Хожуу төрж, цөөн хүүхэдтэй болох нь хөгжингүй орнуудын өнөө үеийн трэнд болсон гэлтэй. Гэхдээ 30-35 насандаа эцэг эх болоогүй хүмүүсийг 50-иас дээш насандаа ээж болсон эмэгтэйчүүд гайхшруулж байна. 70 насандаа ээж болсон энэтхэг эмэгтэйн тухай мэдээлэл гарсантай холбогдуулан өндөр настай төрөгчдийг жагсаалаа.
50, 60, 70 насандаа ээж болсон тохиолдол нь ихэнхдээ бурхны хайр хишиг байдаггүй. Харин дааврын эмчилгээ, донорын өндгөн эс, эр бэлгийн эс ашиглан үр шилжүүлэн суулгуулсны үр дүн байдаг аж. Үр шилжүүлэн суулгахдаа өндгөн эсийг in vitro хэмээх хиймэл орчинд эр эстэй нэгтгэж, гаргаж авсан үр хөврөлийг 2-5 хоногийн турш инкубаторт байлган, дараа нь эхийн умайд шилжүүлдэг байна.
Дэлхийн хэвлэл мэдээллүүдээр 2016 онд Энэтхэгийн Харьяна мужийн иргэн 70 насандаа анх удаа ээж болсон тухай мэдээлж байсан. Далжиндер Каур хэмээх энэ эмэгтэй хоёр жилийн турш ийм маягаар үр шилжүүлэн суулгуулсны үр дүнд жирэмсэлжээ. Түүний хүүхдийн төрсөн эцэг нь Далжиндерийн 79 настай нөхөр юм. 70 настай жирэмсэн эмэгтэйг хяналтдаа байлгасан эмнэлгийн удирдлагууд ч анхандаа хатагтай Каурыг жирэмсэн болно гэдэгт итгэхгүй байсан боловч шинжилгээний бүх хариу түүнийг хүүхэд төрүүлэх боломжтой гэж заажээ.
Амжилт тогтоогчид
Гэхдээ өндөр настай төрөгчдийн дунд Каур хамгийн хөгшин ээж биш. Түүнтэй нэг улсын харьяат хоёр ч эмэгтэй 70 насандаа төрсөн. 2008 оны зургадугаар сард Омкари Панвар гэх эмэгтэй өөр хүйсийн хоёр ихэр хүүхэд төрүүлсэн бол тухайн оны арваннэгдүгээр сард түүнтэй үе тэнгийн Ражо Деви Лохан охинтой болжээ.
Ражогийн хувьд төрөлтийн хүндрэлийн улмаас золтой л амиа алдчихаагүй бөгөөд эмч нар түүнд хожуу үеийн жирэмслэлтийн хүндрэлийн талаар урьдчилж анхааруулаагүй хэмээн гомдоллосон байна.
Ражо, түүний нөхөр Балла нарын охин 18 сартай болох үед өндөр настай ээж нь бас л үхэхээ дөхсөн. Ингээд эмчлүүлж эдгэрсэн тэрбээр өдгөө охиноо нөхөрт гартал үхэхгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Гудамжинд хүүхэд харах болгондоо өөрийн гэсэн үр хүүхэдтэй болох юмсан гээд зүрх шимширдэг байсан.
Эмч маань миний эмчилгээнд өөрөөсөө мөнгө гаргасан бөгөөд харамсалтай нь тэр нас барсан. Навиныг аав нь, хамаатан саднууд нь асарчих болохоор тайван байж болно. Тэр бол миний цорын ганц хүүхэд. Тэгэхээр миний өмч болох 17 га газрыг өмчлөх эрхтэй. Түүний ирээдүй гэрэлтэй байна” хэмээн ярьжээ.
Омкари Панварын хувьд хоёр охин нь хэдийн нас биед хүрч, таван зээтэй болсон ч хоёр ихэр хүүхэд төрүүлсэн юм. Омкари нөхөртөө хүү төрүүлж өгөхийн тулд одос үхрүүдээ зарж, зээл авч, байгаа бүх хадгаламжаа үрж, газраа хүртэл барьцаалжээ.
Харамсалтай нь хоёр ихрийн нэг нь болох Барсаат охин дөрвөн настайдаа нас барсан аж. Амритвани хүү өдгөө долоон настай бөгөөд ээж, аав нь түүний хуримыг үзнэ гэж найдаж байгаа гэнэ. Харин үүнээс өмнө нас барчихвал яах вэ. “Хамгийн гол нь би ээж болж чадсан гэдэг нь л чухал. Би хүүдээ санаа зовохгүй байна. Хэрвээ би үхчихвэл хүүг охин маань өсгөчихнө” хэмээн Омкари өгүүлжээ.
Өндөр насандаа хүүхэд төрүүлэхийг хуулиар хориглодог
Тэтгэврийн насандаа хүүхэд төрүүлэх шийдвэрийг зөвхөн хөгжиж буй орны гэр бүлүүд гаргадаггүй. Хөгжингүй, үсрэнгүй хөгжилтэй орнуудын хөгшин хосууд ч үр шилжүүлэн суулгуулах үйлчилгээг сонирхдог аж. Тэдний олонх нь шаардлагатай эмчилгээ үйлчилгээг хийлгэхийн тулд хилийн чанадыг зорьдог.
