Сар шинийн дараах долоо хоногт өрнөсөн улс төр энэ жилийн улс төрийн өнгөө бараг тодорхойлчих шиг болов. Өнгөрөгч долоо хоногт Ардчилсан шинэ Үндсэн хуулийг улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн өдөр тохиолоо.
Үүнтэй зэрэгцэн УИХ-ын шинэ дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий гэдгийг онцолжээ. Энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хариуцсан Ажлын хэсэг хуралдаанаа эхлүүлж, эцэг хуулийн өөрчлөлт ямархуу байх вэ гэдгийг тодорхойлох юм байна.
Үндсэн хуулийн өөрчлөлт сүүлийн жилүүдэд нэлээд яригдаж буй. Нийгмийн нэлээд идэвхитэй хэсэг хуульд өөрчлөлт хийх нь зөв гэцгээдэг ч, хуулийн ямар зүйл, заалтыг хэрхэн өөрчлөх вэ, эрх мэдлийн хуваарилалтад хэрхэн хандах вэ гэдэгт санал нэгдээгүй л яваа. Улс төрийн хүрээнд ч энэ сэдэв маргаан дэгдээсэн хэвээр байгаа.
Хуульд тодорхойлсон эрх мэдлийн хуваарилалтын асуудлыг тэнцүүлж чадахгүй бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа энэ баг нийтээс, нийгмийн идэвхитэй хэсгээс дэмжлэг авч чадахгүй нь тодорхой. Цаашлаад энэ асуудал ирэх сонгуулийн босгон дээр тодорхой улстөрч, улс төрийн намуудад хасах оноо ч авчирч магадгүй юм.
УИХ-ын шинэ дарга поп гишүүддээ арга хэмжээ авах уу?
Өнгөрөгч долоо хоногт Тамгын газрын ажилтнуудтайгаа уулзсан УИХ-ын шинэ дарга:
-Социологийн 10-аад байгууллагын хийсэн судалгаагаар хамгийн нэр хүндгүй институцүүдийн тоонд УИХ орж байна. Парламентын хуралдаан популизмын талбар, хэрүүлийн танхим байж болохгүй. Парламентат ёс, парламентын засаглалын нэр хүндийг өргөх асуудалд онцгой анхаарах хэрэгтэй хэмээлээ.
Энэ мэдэгдэл түүний хоёр дахь удаагаа сөхөж буй асуудал юм. УИХ-ын даргын байр сууриас харвал тэр УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийг өөрчлөх, шинэчлэх, цэгцлэх замаар парламентын нэр хүндийг аварна гэж тооцож байгаа аж.
Г.Занданшатар Тамгын газрын ажилтнууддаа УИХ-ыг дэлхийн жишигт аваачих үүргийг бас өглөө. Байнгын хороод, Дэд хороонд өрнөж байгаа мэтгэлцээнийг шинжлэх ухааны үндэс, баримт нотолгоотой, үр дүнтэй хэлэлцүүлэг болгохын тулд мэдээлэл, баримт, судалгааг сайн бэлтгэсэн байх ёстой гэсэн утгатай даалгаварыг ажилтнууд нь авлаа. Ийм орчинд хуулийн чанар, хэрэгжилт сайжирна гэж УИХ-ын дарга сануулжээ.
Түүнийг ийн мэдэгдээд удаагүй байхад сүүлийн үед ханьсаж аваад мэдэгдэл хийж гаршсан УИХ-ын нэр бүхий гишүүд МАНАН дэглэмийн эсрэг байна. Монголчуудаас хууль бус аргаар хувьчилж авсан Эрдэнэт үйлдвэрийг ард түмний мэдэлд авах УИХ-ын тогтоол, Стандарт банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэхийг шаардав.
Тэд энэ өдөр УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд МАНАН бүлэглэлийн бий болгосон шударга бусын хонгилын хамгаалагч шүүх, прокурор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагыг яаралтай огцруулж, чөлөөлөх асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд шийд гэх мэт асуудлыг эндээ багтаажээ.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор яаралтай хуралдуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийднэ хэмээн дурджээ. Гуравдугаар сард УИХ-ын ээлжит чуулган хуралдана гэдгийг УИХ-ын дарга Сар шинийн өмнө мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч эдгээр гишүүд ээлжит бус чуулганыг хүлээлгүй, улс төрийн амьдралд түймэр шиг түргэн хандаж байгаа нь сонирхууштай сэдэв харагдаж байна. Тэдний энэ бэсрэг “үймээн”-ий ард хувийн ашиг сонирхлууд нуугдаж байгааг ч хэвлэлүүд дэлгэж байгаа юм.
Поп улстөрчдөө “байранд нь тавина” гэдгээ битүүхэн ойлгуулсан Г.Занданшатар тэвчээргүй хэдэн гишүүдийнхээ талаар юу бодож суугаа нь сонирхол татаж байна.
Экс Ерөнхийлөгчийн “хулгайч”-ийн тухай яриа Монгол гэдэг тогооноос хальж, хилийн дээс дамнан тархав
Долоо хоногийн ээлжит дуулианыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дэгдээлээ. Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээлгэж өгөөд жил илүү хугацаанд нам гүм байсан Ц.Элбэгдорж өнгөрөгч долоо хоногт онлайн ярилцлага хийж, ярилцлагын турш Ерөнхийлөгч Х.Баттулгыг хулгайч хэмээн нэрлэв.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны эхээр Ц.Элбэгдоржийн факт гэх 178 хуудас материалыг УЕП-д өгсөн байгаа. Ц.Элбэгдоржийн ярилцлагыг энэ баримтын эсрэг хийсэн анхны мэдэгдэл, мэдүүлэг гэж үзэж болох юм.
