Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн агаарын тээврийн зах зээлд “Korean Air”, “МИАТ” компаниудын монополчлолыг арилгах үүднээс Улаанбаатар-Сөүл чиглэлд гуравдагч компанийг сонгон шалгаруулах болсныг Өмнөд Солонгосын Агаарын тээврийн албанаас мэдээллээ. Өмнөд Солонгосын Засгийн газар тус чиглэлд илүү хямд үнээр нислэг үйлдэж, шударга өрсөлдөөнийг бий болгох боломжтой компанийг сонгон шалгаруулах юм байна. Одоогоор Өмнөд Солонгосын агаарын тээврийн хоёрдогч том компани “Asiana Airlines” хамгийн ихээр яригдаж байгаа бөгөөд өөр хямд шууд нислэг үйлдэх боломжтой хэд хэдэн агаарын тээврийн компаниуд байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын хооронд 1991 онд агаарын тээврийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш зөвхөн Өмнөд Солонгосын “Korean Air”, Монголын “МИАТ” компаниуд давуу эрхтэйгээр тус чиглэлд шууд нислэг үйлдэж байгаа юм. Өмнөд Солонгосын агаарын тээврийн албаны мэдээллээр Улаанбаатар-Сөүл чиглэлд жилд ойролцоогоор 330.000 иргэн зорчдог байна. Мөн сүүлийн жилүүдэд тус маршрутаар зорчих иргэдийн тоо жил бүр тогтмол 11 хувиар өсч байгаа юм. Хамгийн сүүлд хоёр орны хооронд байгуулсан агаарын тээврийн гэрээний дагуу тус чиглэлд 7 хоногт хийх нислэгийн суудлын тоог өргөтгөж 1500-2500 болгохоор болсон юм.
Энэ нь долоо хоногт дээд тал нь есөн удаагийн нислэг үйлдэнэ гэсэн үг юм. Аялал жуулчлалын оргил үед тус чиглэлд зорчих нэг талын тасалбарын үнэ ойролцоогоор 890 ам.доллар байгаа нь ижил зайд үйлддэг нислэгүүдтэй харьцуулахад даруй хоёр дахин үнэтэй байгаа юм. Сүүлийн жилүүдэд нислэгийн тийзний өндөр үнэтэй байгааг Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийн зах зээлийн эрэлттэй байдлыг далимдуулан монополь компаниудын хооронд хийсэн нууц хуйвалдаан байж магадгүй гэсэн хардлага төрж, хэл ам дагуулах болсон юм. Тийзний үнийн асуудлаар Өмнөд Солонгосын Агаарын тээврийн албанд маш их гомдол санал ирсний дагуу холбогдох арга хэмжээг авахаар болж байгаа юм.
Мөн зах зээлийн өсөлттэй байдлыг ашиглан “China Airlines” компани Улаанбаатар-Бээжин-Инчон чиглэлийн нислэгээ илүү хямдруулсан нь Өмнөд Солонгосын Засгийн газрыг тус асуудалд анхаарал хандуулахад хүргэсэн байх талтай. Үнэхээр бодит байдал дээр аялал жуулчлалын оргил үед Улаанбаатар-Бээжин-Инчон чиглэлд дамжин нисэх маршрут нь дунджаар 520 ам.доллар байгаа юм. Өнгөрсөн жил Өмнөд Солонгосын Агаарын тээврийн алба Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн үнийг тус зах зээлийн эрэлт хэт өндөр байгаатай холбон үзэж “Easter Jet” нислэгийн компанийн Улаанбаатар-Пусан чиглэлийн хямд нислэгийг туршсан юм. Мөн тус албаны үзэж буйгаар хоёр орны хооронд нислэг үйлдэх нь агаарын тээврийн компаниудын хувьд бизнесээ тэлэх маш таатай, онцгой нөхцөл аж. Гэвч Монгол- Солонгосын хооронд агаарын тээврийн нислэгийн өөр маршрут бий болгож зах зээлийн хэмжээг тэлэхэд Монголын агаарын тээврийн зах зээл болон хүчин чадал жижигдэж байгааг дурдсан юм.
Эх сурвалж: Pulsenews, Koreantimes