Учир нь ихэнх орнууд хуулиараа өндөр насандаа донорын эс ашиглан хиймлээр үр тогтоохыг зөвшөөрдөггүй байна. Үүнээс гадна зарим оронд үр шилжүүлэн суулгах ажиллагаа өртөг өндөртэй. 2010 онд Швейцарийн нэгэн хос болох 64 настай Доминик, түүний 60 настай нөхөр Даниэль нар улсад нь өндгөн эсийн донорыг хориглодог тул Орост үр шилжүүлэн суулгуулж, Катарина хэмээх хөөрхөн охинтой болсон түүхтэй.
Хэзээ төрөхөө зогсохоо мэдэхгүй эмэгтэй
2015 оны тавдугаар сард Берлиний оршин суугч Аннегрет Раунигк үрийн шингэн, өндгөн эсийн нууц доноруудаас дөрвөн ихэр хүүхэд тээж, төрүүлсэн. Ингэхдээ тэрбээр өмнө нь таван өөр эрээс 13-34 насны 12 хүүхэд төрүүлсэн бөгөөд 12 дахь хүүхдээ байгалийн жамаар олж, 52 насандаа гаргажээ.
Өндөр настай ч өөрөө жирэмслэх боломжтой юу
Төрөх хүсэлтэй эмэгтэй ахимаг насных бол байгалийн жамаараа жирэмсэлнэ гэж найдах хэрэгтэй юу. Эмэгтэйчүүдийн хувьд анагаах ухааны оролцоогүйгээр хүүхэд тээх магадлал нь 42 наснаас эхлэн буурдаг бөгөөд өвчтэй хүүхэд төрөх эрсдэл эрс нэмэгддэг байна.
Цэвэршилттэй зэрэгцээд, 50 наснаас эхлэн жирэмслэх магадлал бараг тэг хувьтай болдог гэхэд болно. Эрчүүд хэдийгээр 40 наснаас бэлгийн чадвар нь аажмаар буурдаг ч амьдралынхаа туршид ямар нэг хэмжээгээр үр тогтоох чадвартай байдаг.
Гэхдээ өндөр настай эрчүүдээс генийн гажигтай хүүхэд төрөх эрсдэл өсдөг. Хэдий тийм боловч 50 наснаас хойш байгалийн жамаар жирэмсэлж, тээж, эрүүл хүүхэд төрүүлсэн тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал Бразилийн жүжигчин Соланж Коуту 2011 онд 54 насандаа хоёр дахь нөхөртөө хүү төрүүлж өгсөн.
Тэрбээр анхны гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй байсан бөгөөд шинэ нөхрийнхөө удмыг залгах хүүхэд төрүүлж өгөхийг хүсчээ. Харин эрт дээр үед өөрөөрөө жирэмсэлж, төрсөн амжилт 1887 онд гарч байсан. Английн “Lancet Medical Journal” сэтгүүлийн нэг дугаарт бичсэнээр нэр нь дурдагдаагүй нэгэн эмэгтэй 62.5 насандаа гурван ихэр хүү төрүүлсэн гэжээ. Хөвгүүд тэдний гэр бүлийн 11, 12, 13 дахь хүүхдүүд байжээ.
Ёс суртахууны хувьд зөв үү
Өндөр настай ээжүүд хэвлэл мэдээлэл, нийгмийн анхаарлын төвд орж, араасаа олон маргаан дагуулдаг. Мэдээж өтөл насандаа хүүхэд төрүүлж буй бүх эмэгтэй үр хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэтэл насална гэж найддаг биз.
2008 оноос өмнө Мария Бусада дэлхийн хамгийн өндөр настай төрөгчөөр тодорч байв. Тэрбээр 2006 онд 67 насны төрсөн өдрөөсөө долоо хоногийн өмнө ихэр хөвгүүд төрүүлсэн. Үрийн шингэн, өндгөн эсийн банкны үйлчилгээ авсан тэрбээр өөрийгөө АНУ-д үр шилжүүлэн суулгахыг хүлээн зөвшөөрдөг насны дээд хязгаар болох 55 настай гэж худал хэлж, хүүхэд тээжээ.
Бусадаг хүүхэдтэй болно гээд гадаад руу явахад гэрийнхэн нь анхандаа огт итгээгүй аж. Ингээд Испанидаа буцаж ирээд, жирэмсэн болсон гэхэд бүгд тоглоцгоож байна гэж боджээ. Харин түүнийг ийм өндөр настай байж хоёр хүүхдээ өсгөж дийлэх үү гэхэд Мария “Ээж маань 101 насалсан.
Надад түүний насыг гүйцэхгүй байх шалтгаан алга” хэмээж байжээ. Гэвч төлөвлөгөөт хугацаанаасаа өмнө кесарев хагалгаагаар хүүхдээ төрүүлж, Мария удалгүй ходоодны хорт хавдар гэсэн онош сонссон байна. Энэ эмэгтэй ихэр хөвгүүдээ дөнгөж хоёр ой хагастай байхад буюу 2009 онд өөд болжээ.