Шарсан тахианы сүлжээ ресторан КFC-ийн Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлалтай салбарт энэ сарын 9, 10, 11-нд хоол идсэн хүмүүс хоолны хордлого авсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрэг явдлыг тодруулахаар өчигдөр (2019.02.14) 18 цагийн үед ХӨСҮТ-ийн эмч нараас тодруулах гэсэн боловч жижүүр эмч нь мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тайлбарарласан юм.
Гэхдээ ХӨСҮТ-ийн энэ эх сурвалж KFC сүлжээ хоолны газраас хордлого авсан иргэд ирсээр байгаа хэмээсэн. Манай сурвалжлах баг өнөөдөр энэ тухай мэдээллийг тодруулахаар Нийслэлийн МХГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс лавлахад өнөөдөр байцаагч нар хоолны хордлого гарсан КFC-ийн Зайсан дахь салбарт ажиллахаар явсан гэсэн юм.
Мөн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд өгсөн, хамгийн эхний шинжилгээний хариу нь тав хоногийн дараа гарна гэлээ. Шинжилгээний дээжийг Нийслэлийн МХГ хоёр хоногийн өмнө авсан юм байна. НМХГ-ынханд таван хүүхэд хордлого авсан гэсэн мэдээлэл байгаа юм байна.
Биднийг KFC-гийн Зайсан дахь салбарт очиход хаалган дээрээ “дотоод ажилтай” гэсэн бичиг хадсан байсан энэ газарт Мэргэжлийн хяналтынхны хэлсэнчлэн тэнд мэргэжлийн байгууллагууд үзлэг шалгалт хийж байлаа.
Рестораныхнаас хоолны хордогын талаар тодруулга авах гэсэн гэсэн болов ч эмэгтэй үүдэн дээрээ угтан авч, шалгалтын ажил явагдаж байгааг дурдаад, илүү тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Олон хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр тэд ямар ч тайлбар өгөхийг хүссэнгүй.
Рестораны ажилтан эмэгтэй бидэнд хэлэхдээ “Бид хуралдаж байна. Түүний дараа бид өөрсдөө ямар ч байсан тайлбар мэдээлэл өгнө. Онцгой байдлын газрынхантай хамтарч байгаа. Одоо Мэргэжлийн хяналтынхан ирээд шалгалт хийж байна. Шинжилгээ өгнө. Тэгж байж албан ёсоор мэдээлэл хийнэ” гэв.
Хохирогчдын зүгээс тэдэнд хандсан эсэхийг лавласан боловч ямар ч хариу хэлэлгүй, биднийг хаалгаараа гаргаж, дотроосоо түгжлээ. Ийнхүү сурвалжлах баг ХӨСҮТ-ийг зорьлоо.
ХӨСҮТ-ийн эмч нар, холбогдох албан тушаалтнууд мэдээллийн талаар тодруулга өгөхдөө дурамжхан байна. Зарим нэг албан тушаалтны өрөө цоожтой, утсаар ч холбогдож чадсангүй.
Гэхдээ бид хордлогод орсон хүмүүсийг эмчилж байгаа Гэдэсний халдварын III тасаг руу очлоо. Энэ тасагт одоогийн байдлаар хордого авсан 20 орчим хүн хэвтэж байгаа гэж эмчлүүлж байгаа 9 настай хүүхдийн ээж хэлж байв.
Хордлого авсан есөн настай энэ хүүхдийн эмээ нь гэх нэрээ хэлэхийг хүсээгүй эмэгтэйгээс цөөн асуултад хариу авлаа.
-Танайхан энэ сарын хэдний өдөр, хэдүүлээ тус салбараар хэзээ үйлчлүүлсэн бэ?
-Энэ сарын 10-нд нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд, бид гэр бүлээрээ, арван хэдүүлээ КFC-ийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн. Хамт явсан томчууд ч бас хордолого аваад гэр орондоо байж байна. Гүйлгэж, халуурсан байдалтай байж байна. Одоо эмнэлэгт 9 настай нэг хүүхэд маань хэвтэж байна. Ээж нь сахиж байгаа.
-Хүүхэд нь хэзээ ирж хэвтэв?
-Өчигдөр орой 6-7 цагийн үед ирж хэвтсэн.
-Ямар хоол авч идсэн бэ. Юунаас хордсон гэж таамаглаж байна?
-Янз бүрээс нь авч идсэн. Бургер, пицца, тахиа гээд л янз бүрийн хоол авч идсэн. Тэдний зүгээс холбогдох хууль хяналтынханд хандаж байгаа. Ямар хоолноос хордсон нь шинжилгээгээр л гарах байх гэсэн юм.
Биднийг ийн ярилцах зуур 9 настай хүүхдийнх нь ээж З гарч ирэв. Түүнээс хүүхдийн биеийн байдлыг асуухад дусал хийлгэж, эм ууж байгаа гэнэ. Ерөнхийдөө хэвтэж байгаа хүүхдүүд бүгд л гүйлгэсэн, бөөлжиж халуурсан байдалтай байна гэдгийг хэлсэн юм.
Тус тасагт KFC-гийн хоолноос хордлого авсан хэчнээн хүн байна гэж тодруулахад тэрээр 20-иод хүн байх шиг байна гэв.
Эмнэлгийн нэг тасагт КFC-ийн хоолноос хордсон 20 орчим хүн хэвтэж байгаа, нэг айлын 10 гаруй хамаатан нэг дор хооллоод, тэдний нэг нь эмнэлэгт хэвтэж байгаа. Зарим нь гэрээрээ эмчлүүлж байна гэсэн хохирогчдын ярианаас үзвэл хоолны хордого авсан хүмүүсийн тоо нэлээн өндөр гарахаар байна.
Я.ХУЛАН, Б.БОЛОРМАА