Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсээс Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгууллаа. Гэмт хэрэг их үйлдэгддэг газар, гудамж талбай, олон нийтийн газар эргүүл ажиллуулах иргэдийг оролцуулах зорилгоор тус аяныг энэ сарын 17-19-ны өдөр зохион байгуулсан билээ. Энэ хүрээнд Батлан хамгаалах их сургуулийн 300 сонсогч, Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.
Тус дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины ноцтой хэргийг илрүүлсэн дүүргийн хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Г.Уухайбаатар,Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн юм. Мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнхмарт нар халуун мөрөөр нь илрүүлжээ. Тэднийг өнөөдөр дүүргийн Цагдаагийн II хэлтсийн “Баярын бичиг”-ээр шагнасан юм. Шагналыг тус хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном гардууллаа хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.