Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Ерөнхий сайд: Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрт оролцох Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталж, хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрээ хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллаж байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжууд бий болж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан, та бүгдийн зүгээс шахаж шаарддаг цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Тухайлбал, манай Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018, 2019 онд инфляцийн түвшинтэй уялдуулан тус тус 8.0 хувиар буюу нийтдээ 16.6 хувиар нэмэгдүүлэн тогтоолоо. Төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшнээс 27.5 хувиар нэмэгдлээ.
Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагчдын цалин дунджаар 20.0 хувиар нэмэгдсэн.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгоно” гэж тусгагдсан арга хэмжээг боловсрол, эрүүл мэндийн салбарт ажлын байрны үнэлгээ хийх замаар хийж гүйцэтгэлээ.
Засгийн газар дээрх шийдвэрүүдээр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх 2 арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг өсгөв.
МҮЭХ, МАОЭНХ, Засгийн газрын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 2019 онд 320.0 мянган төгрөг, 2020 онд 420.0 мянган төгрөгөөр тогтоосон. Энэхүү арга хэмжээний үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоогдон цалинжиж байгаа 100 мянга орчим хүний цалин хөлс 33.3 хувиар нэмэгдлээ.
Нийгмийн даатгалын хуулиудад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд 6 сараар буюу таван насаар нэмэгдүүлж 65 насанд хүргэхээр шийдвэрлэсэн нь монгол хүний дундаж наслалтын өсөлтөөс өндөр байна гэж олон нийт болон та бүхний зүгээс шүүмжилж байсан.
Иймээс Засгийн газраас даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд 3 сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн өргөн мэдүүлснийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн баталлаа.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт үндсэндээ биелж, 83.2 хувьтай байна.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрийг эхлүүлэх саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ирүүлсэнтэй холбоотойгоор “Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, Засгийн газраас баримтлах чиглэл болон талуудын саналыг тусган Улсын хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн түвшинд боловсруулах, хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлыг хариуцах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлан бэлтгэл ажлууд хийгдэж байгааг Ерөнхий сайд ярилаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудтай хамтран боловсруулж, 2018 оны 3 дугаар сард УИХ-д өргөн барьсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлтгэх дэд ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талуудын төлөөллийг оролцуулан ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцлыг эрхэмлэх нь чухал. Ойлголтуудаа нэгтгэж, хамтран ажиллахыг хүсэж байна гэлээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлууд, нийгмийн хамгааллыг сайжруулах, Монгол Улсыг хөгжүүлэхэд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоотой Засгийн газар цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл санал, хүсэлтээ хэллээ.
МЭҮ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Цалинг бодитой нэмлээ. Удахгүй хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны хэлэлцээрийг эхлүүлэх гэж байна гэлээ. Тэрбээр мөн Засгийн газар бүхий л шатанд сахилга, хариуцлагыг шаардаж ажиллаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Аймаг болон салбар хороодын төлөөлөл мөн санал хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Ерөнхий сайд тэдний асуултад хариулах үеэрээ,
-Монголын дайсан бол ажилгүйдэл. Ард иргэдээ ажилтай, орлоготой байлгахын төлөө Засгийн газар анхаарч ажиллаж байгаа. Аймгийн Засаг дарга нарын ажлыг дүгнэх гол үзүүлэлт нь ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах. Засаг дарга нар орон нутагтаа биенес эрхлэгчдийг дэмжиж, ажлын байр бий болгож байгаа жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэж, баялаг бүтээж байгаа болон үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжих ёстой гэдгийг үүрэг болгосон гэлээ.
Олон тулгуурт эдийн засагтай болох, тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байна.
Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийн өмч хөрөнгийг хураахгүй, хувийн өмчид халдахгүй. Хувийн өмчийг, бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дэмжинэ. Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ ээ. Ажлын байр бий болгож байгаа иргэдээ талархан дэмжинэ гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2 comments
ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ ГЭДЭГ ШҮҮ ХҮРЭЛСҮХ ЭЭ.ХЭЛСЭНДЭЭ ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ ИРЭЭДҮЙДЭЭ ГЭРЭЛТЭЙ БОЛОХ БОЛНО ГЭДЭГТ БАТ ИТГЭЛТЭЙ БАЙГАА ШҮҮ.ТАНД БОЛОН ТАНАЙ ЗГ-Т ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.АРД ОЛНЫХОО ТӨЛӨӨ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ 2-ГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭЭРЭЙ.МОНГОЛД ЖАРГАЛ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.
Ard irgediinhee ugiig sonsoj ajlaa sain hiigeed bval tumen olon demjinee…Zasag tur amlasnaa biyeluulj ajillahiig l sanuulj bna daa…