УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээд, хамаатан саднууд ЖДҮХС-гаас зээл авсан дуулиан иргэдийн сөхөн хөнддөг, шүүмжилдэг гол асуудлын нэг хэвээр байна. Хуулийн байгууллагад ЖДҮХС-ийн гэсэн тодотголтой, олон хамсаатантай хэрэг нээгдэн шалгагдаж байна.
Сангийн зээл жинхэнэ эзэд болох ЖДҮ-лэгчдэд очоогүй. Жинхэнэ ЖДҮ-чид арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр бизнесээ тордож байгаад нийгмийн бухимдлыг төрүүлж буй. Энэ сангийн мөнгийг ямар зориулалт, зохицуулалтаар ашиглавал үр өгөөжтэй байх вэ гэдэг талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн зөвлөх профессор Д.Намжилтай ярилцлаа.
-ЖДҮХС зээл нийгмийн хувьд эмзэг сэдэв болсон хэвээр байна. Зээлийг эрх мэдэл бүхий албан тушаалтны хамаарал бүхий компаниуд хүртэх биш, ийм ийм зориулалт, зохицуулалтаар түгээвэл Монгол Улсад өгөөжтэй байсан гэсэн багцаа тооцоог эдийн засагчид бол тус тусдаа гаргачихсан байгаа байх гэж бодож байна. Энэ талаар Та байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Жижиг дунд үйлдвэрлэгдчээ өөд татна, тэднээс авсан татвараараа эргээд улсын төсвөө тордоно гэдэг зарчимаа бариад зээлийг журмын дагуу түгээсэн бол мэдээж улсын хэмжээнд олон үйлдвэр хөл дээрээ босч, маш олон хүн ажлын байртай болох байсан. Хэвлэлд гарсан мэдээнээс харахад 500-600 аж ахуйн нэгж зээл авах хүсэлт гаргасан гэсэн байна. Тэгэхээр 600 ЖДҮ хөгжих боломжоо алдаж хохирсон байгаа юм.
Одоохондоо ЖДҮХС-д байгаа хөрөнгийн зарцуулалт, үр дүнгийн тухай олон нийтэд нарийн тодорхой мэдээлэл өгөх баримтууд хараахан ил гарч ирээгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын бүх тусгай сангуудад шалгалт хийж дууссан гэж мэдээлж байна. Засгийн газарт 20-иод тусгай сан бий.
Тэдгээрээс үр ашиггүй, зорилгоо биелүүлдэггүй, эх үүсвэр нь дутагдсан сангуудыг татан буулгана гэж сайд хэлж байна. Зөв л дөө, одоо сангуудыг цэгцлэх хэрэгтэй. Хамгийн том сангийн нэг ЖДҮХС-гийн зорилго бол жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудал байсан.
Гэвч энэ сан зорилгоо биелүүлээгүй. Шалтгаан нь ЖДҮХС-гийн маш бага хүүтэй зээл эрх бүхий албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, прокурорын орлогч, яам, тамгын газрын дарга нар, том компаниудад очсон байгаа юм. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
Яг нуулгүй хэлэхэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг нь үнэн. Одоо бол энэ сангийн анх байгуулагдсан эх үүсвэр, сүүлийн 7-8 жилийн санхүүгийн баримтыг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Сангийн хөрөнгийг ямар компаниуд авсан, юунд зарцуулсан, эргэн төлөлт нь ямар байгаа зэргийг ил болгох ёстой. Ч.Улаан сайд “ЖДҮХС-г цаашид үр өгөөжтэй болгох асуудал дээр тодорхой журам боловсруулна” гэж мэдэгдсэн. Энэ журмаа яаралтай гаргах хэрэгтэй.
-ЖДҮХС-гийн зээлийг ямар шугамаар олговол жинхэнэ эзэддээ хүрч чадах бол?
-Хамгийн гол нь ЖДҮХС-гийн хөрөнгөөр хэчнээн үйлдвэр барих вэ гэдэг асуудал чухал биш. Гурван хувийн хүүтэй зээл Монголд өөр хаана ч байхгүй. Жижиг, дунд гэдэг чинь “өрхийн үйлдвэрлэл” юм шүү дээ. Монгол Улс 830 мянган өрхтэй. Түүний 300 мянга нь малчин өрх. Улаанбаатарын гэр хороололд 220 мянган өрх байна гэж байгаа. Орон сууцтайгаа нийлээд 300 мянган өрх. Бусад хот суурин газарт 200 мянган өрх байна.
