Манай улсын нийт нутаг, ялангуяа зүүн аймгуудаар цас багатай тул хуурайшиж, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс ой, хээрийн түймрийн эрсдэл их, хуурайшилтын аюултай, нэн аюултай зэрэглэлтэй газруудыг тусгай онгоцоор хангах гэнэ. Мөн шаардлагатай тоног төхөөрөмж, цаг агаарт зориудаар нөлөөлөх бүх төрлийн сумны нөөцийг нэмнэ хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Үүнээс гадна БОАЖЯ, БХЯ, ХХЕГ, ЦЕГ болон аймаг, нийслэлийн Засаг дарга нар уялдаатай ажиллаж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх онцгой үүрэг хүлээв.
Түймэр ихэвчлэн иргэдийн болгоомжгүй үйлдлээс үүдэн гардаг. Тиймээс хавар ойн сангаас мод бэлтгэх, дагалдах баялгийг ашиглах, ногоон бүсэд аялж, зугаалахыг зургадугаар сар хүртэл хориглолоо. Мөн эрсдэл өндөртэй бүс нутагт хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын цэг ажиллуулж, шаардлагатай үед нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр иргэдийг дайчлах гэнэ. Хуурайшилттай үед цогтой үнсээ битүү, тагтай саванд хийж, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзээ сайтар унтраах, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байхыг анхааруулав.