“Оскар”-ын шагнал авахдаа хэлсэн хамгийн тэнэг үгс, этгээд үйлдлүүд

2019-02-23 09:303min0
oscar

Оскарын шагналд нэр дэвшсэн хүмүүс хэрвээ ялбал хэлэх богино үгээ бэлдмээр юм шиг ээ. Учир нь үгээ бэлдээгүйгээс, эсвэл хэт их баярласандаа болоод хэлэх үгээ мартаж, заалан дахь үзэгчид, телевиз үзэгчид, шагнал гардуулах ёслолыг ажиглаж суугаа хэн бүхний чихийг дэлдийлгэн, дараа нь ярих амны бай болдог аж.

Оскарын шагнал гардуулах ёслол удахгүй болох гэж байгаатай холбогдуулан бид Америкийн кино академийн шагнал хүртсэн эрхмүүдээс хамгийн этгээд хачин үг хэлсэн хүмүүсийг сонголоо.

Анжелина Жоли: Ахдаа дурлачихлаа

Энэхүү жагсаалтын тэргүүн эгнээнд манай гарагийн эмэгтэй жүжигчийн дотроос хамгийн алдартай Анжелина Жоли бичигдэж байгаа нь гайхмаар. Тэрбээр 2000 онд “Тасарсан амьдрал” киногоороо Шилдэг туслах эмэгтэй жүжигчин шагнал хүртсэн. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тэрбээр ах Жеймс Хэйвентэйгээ ирсэн бөгөөд тайзнаа гарч ирэх үедээ ахдаа дурласан гэдгээ хүлээжээ.

“Би ахдаа яг одоо ингэж дурласандаа үнэхээр их гайхаж байна. Тэр намайг зүгээр л тэврээд надад хайртай гэж хэлсэн. Та миний өмнөөс маш их баяртай байгааг би мэдэж байна. Үүний төлөө танд баярлалаа. Жейми, тангүйгээр би юунд ч хүрэхгүй байлаа. Та бол миний мэддэг хүмүүс дотроос хамгийн хүчтэй, хамгийн гайхалтай нь. Би танд хайртай” хэмээн хэлжээ.

Гэхдээ энгийн л нэг ах дүүсийн хайр байсан бол олныг айлгахааргүй байлаа. Гэвч тэд хэдэн зуун гэрэл зурагчдын дэргэд уруул дээрээ үнсэлцсэн юм.

Жулия Роберс баатрынхаа тухай мартжээ

Жулия Робертс 2001 онд “Эрин Брокович” киногоороо Шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэхдээ түүхэн дэх хамгийн урт үг хэлсэн юм. Тэрбээр үзэгчдийг бүхэл бүтэн таван минут чилээжээ.

Жулия гэр бүл, хамт олон, продюсерууд, номинацийн өрсөлдөгчид гээд бүгдэд нь талархал илэрхийлсэн байна. Гэхдээ цугласан олныг нэг гайхшируулсан зүйл гэвэл тэрбээр анхны бөгөөд цорын ганц алтан баримал авчирсан гол дүр болох Эрин Брокович хэмээх эмэгтэйн тухай дурсахаа мартжээ.

Адриан Броуди хөтлөгчдийг чин сэтгэлээсээ үнсэв

Адриан Броуди 2003 онд “Төгөлдөр хуурч” киногоороо шилдэг эрэгтэй дүрийн шагнал авахдаа хэлсэн үг бусдынхаас нэг их ялгарахгүй. Гэхдээ түүнээс болж “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр хөтлөгчид хүрэхгүй гэсэн шинэ дүрэм гарахад хүрсэн гэж ярьцгаадаг.

Түүний нэрийг зарлах үед Адриан тайзан дээр гарч ирээд, тэрхүү үдшийн хөтлөгч Холли Берриг шуналтайяа үнсчээ. Үүний дараа Холли Берригийн нөхөр, дуучин Эрик Бене ёслолын дараа түүнийг харуулдаж, эр хүн шиг ярьцгаасан гэдэг яриа ч байдаг.

Жеймс Кэмерон: Би бол дэлхийн хаан!

Алдарт найруулагч Жеймс Кэмрон 1997 онд “Титаник” киногоороо “Оскар”-ын шагнал аваад маш их баярлажээ. Гэвч киноны нэгэн баатрын хэлдэг “Би бол дэлхийн хаан!” гэсэн үгийг микрофон руу хашхиран хэлэхэд бүгд цочсон гэдэг.

Үүнээс хойш 13 жилийн дараа Кэмерон “Аватар” киногоороо “Оскар”-т нэр дэвшихэд хүмүүс “Тэр түрүүлчихвэл “Тэнгэрийн хүмүүсийг сургаж болдоггүй юм. Чи харахгүй байна” гэдэг үгийг нави хэлээр хэлнэ дээ” хэмээн хошигнож байлаа.

Роберто Бениньи ядууралд талархав

1998 онд “Амьдрал сайхан” киногоороо Шилдэг гадаад хэл дээрх кино номинацийн эзэн болсон итали эр Роберто Бениньи зааланд байсан сандал дээр зогсож байгаад тайзнаа гарч ирж, Софи Лоренд хандан түүний гоо сайхныг биширснээ хэлжээ.
Үүний дараа Бениньигийн хэлсэн үг заалан дахь олныг тавгүйтүүлсэн юм. “Би эцэг эхдээ надад хамгийн том бэлэг буюу ядуурлыг өгсөнд талархлаа илэрхийлье” гэжээ.

Салли Филд үзэгчдэд таалагдаагүйдээ гомдоллов

Жүжигчин Салли Филд 1985 онд “Зүрхэн дэх байр суурь” хэмээх киногоороо Шилдэг эмэгтэй дүрийн шагнал авахдаа хэлсэн үг олныг гайхшируулжээ. Түүний хувьд шилдэг туслах дүрийн шагналыг хоёронтоо буюу 1980, 1985 онд тус тус авч байсан юм. Ингээд хоёр дахь удаад зүгээр л баярлахын оронд таван жилийн өмнө үзэгчдийн хайр талархлыг авч чадаагүй гэж гомдолложээ. “Харин та нар шууд таалагдана гэдээ үгүйсгэхгүй. Би та нарт таалагдана” хэмээжээ.

Гвинет Пэлтроу сэтгэл нь хэт хөөрчээ

1999 онд “Дурласан Шекспир” киногоороо Шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэхдээ Гвинет Пэлтроу товч бөгөөд тодорхой үг хэлсэн юм. Харин гэр бүлийнхээ талаар хэлэх үед сэтгэлээ барьж чадахаа ольжээ. Гурван минутын турш тэр сэтгэлийн хэт хөөрөлд автаж, үзэгчдийн суудалд сууж байсан ээж Блайт Даннер нь эвгүй байдалд орсон харагдаж байлаа.
Тэрбээр ярих үедээ хоолой нь салганан чичирч, нулимс нь урсаж байв.

Шер үсчнээ өргөмжлөв

“Сарны эрхэнд” киногоор 1988 онд Шилдэг эмэгтэй жүжигчин номинацийн эзэн болсон Шерийн хэлсэн үгнээс сонсвол өөрөөсөө илүү нүүр будагч, үсчнээ магтсан нь илт байдаг. Тэрбээр кинонд ажилласан бүх багийнхандаа талархал илэрхийлснээ дараа нь түүнийг кадрт илүү сайхан харагдуулах гэж бүхий л хүчээрээ хичээсэн хүнийг нэрлэжээ. Энэ бол түүний нүүр будагч, үсчин гэнэ. Тэр ч бүү хэл түүнд бруклин аялгатай ярьж сургасан хатагтайн нэрийг ч мартаагүй юм.

Жейн Фонд юу ч хэлэлгүй буужээ

1972 онд “Клют” киногоор Шилдэг эмэгтэй жүжигчин шагналын эзэн болсон Жейн Фонда “Оскар”-т сонсож байсан хамгийн богино үгийг хэлжээ. “Надад хэлэх юм байгаа ч энэ талаар өнөөдөр орой яримааргүй байна. Би зүгээр л та бүхэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна” гэж хэлээд тайзнаас буужээ.

Хамгийн богино үг

Гэхдээ Жейн Фондын хэлсэн богино үг “аймшгийн хаан” Альфред Хичкокийн 1968 онд авсан Ирвинг Тальбергийн нэрэмжит шагналын үеэр хэлсэн үгнээс урт гэхэд болно. 1968 онд Америкийн кино академиас түүнд Ирвинг Тальбергийн нэрэмжит шагнал гардуулахад Хичкок микрофон аваад ердөө л “Баярлалаа” гэж хэлсэн юм. Тэгснээ буух гэж байснаа буцан ирж “Үнэхээр” хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: teleprogramma.pro

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй