой ШШГЕГ-ын харъяа Ганцхудагийн хорих 461-р урьдчилсан хорих ангид амь насаа алдсан хэрэг олны анхаарлын төвд орж ирлээ.

Түүнд АТГ хэрэг үүсгэн шалгасан байсан аж. Цагдаа, шүүх, прокуроруудын байгууллагыг хагаралдуулсан Салхитын мөнгөний ордны хятад эзэд, монголын хуулийн байгууллагынханд хээл хахууль өгсөн байж болзошгүй. Энэ хэрэгт Л.Бямбааг бүлэглэн оролцсон байж магадгүй гэсэн үндэслэлээр АТГ санал гаргаж, шүүх байгууллага түүнийг 48 цаг хорих шийдвэрийг гаргаад байжээ.

Салхитын мөнгөний ордын маргаан дээр монголын шүүх байгууллага таван удаа шүүх хурал хийсэн бөгөөд хурал бүр өөр өөр шийдвэр гаргасан байдаг. АТГ ордын эзэн хятадуудын гэрээс 1.3 сая ам.доллар бэлнээр хурааж, Энэ талаар Ерөнхийлөгч Х.Баттулга мөн цөөнгүй удаа дуугарч, хуваагдаад байгууллагын энэ хэргээс болж хуваагдаад Вангийн прокурор, Янгийн прокурор, Вангийн шүүгч, Янгийн шүүгч гэцгээх хэмжээнд хүрээд байна гэсэн удаатай.

Талийгаачийн гэрээс Салхитын мөнгөний ордтой холбоотой баримтууд хураагджээ

Өчигдөр (2019.02.24) тархсан анхны мэдээлэлд талийгаачийг амиа хорлосон байж магадгүй гэсэн таамаг дурдагдсан. Харин өнөөдөр АТГ мэдээлэл хийхдээ:

Талийгаачийн хорих хугацааг АТГ 48 цагаас хэтрүүлээгүй.  хэтрүүлсэн асуудал байхгүй. Бүгд хуулийн дагуу явагдсан. Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар шалгаж, нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй гэж үзээд 48 цагийн хугацаатай баривчилсан.

Мөрдөх байгууллагын хувьд талийгаачийн ажлын байр болон гэрт нь нэгжлэг хийж тухайн хэрэгтэй ач холбогдолтой баримтуудыг хураасан. Хураагдсан баримтуудаас хэрэгт ач холбогдолтой баримтууд гарч ирсэн учраас хураасан.

Хоригдох 48 цагийн хугацаа дуусаад авахаар очих үед ийм харамсалтай үйл явдал болсон байсныг мэдсэн. Энэ хэргийг мөрдөн шалгах ажил эхэлсэн гэв.

Түүний аав УДШ-ийн дарга байсан гэнэ.

Талийгаач Л.Бямбаа нь шүүхийн байгууллагад 3 үеэрээ ажилласан Монголын цөөхөн гэр бүлийн нэг юм байна. Түүний аав нь Улсын дээд шүүхийн дарга байсан гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байсан Н.Лүндэндорж хэлсэн байдаг. Улсын дээд шүүхийн дарга нарын анкетыг шүүж үзвэл энэ байгууллагыг 1939-1940 онд даргалж байсан Б.Лувсандорж гэдэг нэг л хүний нэр гарч ирж байна.

Түүний хүү одоо Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчээр ажилладаг С.Төмөрбат гэнэ. С.Төмөрбатад АТГ мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Монголын шүүхийн байгууллагын шүүгчдээс хөрөнгө орлогын мэдүүлгээ нотолж чадахгүй байгаа 6 шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлэл саяхнаас цацагдсан. Тэдний нэг нь С.Төмөрбат бөгөөд 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 47 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай. Хадгаламжиндаа 575 сая төгрөгтэй нэгэн юм байна.

ШЕЗ “Алтан фемида” шагналаа өгч байжээ

Л.Бямбаа асан 1992 оны шинэ Үндсэн хууль гарснаас хойш “Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал” сэдвээр докторын зэрэг хамгаалсан анхны шүүгч болж байжээ.

Мөн тэрээр Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар тулгын чулуу тавилцан 3 жил ажилласан байна. Мөн 2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөл түүнд “Алтан фемида” шагналыг гардуулж байжээ. Фемида нь хуулийн салбарынхны хүндлэн дээдэлдэг бурхан, шударга ёсны бэлэгдэл. Энэ шагналыг авч байсан шүүгчдийн нэг нь Л.Бямбаа юм байна.

Талийгаач Л.Бямбаа: 

-1976-1979 онд Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүхэд нарийн бичгийн дарга,

– 1979-1986 онд Улсын Дээд Шүүхийн Боловсон хүчний тасагт зааварлагч, ахлах зааварлагч, хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч,

– 1986-1991 онд ОХУ-ын Петропавловс хотод СПТУ-д хүмүүжүүлэгч багш,

– 1991-1993 онд Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн коллегид нарийн бичгийн дарга,

-1993-1998 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,

-1998-2005 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,

-2005-2012 онд Монгол Улсын Дээд Шүүхийн шүүгч,

-2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,

-“Консент” ХХН-ийг байгуулан хуульчаар ажиллаж байсан байна.

Шүүгчийн амиа хорлосон гэх мэдээнд олон нийт итгэлгүй хандаж байна

АТГ өнөөдөр Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор АТГ таван хүнийг цагдан хорьсон байдаг. Одоогоор  цагдан хорьж байгаа өөр хүн байхгүй гэлээ. Шүүгч үнэхээр амиа хорлсон уу, гадны нөлөөтэй нас барсан уу гэдгийг АТГ өнөөдөр хэлж мэдэхгүй байна гэлээ.

Ганцхудагийн хорихоос ч талийгаачийн үхэлтэй холбоотой, түүнийг нас барахыг хэзээ мэдсэн, хоригдох үедээ ямар байдалтай ирсэн. Хоригдсоныхоо дараа ямар нөхцөл байдалтай байсан бэ гэсэн тойм мэдээг ирүүлээгүй байгаа юм байна.

Насаараа шүүгч хийсэн, ялын бодлогыг сайн мэдэх, өөрийн хэрэгтээ ямар хэмжээний ял авах вэ гэх мэт, мөн   хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлүүдээ ч сайн мэдэх 60 гаруй насны шүүгч хүн амиа хорлосон гэх нь олон хүнд итгэл үнэмшил төрүүлэхгүй байна. Авлигын хэрэг гаарч байгаа үед урьдчилсан хорих төвд хоригдогч нас барсан, тэр тусмаа шүүгч нас барсан энэ хэрэг нийгэмд нэлээд дуулиан дэгдээх хандлагтай байна.

Я.ХУЛАН

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Талийгаач шүүгчийн хүүг АТГ мөн авлигын хэргээр шалгаж байгаа”
  1. хятадад цаазын ялтай бүх насаар нь ялтай зүйлчлэлтэй хэрэгтэнд хэрэлэдэг гав дѳнгүүд бнаа. yuotubo дээрээс харж болноо. түүнийг хэрэглэсэн хэрэгтэн амиа хорлох тухай бодоод ч чадахгүйг үзэж болно.одоо авилагачид их ирнэ болж бна гээд амиа хорлоцгооно. шшбег тушаал журам прокурортой хамтарч хэрэглэх заавар гарга. авилагачдаас мѳнгѳѳ аваагүй хѳрѳнгийг хураагүй бж үхүүлж амарааж болохгүй .тэдний ѳмхий хүүр хэрэггүй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн