УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлалаа. Улс төрийн хүрээнд ээлжит бус чуулган зарлах талаар яригдаж байна. Энэ талаар таны байр суур ямар байна вэ?
-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах зайлшгүй шаардлага нь юу вэ гэдгийг эхлээд тодорхойлох ёстой. Тэрнээс хийх ажилгүйдээ чуулган зарлаж байгаа мэт асуудалд хандаж болохгүй. Өнгөрсөн намрын чуулганд 40-өөд гишүүн тодорхойгүй шалтгаанаар их хурлыг бойкотлоогүй байсан бол ээлжит бус чуулган зарлах шаардлага гарахгүй шүү дээ.
Төрийн ажлыг гацаах, хууль бус үндэслэлээр зогсоох нь өөрөө хуультай. Нэг талдаа шударга ёс яриад байгаа боловч нөгөө талдаа хууль зөрчиж, шударга, зарчимтай байх, төрд өргөсөн тангарагтаа үнэнч байх асуудлуудаа зөрчөөд байгаа юм. Шударга ёсны төлөө тэмцэхийг үгүйсгээгүй.
Өнгөрсөн хоёр сар хэртэй УИХ-ын чуулганыг бойкотолсон нь өөрөө шударга ёс гэж би харахгүй байгаа юм. Яахав янз бүрийн улс төрийн хэлбэрээр тэмцлээ хийж болно. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Явж явж тэд нар УИХ-ын даргыг олонхоор огцруулж болдог хуулийн төсөл оруулж ирж, тэрийгээ баталж, тэрнийхээ дагуу УИХ-ын даргыг огцруулж, орных нь хүнийг томиллоо шүү дээ. Анхнаасаа тэр хуулиа санаачлаад явахгүй яасан юм.
Тийм ээ. Өч төчнөөн сар төрийн ажлыг гацаалаа. Одоо ээлжит бус чуулган зарлана гэсэн зүйл ярьж байна. Яг ямар асуудал хэлэлцэх гээд ч байгаа юм. Хэд хоног хуралдах юм. Ямар зорилготой вэ гэдэг талаар ямар ч мэдээлэл алга. Их хурлын гишүүний хувьд надад ямар нэг мэдээлэл ирээгүй байна.
Чуулган хуралдах зайлшгүй шаардлага байгаа эсэхийг би мэдэхгүй байна шүү дээ. Үнэхээр шаардлага байгаа бол чуулган нь хуралдаж, би гишүүнийхээ хувиар эрх үүргийнхээ дагуу оролцоод явах ёстой.
-Шударга ёс гэдэг үг өнгөрсөн нохой жилд нэлээдгүй үнэ цэнээ алдлаа шүү дээ?
-Хэд хэдэн үгний үнэ цэнэ үгүй болсон. Шударга ёс, эх орон, ард түмэн гэдэг үгс нэлээд хүндтэй үгс. Энэ үгнүүдээр тоглолт хийсээр байгаад үнэ цэнийг нь унагаалаа. Шударга ёс ярьж, эх оронч гэж цээжээ дэлдэж, 60 тэрбумын хэрэг үнэн, МАНАН бүлэглэл, шударга ёсны хонгил гэж байдаг гээд л баахан ярилаа.
Тэрнийг нь Ерөнхий сайд нь хүлээн зөвшөөрлөө. Хууль зүйн сайд нь хүлээн зөвшөөрлөө. Үнэхээр шударга ёс яриад байгаа юм бол шударга ёсны ард хариуцлага гэдэг үг дагадаг юм. Үнэхээр шударга ёсны төлөө тэмцээд, үнэхээр МАНАН гэдэг бүлэглэл бий, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гээд 60 тэрбум гэх схемийг хийж, төрийн албыг наймаалцсан хэсэг хүмүүсийг буруутгах гээд байгаа.
Үүнд Сөрөг хүчний намын даргын хувьд үг хэлэхэд танай намын дарга чинь 60 тэрбумыг хүлээн зөвшөөрчихлөө. 60 тэрбумын процесст У.Хүрэлсүх өөрөө оролцсон. Тэр схемийг зохиосон хүмүүстэй тэврэлдээд сууж байгаа зураг хөрөг гээд бүх юм нь л гарчихсан шүү дээ. Тэр шударга ёс гэж яриад явж байгаа нөхдүүд ч 60 тэрбумын схемийн үйлд явдалд оролцогсод байгаа юм.
Хэрвээ 60 тэрбум үнэн юм бол УИХ-д сууж байгаа 64 гишүүн бүгд хариуцлага хүлээж, огцрох ёстой. Тэр битгий хэл МАН татан буугдах ёстой. Яагаад гэвэл Монгол төрийн эрхийг хууль бусаар, хуйвалдааны замаар авсан байна. Хоёрдугаарт, 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтээс одоо хүртэл нэг нь ч биелээгүй.
Тухайлбал, өрийг нэмэгдүүлэхгүй гэсэн. Одоо нийт гадаад өр дөрвөн тэрбум доллараар өсчихсөн явж байна. Инфляцийг нэмэгдүүлэхгүй, нэг оронтой тоонд барина гэсэн хаана байна. Инфляцийг өнөөдрийн байдлаар 8.6 хувь гэж зарлаад байгаа боловч, албан бус тооцооллоор 26 хувь байна.
Өнөөх бензин, шатахууны үнийн нэмэгдэл, долларын ханшийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдлүүд гээд яриад байвал олон юм бий. Гэтэл өөрсдөө эдийн засаг 6.2 хувьтай өсч байна гээд л гайхуулаад байна. Гэвч эд нар нэг ч баялаг бүтээгээгүй. Нэг ч бүтээн байгуулалтын ажил хийгээгүй шүү дээ. Төсвийн орлого нэмэгдүүлэх нэг ч шинэ эх үүсвэрийг бие болгоогүй байхгүй юу.
-Ямар үндэслэлээр эдийн засгийн өсөлт гарч байна гэсэн үг үү?
-Өнөөдөр Монголд байгаа уул, уурхайн түүхийн эдүүдийн гадаад зах зээл дээрх үнийн өсөлт нь нэлээн өндөр байгаа. Тэр нь одоо хүртэл хадгалагдаад байгаа юм. Тиймээс Монголд орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Нэг үгээр хэлбэл 2016 онд нэг тонн зэсийн баяжмал 4200 доллар байсан.
Гэтэл энэ жил оргил үедээ 7000 доллар хүрсэн. Өнөөдөр 6700 гаруй доллар байна. Төмрийн хүдэр, нүүрс, бусад уул уурхайн түүхий эдүүд бүгд өсөлттэй байгаа шүү дээ. Энэ бүгд гадаад зах зээл дээр эдийн засгийн таатай нөхцөлийг бие болгож өгч байна. Хоёрдугаарт, тэндээс орж ирж байгаа мөнгөний урсгал нэмэгдэж байна. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх замаар эдийн засгийн өсөлт гарч байгаа юм.
Тэр 6.2 хувийн өсөлтөөр орж ирж байгаа тэр их мөнгө, дээр нь өнгөрсөн гурван жил орчим хугацаанд дөрвөн тэрбум доллар буюу маш их хэмжээний мөнгийг гадаад зах зээлээс оруулж ирлээ. Зээл, тусламж, бонд хэлбэрээр. Тэр мөнгөөр өнөөдөр ямар бүтээн байгуулалт хийв. Авсан мөнгөөрөө бид ийм бүтээн байгуулалт хийлээ, ийм үйлдвэр барьсан, тэдэн ажлын байр нэмэгдүүлсэн гээд хэлчих юм юу байна вэ. Байхгүй.
Ерөнхий сайдын ярьдаг гурван зүйл л байдаг шүү дээ. Нефтийн үйлдвэр барина, дотооддоо нефтийн хэрэглээгээ хангадаг болно гэж. Гэтэл тэр нефтийн түүхий эдээ хаанаас авах гэж байгаа юм. Тамсагийн нефтийн олборлолтоос үйлдвэрлэлтийн түүхий эдээ хангаж чадах уу. Хоёрдугаарт, ямар зардал гарах вэ. Гарч байгаа бензин нь ямар үнэтэй байх юм. Мэргэшсэн боловсон хүчин нь хаана байна. Одоо тэр үйлдвэр нь эхлээгүй л байж байна шүү дээ. Хэдэн км зам л тавьсан байх. Тэр нь өнөөгийн эрх баригчдын эхлүүлсэн ажил биш.
2015 онд Энэтхэгийн ерөнхий сайд Наренда Моди ирээд, парламентад үг хэлж, нэг тэрбум долларын нэн хөнгөлөлттэй зээл тусламж үзүүлэхээр болоод буцсан. Тэр мөнгө л өнөөдөр нефтийн үйлдвэр барих гээд яваад байгаа мөнгө шүү дээ. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжийн асуудлыг их хөнддөг. Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжийг барина л гэсэн. Одоо хүртэл мөн л эхлээгүй байж байна.
Хуучин цэвэрлэх байгууламжийнхаа үнэрийг дарах төдийгөөр л аргацааж байгаа. Гуравдугаарт, саарал ус, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлнэ, саарал усыг ашигладаг болох байгууламж бие болгоно гэсэн. Одоо хүртэл мөн л эхлээгүй байна. Яриа төдий байна. Ярьж байгаа гурван ажил нь л энэ. Эдгээр ажлууд нь өнөөдөр бодит амьдрал дээр хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Одоо нэг жил үлдлээ. Хэзээ эхэлж, дуусгах юм.
Бүтээн байгуулалт ер хийгдээгүй. Нэг км зам ч ахисангүй. Хуучин эхлүүлчихсэн байсан ганц нэг замыг дуусгасан байх. Ийм байдлаар МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх ямар ч боломжгүй харагдаж байна. Өрийг өрөөр дарахгүй гэсэн. “Чингис” бондыг хугацаанд нь төлөхийн тулд “Гэрэгэ” гэдэг бонд босгосон.
Энэ нь “Чингис” бондоосоо илүү өндөр хүүтэй. Эргэн төлөгдөх хугацаа нь 2021 он. Европын холбооны улсуудаас авсан “Евро” бондын өр тулаад ирсэн. Сү.Батболдын Засгийн газар 2011 онд авсан бонд шүү дээ. Тэр бондыг дарахын тулд “Хуралдай” гэдэг бонд гаргасан. Тэр нь мөн л “Евро” бондынхоо хүүнээс илүү өндөр. Хүүний зөрүүг хэн төлөх вэ. Ард түмний татвараар төсөв төлнө. Эд нар яг бодит орлогоос хуримтлал бие болгох замаар энэ өр зээл бондын төлөлтийг хийгээгүй шүү дээ.
Дандаа өрийг дарахын тулд, өндөр хүүтэй бонд босгох замаар төлнө. Энэ зээл дарж байгаа хэлбэр биш шүү дээ. Төлөх хугацааг нь л хойшлуулж байгаа юм. Харамсалтай нь төлөх хүү нь л нэмэгдсэн. Хүүний төлөлтөөр бид маш их хохирол амсаж байгаа шүү дээ. Энэ бүх байдлыг харахаар Монгол орны нийгэм эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Маш их боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай нь энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй.
-ЖДҮХС-гийн асуудал нэлээн орхигдоод байх шиг….
-Дундаж давхаргыг дэмжих гол боломж нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан байдаг. Энэ сан 580-аад тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж, санхүүжүүлсэн байдаг. Гэтэл эндээс эргэн төлөгдөөгүй олон тэрбум төгрөгийн зардал нэгдүгээрт байна.
Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар 20, 30 тэрбум төгрөгийг эрх мэдэлтнүүд, УИХ, Засгийн газрын гишүүд нь мэдээлэлд ойр байдаг давуу эрхээ ашиглаж тэрбум, тэрбумаар нь аваад идчихсэн. Тэрийгээ зээл гэж яриад байгаа юм. Зээл биш. Энэ бол хөгжлийн банкнаас олгож байгаа хөгжлийн зээлтэй адилхан ЖДҮХС-гаас олгож байгаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих сангийн мөнгө юм.
Энэ мөнгө бол тодорхой дундаж давхаргыг дэмжсэн ажлын байрыг нэмэгдүүлэх зориулалттай. Ийм мөнгийг авсан нөхдүүд өөрсдийн банк бус санхүүгийн байгууллага, банкаар дамжуулаад мөнгө хүүлсэн. Тухайлбал, Хас банк жилийн хамгийн бага буюу 24 хувийн хүүтэй. Гэтэл эд нар жилийн гуравхан хувийн хүүтэй ЖДҮ-ийн зээлийг аваад жилийн 24-өөс дээш хувийн хүүтэйгээр мөнгө хүүлж байна. Энэ чинь мөнгө хүүлэх гэмт хэрэг байхгүй юу.
Шударга ёс гэдэг зүйл энд алдагдаад байгаа юм. ЖДҮХС-гаас мөнгө завшсан этгээдүүдэд хариуцлага тооцъё гээд хууль хяналтын байгууллага нь оруулаад ирэхээр янз бүрийн шалтгаан хэлж байгаад аваад үлдчихэж байгаа юм. Тэгсэн мөртлөө 60 тэрбум, МАНАН гэдэг зүйлийг ярина. Сүүлдээ олон түмний тархийг яаж угааж байна гэхээр МАНАН, 60 тэрбумтай холбоотой шударга бус үйлдлүүдийг илрүүл.
Шударга ёсыг тогтоо. Тэр ЖДҮ жижиг асуудал гэнэ. Хулгайд жижиг, том гэж байдаг юм уу. Хулгай л бол хулгай. ЖДҮ-ийг цайруулах гэсэн ийм тархи угаалт нийгэмд их явж байна. Хариуцлага хүлээж сурах ёстой. Үнэхээр шударга ёс ярьж байгаа юм бол ард нь хариуцлага гэдэг зүйлийг заавал тооцож, үүрүүлж чаддаг байх ёстой.
-АН-ын бүлэг хэрхэх болсон бэ?
-Биднийг бүлэггүй болчихлоо. Бүлэггүй болохоор нам ажиллаж чадахгүй болчих юм шиг яриад байгаа. Үгүй л дээ. Манайх үндэсний хэмжээний том нам. Бүх 330 сум, 152 хороонд намын үүртэй. 200 гаруй мянган гишүүнтэй. Энэ эрх баригчидтай гол өрсөлдөх боловсон хүчний болоод үйл ажиллагааны чадамжтай нам бол манай нам.
АН-ын хувьд анх удаагаа бүлэггүй болох гэж байгаа юм биш. 2004 онд тухайн үеийн хуулийн нөхцөл байдлаас болж, бүлэггүй болоод зөвлөл байгуулагдаад хоёр жил гаруй ажиллаж байсан. 2012 онд өнөөгийн эрх баригч МАН мөн хуулийн зохицуулалтаас болоод бүлэггүй жил гаруй явсан.
Дараа нь хуульд засвар оруулж байж бүлгээ байгуулж байсан гэх мэт туршлагууд бий. Нөхцөл байдал ийм байдалд хүрч байгаа бол бидэнд зөвлөлөө байгуулаад явах бүрэн боломж бий. Хоёрдугаарт, бүлэг дээр манайх хэт цөөнх байгаа. Бид нарт байгаа ганцхан боломж нь завсарлах. Зургаан хүний цалингийн асуудал, завсарлагын асуудал байгаа. Өөр санаа зовох асуудал алга. Одоо жил гаруй хугацаа л үлдэж байна.
Энэ хугацаанд бид бүлгээ тасралтгүй үйл ажиллагааг нь явуулаад, зохион байгуулалтад оруулж, бүлэг гэдэг үгийг зөвлөл гэдэг нэрээр солиод явах бүрэн боломжтой нэгдүгээрт. Хоёрдугаарт, бүлэг татан буугдах эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Өнөөдөр Л.Болд гишүүний өгсөн өргөдлийг АН-ын дунд шатны намын байгууллага яаж шийдэхээс их зүйл хамаарна. Дунд шатанд ямар нэг шалтгаанаар Л.Болд гишүүнийг гишүүнчлэлээс хасах боломжгүй гэдэг хариу өгвөл дахиад л энэ асуудал дээр маргаан үүснэ.
-АН цаашдаа яах вэ. Ээлжит бус сонгууль зохион байгуулна гэсэн байр суурьтай байсан шүү дээ?
-Бид өнөөдрийн УИХ-ыг чадамжгүй гэж харж байгаа. Эрх барьж байгаа нам нь 65 гишүүнтэй байсан. Нэг гишүүн нь хууль зөрчсөн үндэслэлээр бүрэн эрхээсээ цуцлагдаад гарсан. Үлдсэн 64 нь дотроо хоёр хуваагдчихсан. Ер нь өнөөгийн эрх баригчид бүх шатандаа хоёр хуваагдчихсан байгаа шүү дээ. 20 аймаг дээр эрх барьж байгаагаас миний мэдэхийн 18 аймаг дээр хуваагдалтай байна.
Нийслэл дээр хуваагдалтай байна. Энэ нөхцөл байдал юуг харуулж байна вэ гэхээр эрх барьж байгаа нам өнөөдөр эрх барих хэмжээнд ажиллах чадамжгүй болжээ гэдэг дүгнэлтийг бид хийж байгаа. Дээр нь мөн 60 тэрбумын схемээр төрийн эрхийг хууль бусаар авсан нам гэдэг утгаараа хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Тиймээс цаг алдаж олон түмний өмнө хүлээсэн үүргээ умартаж байхын оронд, улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд бодит дүгнэлт өгөөд эртхэн тараад, ард түмнээрээ дүнгээ тавиулаад, дараагийн ээлжит бус сонгуулиа явуулж, шинэ парламентыг бүрдүүлэх замаар төрийн хямралыг арилгаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
-УИХ-ын даргаар Г.Занданшатар томилогдлоо. Та үүнийг хэрхэн дүгнэж байна вэ. Хувь хүн талаасаа хурал даргалах чадамжтай гэж харж байна уу?
-Одоо дүгнэлт өгөхөд эрт байна. Сайн, муу нь мэдэгдээгүй байна. Хувь хүнийх нь хувьд мэднэ. Парламентад удаа дараа сонгогдож байсан хүн. Их хурлын дарга гэдэг бол хариуцлагатай албан тушаал. Энэ түвшинд яаж ажиллах нь уу. Хэлж мэдэхгүй байна.
Эх сурвалж: ulsturch.mn
4 comments
Erdene nobs oo!!!cham sig tenegyyd Mongold baigaa ni Mongoliin nam hiigeed ylas ornii dotoodiin yil yabzad saijral hezee ch garahgyin dohio?cham sig luibarchin hydal dyr esgegch,mengenii luibartaigaan hamt zailbal taarna!daanch Mongol ylas togtbortoi hegjih hiigeed erh cheleet baidald ni hajuugiin cham sig nobsnyyd daramt saardlaga ychiryyldag baihgyi yu?…iimees cham metiig ni ygyi hiij baij l Mongoliin zaasidiin yil heregt Nemer boloh biz?Tyynees bys?cham sig tenegyyd ikhe hyrald hyyli togtooh baigyylagad baisaar baih chagt ene Mongol ylasd gerel gegee daanch baihgyi ee!!!!lalaryyd aa!!!eersdee toniloj amia horloj zailaach ee!!!ta naraar yah gej Mongol hyn bailgaj baigaag oilgoj bna uu?Ludnuud ee!!!
Хайран Ардчилсан Нам , олон хүний олон жилийн итгэл үнэмшил амьдрал зүтгэлийг энэ Эрдэнэ гэдэг хүн үгүй хийж байна. Энэ Ардчилсан намыхан яасан тэнэг мулгуу улс вэ ийм дарга нэртэй гэмт хэрэгтэнг байлгаад л байх юм.
ЭНЭ БАХ МЭЛХИЙ АН-Г БҮР ҮГҮЙ БОЛГОЖ БАЙНА
Хэлж бгаа нь эрдэнэ болохоос биш хүрэлсүхийн засгийн газар түүхэнд байгаагүй хамгийн чадваргүй хамгийн их хэл ам дагуулсан хэрүүл хийхээс өөр улс оронд нааштай зүйл хийгээгүй өс санаж ажилладаг онцгүй ерөнхий сайд баыхаар яаж улс орон өөдлөх вэ дэ. Үнэн л юм ярьж