ХНХЯ-наас энэ жил гадаадаас авах ажиллах хүчний тоог 20 орчим хувиар бууруулахаа мэдэгдэж байна. Тэр дундаа авто засварын чиглэлээр бусад орноос ажиллах хүч авахыг зогсоогоод байна. Ингэснээр дотооддоо сурч төгссөн автозасварчны мэргэжилтэй залуучуудыг ажлын байраар хангах боломж нээгдэж байна.
Өнгөрсөн жил гадаадаас авах ажилчдын тоог 30 хувиар, 2020 онд 20 хувиар, нийтдээ энэ хоёр жилд 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна. Үүний хүчинд гадаадаас авах ажилчдын тоо тодорхой хэмжээгээр буурч байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг онцоллоо.
2018 онд гадаадаас авах ажиллах хүчний тоо 2016 онтой харьцуулахад 40 хувиар, 2017 онтой харьцуулахад 23 хувиар тус тус буураад байна. Энэ байдал нь ажилгүйдлийг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг тэрээр онцолж байна.Монгол залуус инженерийн сэтгэлгээ сайтай, дээр нь МСҮТ-д суралцагчдын ур чадвар нэмэгдэж байна. Ийм учир энэ оноос эхлэн зарим нэг мэргэжлээр гадаадаас ажиллах хүч авахгүй гэдгээ ХНХЯ-наас мэдэгдээд байна.
Үүнд автомашин засварын ажилчид орж байна. Энэ чиглэлээр Вьетнам улсаас ажиллах хүч авахгүй гэдгээ ХНХЯ-наас мэдэгдэж, энэ нь дотоодын ажлын байраа хадгалах нэг бодлого болж байгааг тодотгож байна.