Өнөөдөр Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбож байгаа талаар УБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Тодруулбал, дээрх газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох “ Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна. Энэхүү төсөл нь улсын бүртгэлийн систем, мэдээллийн санг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулах, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх замаар Засгийн газраас дэвшүүлсэн “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой ажээ.
УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэл цэвэр үйлчилгээний байгууллага. Хүн төрөхөөсөө насан эцэс болтлоо 81 төрлийн бүртгэлийн үйлчилгээг авч байна. Мөн улсын хэмжээнд 43 лавлагаа мэдээллийн үйлчилгээгээр иргэдээ хангаж үйлчилдэг байгууллага.
Өнгөрсөн онд Улсын бүртгэлийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Хэрэгжиж байгаа хуулийн гол үзэл баримтлал иргэн рүү чиглэсэн үйлчилгээг сайжруулах. Тиймээс энэхүү төслийг Азийн хөгжлийн банктай хамртан амжилттай хэрэгжүүлж байна. Ингэснээр улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаас гадна цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой ” гэлээ.
Төрийн үйлчилгээг ямар ч саадгүй авах боломж бүрдэж байна
Азийн хөгжлийн банкны Монгол дахь захирал, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улс нь нийгмийн хамгааллын чиглэлд бусад орноос харьцангуй өгөөмөр. Төрөөс нийгмийн хамгаалал, халамжид нэлээд мөнгө зарцуулдаг. Энэ мөнгө нь нүдээ олохгүй зүйлд зарцуулагдвал маш харамсалтай. Энэ үйлчилгээ нь нүдээ олсон, эзэндээ очсон үйлдэл тул бид энэ төслийг хэрэгжүүлсэн.