“The Wall Street Journal” сэтгүүлд өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөхдөө “Солонгос бол Хятадын нэг хэсэг байсан” гэх үгийг унагасан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын яриа Өмнөд Солонгост асуудал үүсгэж эхэлсэн байна. Хятадын Төрийн тэргүүнтэй уулзахдаа Солонгосын түүхийн сэдвээр ярилцсан тухай өгүүлсэн энэхүү ярилцлагын үеэр дурдсан үг нь Трампын өөрийнх нь үзэл бодол уу, эсвэл Ши Жиньпины үг үү гэдэг тодорхойгүй байгаа юм.
Трампын ярилцлага Солонгосын хэвлэл мэдээллээр тарсны дараа өчигдөр (2017.04.20) тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж “Солонгос хэзээ ч Хятадын нэг хэсэг байгаагүйг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг” гэсэн байна. Тампын хэлсэн үг өргөжин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний бас нэг сэдэв болжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Солонгосын Эрх Чөлөөний Намын Хон Жүн Пё “Энэ бол түүхийг гуйвуулсан, БНСУ-ын бүрэн бүтэн байдалд халдсан хэрэг” хэмээн мэдэгдсэн бол Ардчилсан Намын нэр дэвшигч Мүүн Жэй Ин Ши Жиньпиний хэлсэн үгийг бүтнээр нь олж дэлгэхийг шаарджээ. Мөн Ардын Намын нэр дэвшигч Ан Чеол Сүү “хэрвээ үнэн бол Хятад улс түүхийг гуйвуулсан хэрэг болно” гэж мэдэгдсэн байна.
АНУ-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад-Солонгосын түүхэн харилцааны тухай Трампад ярьсан бололтой. Трамп Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахад Хятадын нөлөөг ашиглахыг хүссэн нь ийм сэдэв рүү шилжихэд хүргэсэн гэнэ. THAAD пуужингаас хамгаалах системээс үүдэлтэй маргаан Хятад-Өмнөд Солонгосын харилцааг угаас муутгаад байгаа. Харин Трампын хэлсэн үг Хятад-Өмнөд Солонгосын харилцаанд бас нэг эмзэг асуудал үүсгэжээ.