Ажилгүйдэл хаана байна гэвэл өрх дотор байгаа. Малчид бол өөрсдөө үйлдвэрлэгчид. Тэгэхээр энэ санг яаж ашиглаж, ямар байдлаар олгох ёстой вэ гэхээр, малчдаас бусад өрхийн гишүүд өөрсдөө бусад салбаруудад үйлдвэрлэгч болох хэрэгтэй.
Жишээ нь арьс, шир, мах, сүүг нь боловсруулдаг жижиг үйлдвэрлэгч өрхүүдийг бий болгох хэрэгтэй. Тэд нарт ЖДҮ-ийн чиглэлийн тоног төхөөрөмж олгох хэрэгтэй. Тэр тоног төхөөрөмжүүдийг ХХААХҮЯ асар олон тоогоор оруулж ирэх ёстой. Тэгэхээр нэг хэсэг өрхийн үйлдвэрлэл хөгжих нь байна шүү дээ. Малчид малаа шууд зах зээл дээр гаргахад нь бусад үйлдвэрлэгчид нь боловсруулдаг байх юм. Энэ нь өрхөөр дамжина.
Тэгэхээр энэ 300 мянган малчин өрхийн хажуугаар зах зээлтэйгээ ойр бүх аймаг, сум, хотод 100 мянган өрхийн жижиг, дунд үйлдвэрүүдийг бий болгож болно. Монголд том үйлдвэр хэрэггүй ээ. Хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ том хотуудад экспортлодог байх нь зөв. Тэгэхийн тулд санг хоёр янзаар ашиглах нь зүйтэй гэж би боддог.
Нэгдүгээрт, сан бол сайн төсөлтэй өрхийн үйлдвэрлэгч зээлээ өгөх. Хоёрт, нөгөө хэсэгт нь дандаа тоног төхөөрөмж өгнө. Мөн сангаас мах, талх, хиам, цөцгий гэх мэт түүхий эдээ боловсруулдаг тоног төхөөрөмжид мөнгө зарцуулна.
KFC-гээс олон хүн хордлоо л гэнэ. Гадны юм хэрэггүй ээ. Монголдоо махаа сайхан боловсруулдаг жижиг үйлдвэрүүдтэй болчихвол хүнсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлнэ. ЖДҮХС-гаас мөнгө өгөх биш, тохог төхөөрөмж өгөх нь зөв. Орчин үед бүхий л тоног төхөөрөмжүүд бий болчихсон, хямдхан байгаа.
-Зээлийн хугацаа болзол ямар байвал тохиромжтой гэж бодож байна вэ?
-Тоног төхөөрөмжөө өгөхдөө 10 жил ашиглаад энэ хугацаанд зээлийн төлбөрөө барагдуул гэх жишээтэй. Тэгэхээр тухайн өрх 10 жил найдвартай ажлын байртай, найдвартай ажилтай болно гэсэн үг.
-Зээл авахад шалгуур үзүүлэлт, шаардлагууд байх нь тодорхой. Зээл авах гэж байгаа гарааны бизнес эрхлэх гэсэн бодолтой хүмүүс өөрсдөө тодорхой хэмжээний мөнгө, хөрөнгөтэй байх ёстой гэсэн шаардлага бас дагалддаг. Энэ шалгуурийг иргэд давахад бас хүнд байх шиг санагддаг?
-Миний ярьж байгаа гарцын тухайд бол ямар ч шалгуур шаардлагагүй. Харин ЖДҮ-гчдэд сургалт явуулна. Арван мянган тоног төхөөрөмж оруулж ирээд, сайн багш авчраад 10 мянган хүнд хэрхэн ажиллуулах талаар сургалт явуулчихад тоног төхөөрөмжийг ажиллуулах мэргэжилтний бэрхшээлээс хялбархан сална. Үйлдвэрлэлийн чухал хэсэг бол үйлдвэрлэгч машин, тэрийг ажиллуулах боловсон хүчин шүү дээ.
-Тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудлыг ингээд шийдчихэж болно байх. Гэхдээ ЖДҮ-чдэд түүхий эдээ худалдан авах хөрөнгийн эх үүсвэр байнга шаардагдана. Үүнийг яаж зохицуулж болох вэ?
-Түүхий эдийн тухайд бол тэр тоног төхөөрөмжтэй дагалдаад эргэлтийн хөрөнгө гэж бага хэмжээний мөнгө өгөөд гэрээ байгуулна. Гарааны эргэлтийн хөрөнгө гэж бага хэмжээний мөнгө байна. Тухайлбал, талх, хиам, гурил, арьс, шир, сүү боловсруулах чиглэл тус бүрт 10 мянган хүнийг жижиг, дунд үйлдвэрлэгч болгоход 100 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох бүрэн боломж бий.
