Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэх гэж байна. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо шилэн кабелд холбогдоогүй сумдыг шилэн кабелд холбохоор төлөвлөж байгаа. Хэрэв ингэвэл Монгол Улсын 330 сумыг буюу бүх сумыг бүртгэлийн сүлжээнд холбоход бэлэн болох юм. Мөн наймдугаар сарын 01-нээс бүртгэлийн бүх үйлчилгээг цахим болгох зорилт тавин ажиллаж байгаа тухайгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж онцоллоо.
Түүнчлэн сумын иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-290 километр зам туулж, 2-19 цаг зарцуулж, 10-250 мянган төгрөгийн зардал гаргаж,аймгийн төвийг зорьдог байсан бол Улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсоноор иргэд сумын төвөөсөө үйлчилгээ авч цаг, мөнгөө хэмнэх юм. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломж бүрдэх юм.