Малайзын эрх баригч эвслийн өндөр албан тушаалтнуудын дотроос хуурамч дипломтой зургаан хүн илэрсэн нь сүүлийн өдрүүдэд тус улсын хэвлэлүүд, сошиал хэрэглэгчдийн дунд ярианы гол сэдэв болж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард ахмад төрийн зүтгэлтэн Махатхир Мохамадаар удирдуулсан Пакатан Харапан эвсэл сүүлийн 60 шахуу жилийн турш Малайзыг удирдсан Барисан Насионал эвслийг ялж засгийн эрхэнд гарсан юм.
Тэд Малайз улсад шударга ёсыг тогтоож, авлига, албан тушаалын хэргүүдтэй хатуу тэмцэхээ амлан гарч ирсэн. Гэвч дээд боловсролын хуурамч дипломтой албан тушаалтнууд эвслийн засгийн газарт итгэх иргэдийн итгэлийг унагаж магадгүй болоод байна. Хамгийн эхэнд тус улсын гадаад хэргийн дэд сайд Марзуки Яхьягийн Кэмбрижийн их сургуулиас хүртсэн бизнесийн удирдлагын диплом хуурамч болохыг хэвлэлүүд илрүүлжээ. Тэр АНУ-д оршдог Кэмбрижийн Олон Улсын Их сургууль (Cambridge International University) хэмээх ижил нэртэй хууль бус байгууллагаас мөнгө төлж, диплом авсан нь батлагдсан юм. Мөн Орон сууцжуулалт, Орон нутгийн удирдлагын сайд Зурайда Камаруддин Сингапурын Үндэсний Их сургуулийг төгссөн гэж хувийн хэрэгтээ мэдүүлсэн нь батлагдаагүй байна. Тус сургуулийг төгсөгчдийн нэрс бүхий онлайн порталаас сайдын нэр олдоогүй юм.
Эрх баригч эвсэлд багтдаг Үндэсний Итгэлийн Намаас сонгогдсон парламентын гишүүн Махфуз Омар мөн хуурамч диплом төлбөртэй гаргадаг Бэлфордын их сургууль (Belford University) хэмээх газраас дээд боловсролын батламж авсан нь илэрсэн байна. Хууль бус үйл ажиллагаа явуулдаг Бэлфордын их сургууль нь 2012 онд хаагдсан юм байна. Эдгээрээс гадна Пакатан Харапан эвслээс Жохор, Перак мужуудын захиргааны дээд албан тушаалуудад ажиллаж байгаа гурван түшмэл хуурамч дипломтой нь илэрчээ. Энэ явдалтай зэрэгцэн Малайзын ерөнхий сайд асан, 40 гаруй авлигын хэрэгт буруутгагдаад байгаа Нажиб Разак фэйсбүүк хуудасныхаа нүүр зургийг 1974 онд авхуулсан их сургуулийн төгсөлтийн гэрэл зургаар сольсон нь өөрийгөө өрсөлдөгч хүчний улс төрчидтэй харьцуулж харуулах гэсэн оролдлого байв.
Дуулианд холбогдсон Малайзын улс төрчид албан тушаалаасаа огцрох бодолгүй байгаа нь сонгогчдыг ийм асуудалд эвлэрэнгүй ханддаг болгон дасгаж, Малайзын улс төрийн соёлыг доройтуулж байгаад судлаачид харамсаж байгаагаа илэрхийлцгээжээ. Пакатан-Харапан эвслийг дэмжигчдийн гол суурь нь орон нутгийн боловсрол багатай иргэд болдог тул хуурамч дипломны асуудыг төдийлөн хайхрахгүй байгааг тэд хэлж байна.
Эх сурвалж: South China Morning Post