ЖДҮ-гчид арилжааны банкны жилийн 18 хувийн хүүтэй зээл авч чадахгүй. Тийм зээл авсан ч яагаад ч үйлдвэрлэл хөгжихгүй.
Хэрэв Монгол оронд ЖДҮ-ийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэвэл арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, ЖДҮХС бүгд зээлийн хүүгээ нэг түвшинд авчрах ёстой. Манай улс дэлхийн 200 улсын хаа ч байхгүй зээлийн өндөр хүүтэй орон. Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулах замаар зээлийн хүүг бууруулж, дээрх гурван субъектын зээлийн хүүг ижил түвшинд авчирна.
-Сэтгүүлчид ЖДҮ-гийн хэргйг илрүүлэхэд өндөр үүрэгтэй оролцсон. Хуульчид бас ЖДҮ яагаад хууль зөрчсөн, энэ нь яагаад албан тушаалын гэмт хэрэг болж байгаа вэ гэдгийг нэлээд тод тайлбарлаж байна. Одоо эдийн засагчид ЖДҮХС-гаас тараасан нийт зээлийн хөрөнгийг яаж ашигласан бол үр дүн гарах байв. Юунд зориулсан бол үр дүнг нь нийгэм, нийтээрээ хүртэх байв гэсэн тайлан тооцоог гаргах цаг болсон юм санагдаж байна?
-ЖДҮХС-гийн зээлийн бүх материалыг олон нийтэд нээлттэй зарлаж, ил тод болгох ёстой.
-Зарлах болов уу?
-Хуулийн дагуу бол зарлах ёстой юм. Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулсанаа ил болгох үүрэгтэй. Дараа нь ЖДҮХС-гийн мөнгийг яаж олгох, хэрхэн зарцуулах тухай журмаа яаралтай гаргах хэрэгтэй. Журмаа олон нийтээр хэлэлцүүл.
ЖДҮХС-гийн зээлийг заавал өрхөөр дамжуулж гаргах ёстой. Дээр үед хоршоологчид гэж байсан. Одоо европын орнуудад бүгд үе дамжсан үйлдвэрлэгчид байдаг. Үүнийг ЖДҮ-д ашиглах ёстой. Монголд байхгүй болчихсон, дахин сэргээх хэрэгтэй. Алт, төмрийн дархчууд, ваар сав үйлдвэрлэгчид бүгд өрхийн үйлдвэрлэлээр явах боломжтой.
Одоо аяга, сав суулгаа хятадаас л авч байна. Энэ төрлийн үйлдвэрлэлийг одоо ЖДҮХС-гаар дэмж. Мянган өрхийг дэмж. Түүхий эд нь шавар. Манайд хангалттай байна. Багшийг нь гаднаас авчраад сургалт явуул. ЖДҮ-ийг дэмжихэд шалгуур хэрэггүй.
-ЖДҮ эрхлэгчид гэж тодорхой тооны ажилтантай, тодорхой хэмжээний орлоготой аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ гэж хуулин дээр заасан байдаг. Тэгэхээр энэ чинь анхан шатны шалгуур биш үү?
-ЖДҮ-т шалгуур байхгүй. Би шинээр бизнесийн гараагаа эхэлж байгаа хүмүүсийн тухай ярьж байна. Тэдэнд шалгуур, барьцаа нь сургалт, 10 жилийн гэрээ байхад болно. Энэ бол хамгийн зөв арга.
-Ийм боломж байсан юм бол яагаад урьд нь хэрэгжүүлээгүй юм бэ?
-Ингэж сэтгэж, санаачлах толгойтой хүн алга. Арван мянган өрхийг ажилтай болгох мөнгийг хулгайч компанийн эзэнд өгчихөж байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнууд тэрбум тэрбумаар нь авна гэдэг чинь авлигал байхгүй юу.
-Санаачлах ёстой эрх мэдэл бүхий хүмүүс та бүхэнтэй, эрдэмтэн, судлаачидтай уулзаж, санал солилцож, мэдээлэл авдаг уу?
-Эрдэмтэн судлаачидтай хэзээ ч холбогдохгүй, хамтарч ажилладаггүй. Яагаад гэвэл тэд хувиа л бодож байгаа.
-Тийм бол цаашид ч өөрсдийн дураар загнаж, ЖДҮ-ийг зөв замд нь хөтлөнө гэдэг эргэлзээтэй юм биш үү?
-Бид хэвлэл мэдээллээр дамжуулж санал бодлоо илэрхийлж байна шүү дээ.
Я.ХУЛАН