Ц.Элбэгдорж: Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Тавантолгой, төмөр замтай холбоотой өөрийн бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хун томилох гэхээр хулгайч нар л олддог юм.
Би Х.Баттулгатай өрөөндөө уулзахдаа “Чи хулгай битгий хий. Битгий хулгай зохион байгуулаад бай. Ажлаа хий. Хятадын сайдтай төмөр зам байгуулна гэж гэрээ байгуулсан. Наадахаа боль” гэж хэлсэн.
Ийм этгээдүүд сошиалыг худалдаж аваад хэдэн мянгаар хүн ажиллуулж, Элбэгдорж хулгайч гэж бичүүлж байна. Ц.Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Х.Баттулгыг хулгайч болгохоос хэцүү. Тийм учраас маш их мөнгө зарж байгаа гэхчлэн ярьсан түүний яриа Монгол гэдэг энэ улсаас, энэ тогооноос хальж, хэдэн хилийн дээс дамнан тархав.
Экс Ерөнхийлөгчийн задгай яриаг хувь хүмүүсийн зөрчил, улстөрчдийн өрсөлдөөн гэдэг талаас харж болох ч Төрийн тэргүүн байсан хүн Монгол гэсэн тусгаар улсынхаа нэр хүндийг дотоод, гадаад талбарт шившиглэж, ард түмнээ доромжлож байгааг нь нийгэм зөвтгөсөнгүй. Үүнийг энэ албан тушаалыг хашиж байсан, одоо хашиж байгаа хоёр санаандаа хийчихэд илүүдэхгүй биз ээ.
Монголын улс төрийн хүрээний цөөн хэдэн хүний тэмцэл хэрээс хэтэрсэн. Улс төрийн тайз нь жинхэнэ утгаараа “шившгийн хөндий” болсон гэдгийг үйл явдал нотлон харуулах шиг болов. Үйл явдлын дараа харин бүтэн цаг хулгайчаараа дуудуулсан Х.Баттулга ганц үг, ганц тайлбар хэлэлгүй долоо хонолоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэний хөрөнгийг үлдээж, хэнийхийг хураана гэсэн бэ?
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхонтой өнгөрөгч долоо хоногт уулзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн байр суурь мөн л анхаарлын төвд орж ирлээ.
Энэ уулзалт дээр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар удахгүй болох Хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээр, иргэдийн зүгээс байнга тавьж буй зээлийн хүүг бууруулах тухай хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан байгаа.
Зээлийн хүү иргэдэд хамгийн том дарамт авчирдаг асуудлын нэг. Нийтийн амьдралыг дээрдүүлэх биш дордуулдаг энэ эмзэг сэдвийг У.Хүрэлсүхийн Засгийн газар тодорхой хэмжээгээр шийдвэл олон нийтээс нэлээн өндөр оноо авах магадлалтай. Гэхдээ энэ нь У.Хүрэлсүхийн баг асуудлыг мэдрэмжтэй шийдэж чадах уу, үгүй юу гэдгээс хамаарах юм.
Ямар ч байсан Засгийн газар, МҮЭХ хэлэлцээр хийж 2019, 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хүртэлх хувиар нэмэгдүүлэх боломжтой гэдэг шийдэлд хүрсэн байгаа нь бас нэг дэвшил болж байна.
Энэ уулзалт дээр Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийнхний өмч хөрөнгийг хурааж авахгүй. Засгийн газар хувийн өмчийг, бизнес эрхэлж байгаа иргэдийг хөхиүлэн дэмжинэ. Гэхдээ хууль бусаар хулгай хийж олж авсан өмч хөрөнгийг бид буцааж авна. Үүнийг шударга ёс гэж ойлгож байгаа” хэмээн мэдэгдээд байна.
Хөрөнгө хураах тухай Ерөнхий сайдын энэ санаа бодол ялангуяа авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоосон этгээдүүд дээр түлхүү хэрэгжээд явахыг нийгэм хүлээж байна.
Өнгөрөгч долоо хоногийн бас нэг анхаарал татсан мэдээ бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзсан явдал. Баасан гарагт Ерөнхий сайд энэ тухай албан бичгийг НИТХ-ын даргад хүргүүлжээ.
Нийслэлийн ИТХ-ын гишүүдийн 55.8 хувийн саналаар Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Мөнхчулууны томилгоо сар илүү саатаад цуцлагдаж байна. Ингэснээр Нийслэл хот Засаг даргатай болох асуудал дахин нэлээд хугацаагаар хойшилж ч магадгүйг харуулаад авлаа.
Хаврын улс төрийн “моод”
Энэ хавар улс төрийн давцанд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг тойрсон асуудал болон, Хөгжлийн банк, ЖДҮ-ийн асуудал жинхэнэ “моод” болж магадгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ажлаа авсан даруйдаа энэ асуудлуудыг шүүрэн авсан байгаа.
Эдгээр хэргүүд бүгд нийгэмд дуулиан тарьсан. Хөөн хэлэлцэх гэж буй хүн нь ч чамлахааргүй поп улстөрч. Дуулиант хэргүүдийн үнэр ЗГХЭГ-ын шинэ даргыг улс төрийн гол дүр болгоод байж дөнгөнө. Гэхдээ хэргийг хөөн хэлэлцэхээр шийдсэн хүн өөрөө асуудлыг үнэхээр тэнцвэртэй, шударга талаас харж чадах уу?
Энд л хэргийн гол учир нуугдаж байгаа. Бага зэрэг цаг хугацаа шаардах болохоос яаран барьж авсан энэ хэргүүд нь өөрөө Л.Оюун-Эрдэнийг шударга, нуруутай улстөрч үү, ашиг сонирхолдоо дарлуулсан байдаг л нэг нөхөр үү гэдгийг хэлээд өгөх биз ээ.